Caakmedee

АХБ: Ковидын улмаас Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг БУУРУУЛЛАА

  • Онцлох мэдээ / Эдийн засаг
  • 2021/09/22

Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр /2021.09.22/ “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021” шинэ тайлангаа  танилцууллаа. 
 
Монголын эдийн засгийн өсөлтийг  энэ онд 4.8% байна гэсэн төсөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байсан бол энэ удаад  0.2 нэгж хувиар бууруулан, 4.6% болгосныг АХБ-ны Ахлах эдийн засагч С.Болд хэллээ.
Тэрбээр  бүс нутгийн болон Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар өгсөн мэдээлэлдээ "Цар тахлын халдварын тархалтын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй"  хэмээн  онцолсон.
Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулсан үндэслэлийг  тайлбарлахдаа “Оны хоёрдугаар хагаст хатуу хөл хорио байхгүй ч, цар тахлын улмаас  аж үйлдвэрлэлийн салбарт  ирж буй шок,  бусад салбарууд дахь нөлөөллийг тооцож үзсэн"  гэв.
 
Дөрөвдүгээр сард энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг тооцохдоо, дараах зүйлсийг голлон  нөлөөлнө гэж тооцжээ. 
  • Вакцинжуулалт
  • Ковидын тархалтын нөхцөл байдал
  • Түүхий эдийн сэргэлт
  • Хувийн хэвшлийн зээл
  • Хямралын эсрэг эдийн засгийн багц бодлого
  • Хөрөнгө оруулалтын орчин
  • ДНБ-ий эхний улирлын гүйцэтгэл
  • Хилийн боомтуудын сул зогсолт, гацалт
  • Зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ зэргийг тооцож үзэхээр тусгажээ.
Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд цар тахлын халдвар, тархалтын  нөхцөл байдал илүү хүндэрсэн, түүхий эдийн экспорт биет хэмжээгээр илүү унасан үзүүлэлттэй байна.
Энэ оны сүүлч хүртэл эдгээр нөхцөл байдал сайжрах хүлээлт бага байгаа учраас эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулжээ.
Эдийн засагч С.Болд хэлэхдээ “Бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй асуудлын суурь шалтгаан нь тээвэр ложистик биш цар тахлын эрсдэл юм. Нийтийн эрүүл мэндэд тулгарсан эрсдэл буураагүй байхад эдийн засгийн сэргэлт хэврэг байхаар байна гэсэн. 
Түүнчлэн "Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ ковид эхэлж байсан  2020 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад бүр муудаад байна. Гэтэл БНХАУ-ын зах зээлийн хувьд нүүрсний үнэ төсөөлж байснаас ч илүү өндөр хувиар өсөөд байна. Нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадахгүй байгаагаа тээвэр, ложистик рүү чихэж болохгүй ээ,  манай ковидын нөхцөлтэй л холбоотой. Худалдааны гол түнш орныхоо барьж буй бодлогыг харах хэрэгтэй. Нийтийн эрүүл мэндийн эрсдэлтэй л холбоотой шүү дээ. Монголд халдвар өсөөд байгаа учраас янз бүрийн  вирусын  халдварыг БНХАУ өөр рүүгээ  оруулахыг хүсэхгүй байна.
Вакцинжуулалтын талаар нийгмээрээ зөв хүлээлттэй байх хэрэгтэй. Вакцинжуулалт сайн байснаар халдвараас хамгаалахгүй,  өвчлөлийн хүндрэл, нас баралтаас л хамгаална.

Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн сэргэлт хэврэг шинжтэй байна. Бидний хувьд илүү ойр, хамаарал өндөр болох БНХАУ-ын тухайд авч үзэхэд эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нь  хэвээр үлдээсэн.
Монголын эдийн засгийн тухайд уул уурхай,  үйлчилгээний секторын нөлөөллөөр ДНБ оны эхний хагас жилд өссөн. Харин хөдөө аж ахуйн салбар хүлээлтээс буурч, агшсан. Барилгын салбар олон улирлыг дамнан агшилттай байна.
Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар оны эхэнд шинэ бодлого зарласан. 
Бидний төсөөлж байсан нэгдүгээр улирлын эерэг хүлээлт  хоёрдугаар улиралд унасан. Экспортын гол сезон дууслаа. Оны хоёрдугаар хагасын дүр зургийг харахад  оны эхэнд хүлээж байснаас уналттай байна.

Дөрөвдүгээр сарын тайлан гарах үед инфляц нам түвшинд хадгалагдаж байсан. Гэхдээ инфляц өснө гэж бид төсөөлөлдөө тусгаж байсан. Монголд инфляц өсдөг нь уламжлалт дарамт байдаг. Дийлэнх нь зардлын шалтгаантай,  нийлүүлэлтийн гаралтай гэж Монголбанкнаас тайлбарлаж байна. Ер нь бол ханшийн нөлөө ч байна,  нийлүүлэлтийн гаралтай инфляц ч байна. Эрэлт, нийлүүлэлтийн шалтгаанаар инфляцын дарамт  зөвхөн 2021 оноор зогсохгүй 2022 онд ч үргэлжилж болзошгүй гэж үзэж байгаа. 2022 онд эдийн засгийн өсөлт 6%-д хүрч нэмэгдэх хүлээлттэй байна" гэлээ. 

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу