Монгол Улс COVID19 цар тахлыг эсэргүүцэн тэмцээд бүтэн 11 сар болов. Арав дахь сараас дотооддоо алдаж, тахал халдварласан хүний тоо өчигдрийн байдлаар 917 болсон байна.Хамгийн гол нь халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр төр ч, олон нийт ч тайвшрах цаг болоогүй. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч өнгөрсөн сар гаруйн хугацаанд мөрдсөн хатуу дэглэмийг үргэлжлүүлэх ёстой гэсэн үг.
Угаасаа хатуу хөл хорионы дэглэмийг бууруулсан нь улс төрийн шийдвэр болохоос биш нөхцөл байдал сайжирсан хэрэг огт биш.Маш ноцтой нь дэлхийн бараг бүх улсад аюул дагуулан тарж буй COVID19 цар тахлын хэдэн голомт Монголд байгаа нь тодорхой бус байгаа юм.
Төмөр зам, авто тээврийн зам дагаж халдвар дагасан гэх албан бус дүгнэлтийг хийцгээсэн. Гэхдээ халдвар хаанаас ч гарсан бай эмчилдэг “төв цэг” ганц л бий. Тэр нь Халдварт өөвчин судлалын үндэсний төв буюу товчилбол ХӨСҮТ юм.
Харамсалтай нь ХӨСҮТ маань цар тахлын бас нэг голомт болсон нь тодорхой боллоо.
Учир нь тэндхийн эмч, сувилагч, ажилтнууд нийлсэн арав гаруй хүн халдвар аваад байна. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч , арваннэгдүгээр сарын 10-нд ХӨСҮТ-ийн эмч , арваннэгдүгээр сарын 11-нд ХӨСҮТ-ийн эмч , арваннэгдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-ийн эмч, ажилтан, арваннэгдүгээр сарын 14-нд ХӨСҮТ- ийн эмч, хоёр асрагч, арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ- ийн ажилтан, арванхоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч, арванхоёрдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн сувилагчаас илэрсэн.
Анх 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авахад тус төвийн дарга Д.Нямхүү “...Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Эмч сувилагчид 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Ажлын баг хамт олон хяналтад байгаа” гэж байв. Ариутгал, хамгаалалтыг ямар түвшинд сахих вэ гэдгийг хамгийн сайн мэдэж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар ингэж халдвар аваад байгааг ганц л шалтгаантай холбоотойг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэр нь ХӨСҮТ өөрөө цар тахлын голомт болчихсон гэж байна.
Бүтэн жил шахам COVID19 цар тахлын халдвартай хүмүүсийг бөөгнүүлсэн, бас уушигны сүрьеэ, ясны сүрьеэ, арьс өнгөний өвчин, ДОХ/БЗХӨ, гепатит, томуугийн халдвартай өвчтөнүүд тэнд эмчлүүлдэг.
Ер нь бол ХӨСҮТ нь 1924 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газар, Цэргийн зөвлөлийн шийдвэрээр дотор-сүрьеэгийн алба байгуулснаар анх сүрьеэтэй тэмцэх алба үүссэн түүхтэй. 1934 он гэхэд сүрьеэ өвчнийг эсэргүүцэх газар гурав болж, мөн сувилал нэмж байгуулсан байна.1936 онд Улсын төв эмнэлгийн дэргэд сүрьеэтэй өвчтөн эмчлэх 15 ортой тасаг нээж, 1943 онд улсын сүрьеэгийн төв диспансер, 1946 онд 15 ортой айраг-сувилал байгуулагдсан.
1940 оны гуравдугаар сард бактер шинжилгээний газарт халдвар судлалын тасаг байгуулсан. 1942 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариун цэвэр халдвар судлалын тасаг байгуулж 1948 оноос станц болгосон. 1958-1970 онуудад улс, орон нутгийн хэмжээнд ариун цэвэр халдвар судлалын нэгж тусламжийн албадыг нэгтгэн Халдварт өвчин судлалын төвийг байгуулсан. Засгийн Газрын 1994 оны наймдугаар р сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоолоор ХӨСҮТ байгуулагдсан.Халдвартын эмнэлэг нь 1947 оны зургадугаар сарын 20-нд Улсын төв эмнэлгээс салбарлан 200 ортой үндсэн таван тасагтай, 86 орон тоотойгоор Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагджээ. Тус эмнэлэг нь 1947-1967 онд дотор 400 ортой долоон тасагтай клиникийн болон бактериологи, биохимийн лаборатори, угаалга ариутгал, рентген, электрокардиограф, мэс засал, эмгэг анатомын тасагтай, архаг цусан суулгатай хүүхдийн 60 ортой ясли, зарим халдварт өвчний кабинет, номын сан, радио узел бүхий эмнэлэг, үйлчилгээний 22 салбартай Халдвартын төв эмнэлэг болсон.
1981 онд 329 дүгээр тогтоолоор Халдвартын төв эмнэлэгт 200 ортой хүүхдийн халдварт өвчнийг эмчлэх больницийг нэгтгэн 725 ортой, 12 тасагтай, найман туслах тасаг салбартай, 700 гаруй эмч, ажилчидтай клиникийн эмнэлэг болжээ. Улмаар Эрүүл мэндийн сайдын 2001 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийг байгуулсан байна.
Харин хэдэн өдөр дараалан эмч, сувилагч нарт нь халдаж буй явдал бол ХӨСҮТ, тус төвийн ойр орчим ч халдварын аюултай бүс болсныг харуулсан явдал гарч байна. Тухайлбал, тахлын халдвар илэрсэн “Рапид мед” эмнэлэг бол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур” хорооллын ард буюу ХӨСҮТ-ийн зүүн талд байрладаг.
ХӨСҮТ-ийн байршил хүн олноор цугладаг “Нарантуул” захтай маш ойрхон, зам харилцааны нэг шугам дээр байрладаг. Тус зах ажиллаж байгаа нөхцөлд эрсдэл маш өндөр болно. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ, “Нарантуул” захаар орсон хүмүүсийн нийтийн тээвэр, бусад зорчих зам талбай нь нэг гэсэн үг. Мөн ХӨСҮТ-ийн эргэн тойронд орон сууцны хороолол олонтой. Энэ бас нэг эрсдэл ажээ.
Ингэхээр ХӨСҮТ-өөс COVID19 цар тахлын халдвар тархах эрсдэл өдөр ирэх тусам улам ихсээд байгаа юм. Тиймээс одоо аюулыг багасгах ганц л арга байна. Тэр нь ХӨСҮТ-ийг яаралтай халдваргүйжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй болжээ. Ариутгал хийгээд лацадна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, ингэж халдваргүйтгэл хийгээд ХӨСҮТ-ийг хотын зах руу өөр газарт шилжүүлэн байршуулах шаардлага тулгараад байна.
Дашрамд хэлэхэд, хотын төвдөө халдварын эмнэлэг нь байдаг улс манайхаас өөр олон байдаггүй. Хуучин нийгмийн үед, хот ингэтлээ тэлээгүй байхад ХӨСҮТ-ийг хотын зүүн өмнөд хэсэгт байршуулсан гэдэг. Харин одоо хот тэлж, ХӨСҮТ хотын төвд “орж ирсэн” байна.
Б.Дамдин-ОчирЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин