Caakmedee

Ерөнхий сайдаасаа болгоомжил!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/07/20
 
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш чимээ сураггүй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд “айлчлал” хийв.
Учир нь энэ боомт нь Монголын эдийн засгийн урсгалын  гол “хаалга” бөгөөд түүгээр манайхаас гарахгүй, урдаас орж ирэхгүй болоод байсан юм. Монголд орж ирэх ачаа Хятадын Эрээнд овоорч, Монголоос гарах ачаа хилийн наана гацчихаад байв. Хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн хөлс өдрөөр, бараг цагаар өсөөд сүйд болж байлаа. Ерөнхий сайд гэнэт Замын-Үүдийг зорьсон шалтгаан нь энэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүдэд ажиллах үед тус боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг ариутгадаг хаалга “олны танил” болсон. Тэр нь дориухан малчны хонь “угаах” хэмжээний төхөөрөмж байв. Ариутгалын хаалгын “бүтээн байгуулалт”-ын зардлын нүд бүлтийлгэсэн тоо сэлт нь хэвлэлээр гарлаа. Арай  үгүй байлгүй гэмээр өндөр өртгөөр бүтжээ.
 
Харин Ерөнхий сайд тэр ариутгалын хаалгыг харчихаад “...Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэчихээд л яваад өгсөн. Хэн нэгнийг загнасангүй, заамдсангүй.
Тэгээд Замын-Үүд дэх төрийн хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцчихаад буцсан тухай Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн.
Гэхдээ эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайд буцахдаа “...Та хэд албаар нугалаа үүсгэж, энэ бөөгнөрөлийг бий болгосон бол надад битгий гомдоорой. Ерөнхий сайд энд ирж байгаа нь арга барсан хэрэг шүү” гэж Замын- Үүд дэх хууль хяналтын байгууллагынханд хэлчихээд хөдөлжээ.
Тэгж ирээд даваа гаригт нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, Зам-Үүдийг цэгцлэх ажлын хэсэг томилов. Хуулийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж, долоон албан тушаалтныг саатуулан шалгаж эхэлсэн.
Ингээд Замын-Үүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага болох мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэргийн дарга нарыг солив. Одоо шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Олон нийт шалгалтын дүнг анхааралтай ажиглаж байна. Үнэхээр ч Замын-Үүд зэрэг боомтууд авлигагүй нээгдэж, монгол хүн бүр чөлөөтэй нэвтэрч байх нь өнөөдөр нэн чухал болоод байгаа юм.
Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТҮТ-өөс олгодог олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийн ар дахь авлигын асуудлыг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг албан ёсоор шалгаад эхэлжээ.
Үүнээс гадна Засгийн газрын энэ хуралдааны өмнөх өдөр, бүтэн сайны өглөө С.Ганбат генералыг саатуулсан нь Замын-Үүдийн асуудалтай холбоотой гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.
Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг дунд, доод шатны авлигатай хийх тэмцэл хэмээсэн агуулгатай мэдэгдлүүдийг удаа дараа хийв.
Тэгэхээр цаашдаа төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал шахагдаж гарах бололтой.
Замын-Үүд эхлэл нь бөгөөд цаашлаад Гашуунсухайт,  тэдгээр дэх гааль, мэргэжлийн хяналтынхны булхайнууд дэлгэгдэж мэдэх юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо “...Авлигын индексийг бууруулна” гээд маш энгийн зүйл яриад эхэллээ. Авлигын индекс гэж дэлхийн улс орнуудын төрийн албан тушаалтан, улстөрчдийн дунд авлига хэрхэн газар авсан талаарх авсан судалгааны дүнгээр байр эзлүүлдэг үзүүлэлтийг хэлдэг. Засгийн газар авлигын индексийг нэгтгэн тооцоолдог “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтарч ажиллаад эхэлжээ.  
Одоогоор манай улс авлигын индексээрээ дэлхийд 111 дүгээрт бичигдчихээд байгаа. Үүнийг урагшлуулах учиртай. Тэгж байж авлигын индекс сайжирна. Тэгэхийн тулд  одоо эхлүүлээд байгаа дунд, доод шатны албан тушаалтнуудын авлига авдаг явдлыг таслах нь авлигын индексийг сайжруулахад нэг л салаа ажил нь болдог аж. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд, тэдгээрийн худалдан авалт, төрийн томилгоо, хүнд суртал, улс төрийн намын санхүүжилт зэргийг хатуу хянаж, тэндэх авлигыг байхгүй болгох тал дээр анхаарна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Авлигатай тэмцэж, индексийг бууруулахад тэгдэг ёстой юм байна.
Анхаарал татсан нэг үг нь “...Авлигатай тэмцэхийн тулд намынхаа нөхөдтэй тэмцэх болж байна” гэв. Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулган дээр Замын-Үүд дэх нөхцөл байдлыг яриад “...Тэндэх завхралын гол зохион байгуулагчид нь энэ ордонд орчихсон байдаг” гэж байв. Тэгэхээр Замын-Үүд дэх авлигын тогтолцооны эзэд нь МАН-ын гишүүнчлэлтэй улстөрчид байдаг гэсэн дүгнэлт үүсч байгаа юм.
Эндээс үзвэл энэ намар авлигын асуудлаас болж ширүүхэн юм болох бололтой дог.
Уг нь Монгол Улс авлигатай тэмцэх тусгай албатай. Тэр нь хуулиар олгогдсон эрхтэй, үүрэгтэй. Харин Ерөнхий сайдын өчигдрийн ярианаас харахул Засгийн газар АТГ-т “галын дэмжлэг” үзүүлж буй аж.
Тэрбээр өчигдөр “...Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэдгээ зургаан сарын дараа дахин хэлэв.
Хагас жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо дөрвөн зорилт танилцуулж байсан. Тэгэхдээ цаашид зарим шийдвэр нь давс мэт шорвог байна гэдгийг ч хэд хэдэн удаа хэлсэн байдаг.
Тэр дөрвөн зорилт нь “Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө”, “Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө”, “Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо”, “Шударга ёс, цахим засаглал” гэж бий.
 
Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг 60-аас дээш хувиар хийчихсэн. ДЭМБ-ын дүнгээр бол  сайн үнэлэгдээд яваад байдаг. Гэхдээ Монгол дотроо янз бүрээр дүгнэнэ. Муулах нь олонтаа. Гэтэл вакцины ачаар хэчнээн монгол хүний амь аврагдаж, хэдэн монгол хүн халдвараас ангид явж байгааг тоолбол сонин л тоо гарах байх. 
Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Үр дүн нь ямар явж байгаа юм бэ гэхээс Монголын эдийн засагт томоохон хэмжээний эргэлт үүссэн гэдгийг бүгд мэднэ.
Сүүлийнх нь болох  “...Авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно” гэдгээ одоо хэрэгжүүлээд эхэлж байх шиг байна.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг харахад царай, дуу хоолой нь зөөлөн хүн гэж харагдуулдаг. Анх Ерөнхий сайд болоход  нь ч тэгж голцгоож байв. Гэтэл тэр харагддаг шигээ биш аж. Нэг их эмоци үзүүлээд байдаггүй.
Гэвч тэр нь худлаа. Гаргаж буй шийдвэр нь эвгүй.  Их хатуу. Тэгчихээд тэрийгээ биелүүлж байж салдаг.
Замын-Үүдээс эхэлсэн дунд, доод шатны албан тушаалтнуудтай холбоотой гаргаж эхэлсэн шийдвэрүүд нь үүнийг харуулж байгаа юм.
Эргэж харвал, Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа ийм байдлаар ажиллаж иржээ. Эрдэнэтийн 49 хувь зэрэг хэд хэдэн асуудал дээр нөхдүүд энэ зөөлөн царайлсан залууг үл тоож байгаад баллуулсан байдаг юм.
Тиймээс улстөрчид, тэгээд төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд Ерөнхий сайдаасаа болгоомжлох хэрэгтэй болж байна даа.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу