Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Эхний тэсэлгээг энэ сарын 25-нд хийлээ. Энэ арга хэмжээн дээр "Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм "Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар "Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн” гэв. Далд уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно.
Олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. "Оюу толгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийнэ. Монгол Улсад төлөх ашигт АМНАТ гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол бий.
Маргааш өдөр нь Оюу толгойг эрчим хүчээр хангах гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Манай улс орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВт-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгаад байгаа юм. Мөн 450 МВт-ын хүчин чадалтай "Таван толгойн ДЦС"-ыг төр өөрөө барихаар ажлыг эхлүүлсэн. Тус станц ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайг бүрэн хангана гэж мэргэжлийнхэн хэлж байна.
Далд уурхайн ажил эхэлсэн өдөр "Туркойз Хилл” зэрэг компанийн олон улсын бирж дээрх хувьцааны ханш огцом өслөө. 16.23 хувиар өсч 1270 ам.долларт хүрчээ. Мөн үүнээс өмнө, 2021 оны арванхоёрдугаар сарын 13- нд "Рио Тинто”, "Туркойз Хилл”-ээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэх болон бусад дөрвөн саналыг ирүүлсэн. Үүнийг Монгол Улс хүлээж авч байгаагаа албан бусаар зарласан. Маргааш нь "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өссөн. Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд гараагүй өсөлт болсон.
Товчхон хэлэхэд, арав илүүхэн жилийн өмнө Сү.Батболдын Засгийн газрын үеийнх шиг эдийн засаг огцом өндийх нөхцөл ийн бүрдэж байгаа юм.
Ер нь Оюу толгойн далд уурхай бол Монголчуудын хувьд гэрээ баталсан 2009 оноос хойш хүлээсэн бүтээн байгуулалт юм. Хэдийгээр Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн Оюу толгой төсөл шиг том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй юм. Мэдээж хэрэг үе үеийн Ерөнхий сайд, салбарын сайд нар, ажил хариуцсан мэргэжилтнүүд үүний төлөө ажилласан. С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд Оюу толгойн гэрээнээс хойших бүх Ерөнхий сайдад далд уурхайг эхлүүлэх, энэ төслийн үр өгөөжийг хүртэх хүсэл байсан нь мэдээж. Тэгээд ч төр удирдаж байгаа хүмүүс төрийнхөө эсрэг ажиллана гэж байдаггүй гэдэг. Харин чадаагүй, бүтээгүй байх нь элбэг. Төрийн эрх ашгийн хажуугаар хувиа бодсонтой холбоотой байж мэднэ.
Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үүнийг эхлүүлчихлээ. Үнэн байдлыг, бодитой үйл явдлыг зөвөөр үнэлэх ёстой. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нэлээд эрчимжсэн. Тухайн үед хөрөнгө оруулагчидтай Арбитраар маргах процесс дээр гэхэд л ажлын хэсгийг ахалж байсан Хууль зүйн сайд нэг удаа, Сангийн сайд бас нэг удаа цагийг нь тулгаж байгаад "тоглоом"-ноос гарч байсан мэдээлэл байдаг. Тэгээд Л.Оюун-Эрдэнэд ажлын хэсгийг шилжүүлж байсан юм билээ. Сүүлд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсны дараа Х.Нямбаатарыг ажлын хэсгийн даргаар томилсон. Энэ мэтчилэн Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр шулуун дардан байгаагүй. Орд маань сайн, хөрөнгө оруулагчид маань том. Хамгийн эхлээд Л.Оюун-Эрдэнийн томилсон Засгийн Газрын ажлын хэсэгт хувийн эрх ашгаа боддог нөгөө хэдэн популист ороогүй нь хэлэлцээр урагшлах гол хүч болсон гэдэг. Тийм популистуудыг хойшид ч энэ том төсөл, ер нь төрөөс холдуулах ёстой биз ээ.
Нөгөө талаас, дэлхийн хэмжээний ийм өрөг дээр зөвхөн эдийн засагч, математикч мэргэжилтэй лидер тоглох албагүй юм байна. Мэдээж хэрэг, тооцоолол, анализ чухал. Гэхдээ хамгийн чухал нь "Хийнэ” гэсэн сэтгэл, зүтгэл байдаг аж. Мөн Л.Оюун-Эрдэнийн тухайд системийн онолыг хэрэглэдэг улстөрч гэдгийг судлаачид хэлдэг. Чухамдаа үүнийг л далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үйл явцаас бид олж харлаа.
Түүнчлэн бидний өмнө "Ковид", хил гаалийн асуудал, инфляци гээд хүндрэлүүд бий. Гэвч 2022 оны хувьд Монгол Улс эдийн засгийн таатай үйл явдлаар арвин байж магадгүй нь. Оюу толгойн далд уурхайн нээлтийн үеэр өмнөд хөрш рүү Монголоор дамжих хийн хоолойн ТЭЗҮ батлагдлаа. Энэ бол лут үйл явдал л даа. Ирэх ашгийн тухайд янз бүрийн тооцоо, төсөөлөл бий. Хамгийн гол нь геополитикийн хувьд, стратегийн тухайд том үр дүн авчирна.
Бас ердөө сар гаруйн дараа төмөр зам, дэд бүтцийн маш том төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Энэ жилийн төсвийн 10 шахам их наяд төгрөгийг эдгээр бүтээн байгуулалтад зориулах юм. Ингээд харахаар, ер нь муугүй шүү. Л.Оюун-Эрдэнэ, болж л байна.
Б.Тулгат