Caakmedee

ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/07

Коронавирусийн шинэ хувилбар омикрон халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй, судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа.  Тэгвэл энэ сарын  5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикрон илэрч, очсон улсдаа тусгаарлагдаад байгааг эх сурвалж мэдээллээ.  Тэдгээр иргэд Монголд байх хугацаандаа олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Яг одоогоор Омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй. Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппарат дээр урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Эцсийн хариу гараагүй байна. Аль улсаас ирсэн иргэнээс илэрсэн гэдгийг нь тухайн үед нь зарлана. Бид ямар ч байсан 16 сорьц өгсөн байгаа. Мөн 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан.
 
Шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, гадаадаас ирсэн гээд нийт 16 иргэний сорьц байгаа. Урьдчилсан байдлаар эхний 10 сорьцод байна. Гэхдээ баталгаажсан тохиолдолд мэдээлнэ. PCR-ын тусгай вариант үздэг оношлуураар S уураг тодорхойлогдохгүй байх юм бол дельта, альфа биш дараагийн хувилбар байх магадлалтай гэж үздэг. Үүний дараа баталгаажуулах шинжилгээ нь геномын дараалал тодорхойлох шинжилгээ юм. Бид сэжигтэй сорьцуудаа тэр аппаратад уншуулаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна. Ер нь Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх шаардлагагүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна. Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол  Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байна гэсэн үг.
 
Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондонд очсон иргэн байгаа. Гэхдээ Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хувилбар нь 2.5 хоногийн нууц хугацаатай. Тухайн иргэн транзит хийж явсан. Тэгэхээр замдаа халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй.Солонгост очсон иргэний тухайд тэнд амьдардаг иргэн юм билээ. Тусгаарлалтад байх хугацаанд нь илэрсэн. Онгоцны буудлаас халдвар аваад тусгаарлалтад орсон уу гэдгийг тогтоох боломжгүй. Аль болох хөл хорио тогтоохгүй байх арга хэмжээ авна” гэсэн юм.
 
ХӨСҮТ-өөс өчигдөр томуугийн хамгийн хүнд хэлбэр болох А хүрээний вирус бүртгэгдсэнийг зарлалаа. Тус төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан "Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал учруулдаг. Сүүлийн хоёр жил цар тахал гарсантай холбоотойгоор томуугийн өвчлөл, томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн илрэлт харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд томуу, томуу төст өвчний үүсгэгч эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас өвчлөл нэмэгдэж эхэлсэн.
 
Монгол Улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн.  Ингэснээр манай улсад томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Арванхоёрдугаар сарын эхээс нэгдүгээр сарын дунд хүртэл оргил үедээ хүрдэг. Одоогоор амбулаторийн үзлэгээр 10000 хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн өвчлөл аймгуудад алаг цоог түвшинд бүртгэгдэж байна" гэв. Түүнчлэн цар тахлын халдвартай зэрэгцэж томуугийн дэгдэлт үүсвэл эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тиймээс нийтээрээ омикроноос сэргийлэх шаардлага үүслээ. Үүний тулд маскаа тогтмол зүүх, вакцины бүрэн тундаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
 
 
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу