Caakmedee

Машинаа мотоцикль болгон хувиргаж, Сахарын цөлөөс амьд гарсан эрийн түүх

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/12

Эмиль Лерэй хэмээх франц эр 1993 онд Сахарын цөлөөр аялж явтал Citroen 2CV загварын автомашин нь эвдэрч зогссон байна. Ямар нэг арга сэдэхгүй бол цөлд хатаж үхэх аюулд орсон тэрээр 12 хоногийн дотор машинаа задалж, мотоцикль босгон амь гарч чаджээ. Чухамдаа кинон дээр л гардаг зүйлийг энэхүү эр яаж хийсэн юм бол?
Эмиль Лерэй нь цахилгаанч мэргэжилтэй, адал явдалд дурлагч нэгэн байсан бөгөөд Мароккогийн элсэн цөлөөр аялж сурсан байжээ. 
Тэрээр 1993 оны нэгэн өдөр тус улсын Тан Тан хэмээх хотоос хилийн цэргийн застав руу хүрэхээр машинтайгаа гарчээ. Харамсалтай нь "Royal Gendarmerie" буюу Мароккогийн цэргийн цагдаа нар түүнийг замд нь зогсоогоод муу мэдээ дуулгасан байна.
Хилийн дагуу Марокко болон Баруун Сахарын Холбооны орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан учраас Тан Тан руу буцахыг түүнд зөвлөв. Мөн цагдаа түүнд хамт явах хүн гаргаж өгөхийг санал болгосон ч Эмиль татгалзжээ. 

Citroen 2CV бат бөх, найдвартай машин хэдий ч Эмиль цэргүүдтэй таарахгүйн тулд шороон замаар дэндүү ширүүн давхисан байна. 
"Citroen 2CV-ийг Африкт төмөр тэмээ гэж нэрлэдэг. Их хүчлэхгүй л бол элсэн цөлөөр чөлөөтэй явж чаддаг учраас тэр" гэж тэрээр дурссан байдгаас харвал машиндаа хэт эрдсэн бололтой.
Харамсалтай нь тэрээр хад чулуу ихтэй газраар удаан хугацаанд явснаас болж машин нь эвдэрч, цөлийн дунд ганцаараа гацсан байна. Тэрээр машинаа шалгаж үзтэл хээр газар засах боломжгүй тэнхлэг болон нэг талын гар нь эвдэрсэн болохыг мэджээ. 
Тухайн үед Эмильд 10 хоногийн усны нөөц байсан бөгөөд хэн ч өөрийг нь олж ирэхгүй гэдэг мэдээж байв. Ингээд тэрээр гурван хоногийн дотор машинаа задалж, мотоцикль болгож чадна хэмээн тооцоолсон байна.

Тэрээр эхний өдрөө сайн унтаж амраад маргааш нь төлөвлөгөөгөө гаргаж эхлэв. Эхлээд тэрээр машиныхаа кузовыг салгаж аваад хоргодох байр болгон засчээ. Эмиль мөн хүнс болон усаа аль болох гамнаж, бага багаар хэрэглэх шийдвэр гаргасан нь амийг нь аварсан өөр нэг хүчин зүйл болсон аж.
Эмиль гараа хамгаалах үүднээс оймсоороо бээлий хийгээд өөрт байсан цөөхөн багажаа ашиглан машинаа задалж эхэлсэн байна.

Тэрээр мөн хэрэггүй болсон хэсгүүдийг нугалж янзлаад цөлд амьд үлдэхэд нь хэрэг болохоор зүйлс урласан аж. Зузаан төмөртэй хэсгүүдийг тэрээр өрөмдөж нүхлээд илүү гарсан эрэг шургаа хийж хадгалсан гэнэ. 
Ийнхүү тэрээр арал болоод явах эд ангиудыг шинээр угсарч мотоцикль болгох ажилдаа оржээ. Тэр ч байтугай мотоцикльдоо суудал нэмж хийсэн гэнэ.

Түүний энэхүү бүтээл нь үнэхээр итгэхийн аргагүй зүйл байсан учраас Mythbusters нэвтрүүлэг үнэхээр машиныг мотоцикл болгох боломжтой эсэхийг туршсан байдаг.
Нэвтрүүлгийнхэн Эмилийг дуурайлгүй бүгдийг өөрсдийнхөөр хийжээ. Тэд 2CV машиныг амархан задалж чадсан ч мотоцикль босгох ажил нь багагүй хүндрэл учруулсан юм. 
Эхлээд нэвтрүүлгийнхэн өөрсдийн загварыг гаргасан нь асаагүй байна. Дараа нь тэд Эмилийн загварыг дуурайлган хийсэн ч тэр нь маш тогтворгүй байсан тул багахан зайг туулаад хөмөрч унаж байв.

Mythbusters-ийн хөтлөгч нар шиг юугаар ч юу хийж чаддаг хүмүүс хоёр удаа бүтэлгүйтсэн гэхээр Эмиль үнэхээр эгэлгүй инженер нэгэн болох нь тодорхой болно. 
Тэрээр мотоциклоо "Цөлийн тэмээ" гэж нэрлэсэн аж. Ажил нь төлөвлөснөөс сунжирч, 12 хоногийн дараа ус нь дууссан ч Эмиль эсэн мэнд суурин газарт хүрч чадсан аж.
Сонирхолтой нь түүнийг нэгэн хотод дөхөж ирмэгц бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодож байсныг нь анзаарсан цагдаа нар зогсоосон байна. 
Азаар цагдаа нар түүний түүхийг сонсоод аюулгүй газарт хүргэж өгсөн байна. 
https://www.caak.mn/view/8289435/

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу