Caakmedee

“Дүүжин тээвэр” нэртэй төсөлд алдсан 22 тэрбумыг хэнээр төлүүлэх вэ Ерөнхий сайд аа!

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2022/01/05

Шадад сайд С.Амарсайханы НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа санаачилсан “Дүүжин тээвэр” нэртэй төсөл яг хоёр жил яригдсаны эцэст “амьсгаа хураалаа”. НИТХ оны өмнөх (2021.12.30) хуралдаанаараа Шадар сайдын “бантан”-г нэг мөр эцэслэн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргалаа.
С.Амарсайханы “2021 оны зургадугаар сард Баянхошуу, Ханын материал болон 3,4 дүгээр хорооллыг холбосон чиглэл нь ашиглалтад орно” хэмээн торохгүй рекламдаж байсан дүүжин тээврийн төсөлд тухайн үедээ иргэдийн дийлэнх нь итгэлтэй хандаагүй. Олон нийтийн сүлжээнд “Энэ бол мөнгө угаах ажиллагаа байж магадгүй” гэсэн хэл үг дэгдэж байсан ч С.Амарсайхан НИТХ-ын даргын бярыг үзүүлж, 2020 оны 1 сарын 1-нээс эхлэн “амжилттай төсөл байх болно” гэсэн мессежийг тасралтгүй явуулж эхэлсэн байдаг.
Хүн амын тал хувь нь оршин суудаг, авто замын ачаалал нь оргил цэгтээ хүрсэн, зам гүүрийн цоо шинэ гарц хайхгүй л бол хязгаарлагдмал орчиндоо шавж амьдрахаас өөр гарцгүй болсон Улаанбаатарчуудын тархийг С.Амарсайхан төвөггүй цэнэглэж, нэг кабиндаа 8-10 хүний багтдаг, 157 кабинтай дүүжин тээврээр цагт 3000 зорчигч тээвэрлэнэ. Энэ бол Улаанбаатар хотын замын түгжрэлийг буруулах, нийтийн тээврийн шинэчлэлд нэмэр өгөх судалгаа, тооцоотой ажил хэмээн мэдэгдэж байв.
Төслийг анх эхэлж байсан 2020 онд УИХ дээр дүүжин тээврийг Францын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй гэсэн асуудал УИХ дээр яригдаж байсан гэдэг. Гэвч 2020 оны долдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум, Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн байдаг юм.
Төсвөөс 22.3 тэрбум төгрөг хэдийнээ гараад явсан ч С.Амарсайханы амлаж байсан дүүжин тээвэр 2021 оны зургаан сард ашиглалтад орсонгүй. Ядаж дүүжин тээвэрт зориулсан ганц шон зоогдож, ганц утас ч татагдсангүй.
С.Амарсайхан төслийн мэдээллийг өгч байхдаа “Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Хотын удирдлагын хувьд улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхлэх явуургүй ажил хийх шаардлага байхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол НИТХ оны сүүлийн хуралдаанаараа С.Амарсайханы санаачилсан төсөл бүтэлгүй болсныг батлаад “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгахаа мэдэгдсэн нь төсөлд томоохон хэмжээний асуудал үүсэж, анхаарлын тэмдэг зурагдсан болохыг гэрчлээд байна.
Шадар сайд дүүжин тээвэр нэртэй төслийг ямар бодлогоор эхлүүлж, яагаад энэ төсөл будлиж төөрсөн болохыг АТГ болон бусад ашиг сонирхлын зөрчил илрүүлэгч байгууллагууд шалгах биз ээ. Харин төсөл нэрийн дор улсын төсвөөс гараад явсан ч ганц шон ч зоож чадаагүй алдсан 22.3 тэрбум төгрөгөө хэнээс, хэзээ хэрхэн авч, улсын төсөвтөө хийх гэж байна вэ Ерөнхий сайд аа!
Д.ОТГОО
a0c2a0__MPA4304_x974-300x170 “Дүүжин тээвэр” нэртэй төсөлд алдсан 22 тэрбумыг хэнээр төлүүлэх вэ Ерөнхий сайд аа!
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу