"...Чонын амнааас гараад барын аманд” гэдэг үг санаанд бууж байна. Хоёр жил дэглэсэн цар тахлын хүндрэл арай гайгүй болж байтал хойд хөрш маань дайны асуудал дэгдээчихлээ. Том гүрнүүдийн тарьдаг "хэрэг” том л байх ажээ. "...Наанаа ийн харагдавч, цаанаа дэлхийн эдийн засаг, геополитикийн том шилжилт явагдаж байгаа юм” гэх эксперт цөөнгүй байна. Бүү мэд.
Ямар ч байсан, том гүрнүүдийн дундах жижигхэн Монгол маань ковидын давалгаа, дайны хаялгад бага донсолж, байрандаа үлдээсэй гэж хүснэ.
Үнэндээ, ковидыг бол Монгол Улс гайгүй давсан шүү. Эхлээд их том байсан. "...Малынхаа махыг идээд байхад муу ковид биднийг барахгүй” хэмээн хөөрцөглөж байв. . Хил нь хаалттай, гадаад ертөнцтэй ямар ч солилцоогүй хэдэн сар болохоор чинь халдвар нэвтрэхгүй нь тодорхой. Гэхдээ 2020 оны хавар, "мартын 8” үеэр энд уурхайд ажилладаг франц эрээс илэрлээ гэх дуулиан дэгдэж байв. Тэр муу францыг, түүнтэй таарсан хүн бүрийг нь мөрдөж гаргаж ирээд бөөнөөрөө нүдээд балласан. Гэвч тэр ковидын халдвар биш болж таарсан. Түүнээс хойш хилээ хаагаад хэдэн сар гүрийсэн. Удаагүй л дээ. 2020 оны арваннэгдүгээр сард жинхнээсээ илэрч, тэгээд л тарсан.
Цөөхүүлээ байх нь хэрэгтэй, хэрэггүй үе бас бий аж. Ерөөс монголчууд дэлхийд мөрдөж буй дэглэмийг барьж чадахгүй нь тодорхой болсон. Хатуу хөл хорио тогтоочихоод байхад л нутаг нуга, ахан дүүс, ажил төрөл гэж ил далд уулзаж гүйлдсээр халдвараа тараачихаж байгаа юм. Нэг хэсэг нэлээд хүн маршрутаа тогтоолгосон доо, халдвар авчихаад. Яаж ийгээд л нуугдаж бариад бие биедээ тараагаад явсан байдаг.”...За гайгүй байлгүй дээ” гэж байгаад л уулзаад, тэгээд халдвар авсан” гэх "мэдүүлэг” олонх нь байсан гэдэг. Энэ бол манай цөөхүүлээгийн хамгийн хэрэггүй зан юм байна лээ. Харин хэрэгтэй нь гэхээр вакцинжуулалтаас бас харагдсан. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайд болоод, сарын дараа эхний вакциныг тарьж эхэлсэн. Эхлээд Энэтхэгээс, залгуулаад урд хөрш маань вакцин илгээсэн. Бас хойд хөршөөс олон сая тун вакцин оруулж ирсэн. Дээрээс нь америк вакцин ч ирсэн. Засгийн газар энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын хэрэглэж байгаа бүхий л вакцинаас хангалттай авчирсан. Тэгээд шахсан даа. Одоо манайх чинь вакинжуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдчихжээ. Эхний тунд 70, хоёр дахь тунд 68 хувь нь хамрагдчихсан. Гурав дахь, дөрөв дэх тундаа хамрагдахыг Засгийн газар гуйсаар л байна.
Хамгийн гол нь Монголын иргэд өнгөрсөн зунаас хойш дэлхийн хаагуур ч хамаагүй аялж зугаалах эрхтэй болсон. Монгол Улс өөрөө 50 хоногийн өмнө хилээ нээлттэй болгосон. Гадаад хүчин зүйл саад үзүүлэхгүй бол Монгол руу зоригсдод хил нээлттэй гэсэн үг.
Энэ хооронд манай улс нэлээд хүндэрсэн. Хил хаалттай үед бараг 0 зогсож, эдийн засаг "хасах" руу орсон. Тэрийг сэргээх гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр” баталж хэрэгжүүлсэн. Тэрийгээ томруулж, "Шинэ сэргэлтийн бодлого” болгож бас баталсан. Одоо Эдийн засгийг сэргээх хууль болж гарах гэж байгаа мэдээлэл бий. Дүнд нь, ковидоос болоод чигээрээ хүндэрсэн эдийн засгийг "нэмэх” болгож өсгөсөн л дөө.
Мэдээж хэрэг, ийм хүнд "Эрдэнэт” үйлдвэр ачааны хүндийг үүрэв. Ус, тогны мөнгийг одоо ч даасаар л байна. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх талаар "Рио Тинто”-тай тохирсон. Үүсээд байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Тэгээгүй бол "Рио Тинто” өрөө нэхэхэд бид шууд хэвтэх байв. Энэ бүгдийн нөлөөгөөр ковидын эдийн засаг эвгүйтсэн ч эргээд сэхэх анир орж байлаа.
Ингээд аятайхан явж байтал хойд хөрш маань Украин руу арми илгээлээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр л дөө. Тэр үед Монгол Улс гамшгийн түвшингээ бууруулж, хилээ нээснээ зарласнаас хойш яг 10 хонож байв. Тэгээд л дэлхийгээрээ бужигнаад эхлэв.
Орос руу баруунаас, европоос тэр чигээрээ л ноцсон. Хориг, эсэргүүцэл тус улсыг чиглэж, ер нь хүндрүүлсэн гэхэд болно. Гэвч В.Путины байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдаалах зарлиг буцаад томоохон цохилтыг өгч чадсан. Эдгээр үйл явдал маниас холуур болж буй ч буцаад хаялга болж ирнэ. Ийм учраас манайхан ч асар сонирхож, янз бүрийн дүгнэлтээр "байлдацгаасан” даа. Одоо ч үргэлжилж байна.
Орос, Украины асуудлаар Засгийн газрын тухайд "түдгэлзсэн” байр суурьтай байгаа. Үүнийг НҮБ-ын санал хураалтаар илэрхийлсэн. Мөн ГХЯ-наас бусад төрийн яам тамгын газар, албан тушаалтнууд үг дуугарахыг хориглосон. Ингэхээс өөр арга ч байхгүй.
Өнгөрсөн сарын дундуур Орост тавьсан хоригийн нөлөөгөөр тус улсад валютын хомсдол үүссэн. Тэр үед оросууд манайх мэтийн улс орнуудаас албан бусаар ам.долларын таталт хийсэн. Тэгэхэд манайх ам.долларын нөөцтэй үлдсэн. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь тийм дүн үзүүлжээ.
Гэхдээ хүндрэл болгоноос ийм маягаар бултана гэвэл худлаа. Ядахад ковид, тэгээд дайны дараах хямрал хэдийнэ эхэлчихээд байгааг дэлхийн томоохон эдийн засагтай улсууд зарлачихаад байна.
Манай улсын хувьд ирэх хүндрэлийн үед хэрэг болж мэдэх ганц нэг хүчин зүйл бол харагдаж байна.
Эдгээр өдрүүдэд "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 10-аад их наядын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнд аж ахуйн нэгжүүд оролцоно. Зах зээлд тийм хэмжээний мөнгөн урсгал орно гэсэн үг.
Ер нь бол Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Бээжингийн өвлийн олимпийг далимдуулан Хятадад хийсэн ажлын айлчлал цаашдаа нэлээд хэрэг тусаа өгөх төлөвтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын Ерөнхий сайд Ли Көчян нар "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдын тойрог замын сүлжээ байгуулах, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, Монголоо дамжих хийн хоолой, хоёр улсын төвбанкнуудын сюоп хэлцлийг сунгах, ногоон хөгжлийн чиглэлийн зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцсон байдаг. Гэхдээ өнөөдөртөө хил нээлттэй гэхэд хэцүү, Хятадын талаас манай экспортод элдвийн шаардлага тавьсаар байна. Гэхдээ манай талаас гүйцэтгэх ёстой үүрэг бас байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, яг өнөөдөртөө Хятадад ковидын халдвар улам нэмэгдэх болсноор тус улсын эрх баригчид бүх талын арга хэмжээг авч эхэлжээ. Зөвхөн Хятад ч бус, Япон, Солонгос улсуудад ковидын нөхцөл хүндэрсэн байна.
Манай улсын хувьд цаашдаа ковид, дайн хавсарсан хямралд өртөх магадлал нэлээд өндөр байгаа юм. Дээр дурдсанчлан, Хятадын хил нээлттэй байж, Оросоос авдаг бензин шатахуун, эрчим хүч хэвийн хангагдаж чадах уу гэдэг наад захын хоёр асуулт бий. Түүнээс гадна нийгэм, эдийн засгийн олон асуудал байна.
Ер нь бол ковид дээр нэмээд дайны хүндрэлтэй дэлхийгээрээ тулчихлаа. Ерөнхий сайд юу бодож суудаг бол доо?!
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 67 (6799)