Caakmedee

НҮБ-ын хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо

  • Улс төр
  • 2021/09/27
 
Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу 2021 оны есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт (United Nations Food System Summit) болж өнгөрөв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилсан энэхүү цахим уулзалт нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хүнсний тогтолцоог сайжруулах, КОВИД-19 цар тахлын үеийн хүнсний хямралыг даван туулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох зорилтуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангах, улс орнуудын амлалтыг ахиулахад түүхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ард түмний, шийдлийн (people’s summit and a solutions summit) хэмээн нэрлэгдсэн уг дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил дэлхийн бүх өнцөг булан, НҮБ-ын бүх гишүүн улсад 1 жил 6 сарын турш үргэлжилсэн ба залуучууд, хүнс үйлдвэрлэгчид, уугуул иргэд, иргэний нийгэм, судлаачид, хувийн хэвшил, НҮБ-ын системийн байгууллагууд зэрэг бүх талын хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ төдийгүй хүнсний тухай ойлголт, санал бодлыг сонсож, дуу хоолойг нэгтгэх, шийдэл олохыг зорьсон юм. Дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд хамгийн тулгамдаж буй асуудлын эн тэргүүнд КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий даяар огцом нэмэгдсэн (2020 онд 811 сая хүн өлсгөлөнд өртсөн нь 2019 оноос 20 хувиар өссөн үзүүлэлт, мөн 41 сая гаруй хүн тураалын ирмэгт байгаа) хүнс тэжээлийн хомсдолыг бууруулах, дэлхийн дулаарлын улмаас хүнсний үйлдвэрлэл хямралд орж буй, нөгөө талаас эрүүл, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоо (sustainable food production systems)-г хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах хэрэгцээ шаардлага багтаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дээд түвшний уулзалтад хэлсэн үгэндээ “дэлхийг сайн сайхан болгох зорилгод хүрэхэд хүнсний тогтолцоо их хувь нэмэр оруулж чадна” гэж цохон тэмдэглэсэн ба 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн, сайд нар тус тусын хүнсний тогтолцоог сайжруулах, хүнсний тогтцолцоонд фермерүүд, эмэгтэйчүүд, залуус, уугуул иргэдийг татан оролцуулах зэргээр тэгш байдал байдлыг нэмэгдүүлэх чиглэлийн амлалт авсан байна.   
Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалтад манай улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын хүнсний тогтолцоо, түүний онцлог, сорилт бэрхшээлийн талаар дурдаж, цар тахлын хүнд цаг үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцууллаа. Улмаар Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгасан тул энэ чиглэлд хүнсний тогтолцоогоо шинэчлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах, одоогийн нөхцөл байдалд тохирсон олон улсын туршлагад суурилсан оновчтой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр зорьж байна гэв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу