Caakmedee

Баян орнууд хүн амаасаа гурав дахин их вакцин авч байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2020/12/10


Баян орнуудын засгийн газар хэрэгцээнээсээ илүү, тэр байтугай зарим нь хүн амынхаа тооноос гурав дахин их вакцин захиалан авч, нөөцөлж байхад буурай орнууд халдварыг аль болох олон хүнд тараахгүй байхын төлөө тамираа тасартал ажиллаж, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй айдас дунд өдөр хоногийг өнгөрөөсөөр байна хэмээн мэргэжилтнүүд санууллаа.
Олон улсын сайн дурынхны "Ард түмний вакцины холбоо” нийгэмлэгийн тооцоолсноор 70 орчим орны засгийн газар арайхийж 10 хүн тутмынхаа нэгийг л вакцинжуулах чадалтай байгаа бол зарим баян орнуудын Засгийн газар бүх иргэнээ гурван удаа ч вакцинжуулж болохоор их вакцин худалдан авсан байна.
"Эмнести" сайн үйлсийн нийгэмлэгийн нийгмийн шударга ёс, эдийн засгийн салбарын дарга Стефен Кокбурн “Баян орнуудын вакцин хэт ихээр нөөцлөн авч байгаа нь дэлхийн хаа сайгүй, хүн бүрийг цар тахлаас хамгаалах гэсэн олон улсын хүчин чармайлтыг асар ихээр хойш татаж, доромжилж байна. Баян орон мэдээж өөрийн ард иргэдийг өвчнөөс хамгаалах, дархлаажуулах бүрэн эрхтэй ч бусадтай хамтран ажиллаж, хэрэгцээтэй байгаа орнуудад туслах үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй” хэмээн ярьжээ.
"Оксфам" сайн дурын нийгэмлэгийн эрүүл мэндийн бодлогын менежер Анна Марриотт мөн “Хэн ч аль улсад амьдардаг, халаасандаа хэр мөнгөтэй зэргээсээ болж адлагдаж, амь аврагдах боломжоо алдаж болохгүй. Гэвч зарим баян орны хувиа хичээсэн байдлаас харахад дэлхий даяар хэдэн тэрбум хүн мөддөө вакцин тариулж чадахгүй бололтой” хэмээсэн байна.
Дэлхийн хэд хэдэн улсууд вакцин бүтээгчидтэй аль хэдийн олон сая тун вакцин захиалан гэрээ хийсэн билээ. Мэргэжилтнүүд энэ асуудлаас болж зарим буурай орнууд вакцины бараа хартлаа хэдэн жил, тэр байтугай зарим орон 2024 он хүртэл вакцин авах ямар ч боломжгүй болно хэмээн сэрэмжлүүлж байсан юм. Харин АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах газар өнөөдөр (2020.12.10) хуралдах бөгөөд 24 цагийн дотор Pfizer-ийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхээ шийдэх юм.
"Guardian" агентлагийн тооцоолсноор, дэлхийн хүн амын 14 хувийг эзэлдэг баян орнууд хамгийн үр дүнтэй вакцинуудын 53 хувийг худалдаад авчихсан аж. Тэдний дундаас Нэгдсэн Вант улс энэ долоо хоногт вакцинжуулалтаа эхлүүлсэн байна.
"Ард түмний вакцины холбоо" нийгэмлэг “Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин хэрэглээнд нэвтэрч эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ одоо бүх вакцин үйлдвэрлэгч мэддэг бүхнээ, мэдээллээ, технологио бусадтай хуваалцах нэн шаардлагатай чухал үе бидний өмнө тулж ирээд байна. Бидэнд эрүүл энх хүн төрөлхтний төлөөх вакцин хэрэгтэй болохоос биш эд хөрөнгийн төлөөх вакцин хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Гэхдээ зарим компани вакцины хуваарилалтыг шударга байлгахын төлөө ажиллахаа амлажээ. Жишээлбэл, Johnson& Johnson компани бүтээсэн вакцинаа буурай орнуудад зарж мөнгө олох арга болгохгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд AstraZeneca компани ч гэсэн вакцинаараа мөнгө олохыг зорихгүй байгаа талаараа мэдээлсэн байна.
Гэвч дээрх компанийн амлалт дэлхийн бүх хүнд вакцин хангалттай хүрэхэд хангалтгүй юм. ДЭМБ-ын санаачилсан хүн бүрт вакцин хүртээмжтэй байлгах Covax кампанит ажил хэдийн эхэлсэн ч энэ нь мөн л хангалтгүй юм.
БНХАУ-ын зүгээс бүтээсэн аль ч вакцинаа дэлхийн сайн сайхны төлөө зориулна хэмээн амласан байна. мөн Хятадын Sinopharm компанийн бүтээсэн вакцин 86 хувийн үр дүнтэй гэдэг нь сүүлийн үед Арабын нэгдсэн Эмират улсад болсон эцсийн шатны туршилтаар батлагдсан билээ.
Дээрх байгууллагуудаас өөр хэд хэдэн байгууллагууд ч гэсэн вакцин бүтээгчдийг мөнгөний төлөө биш хүн төрөлхтний төлөө ажиллаж, бүх улс оронтой хамтрахыг уриалж байгаа юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDERскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу