Caakmedee

Монголын төр ковидтой тэмцэхдээ хүний эрхийг хөсөр хаясан кейсүүд

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/04/26

Монголын төр ковидтой тэмцэхдээ хүний эрхийг хөсөр хаясан кейсүүд

 

Цар тахлын сорилттой нүүр тулсан хоёр жилд Монголын төр хэрхэн ажилласныг хүний эрхийн байгууллагууд дүгнээд эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар дэлхийн хэмжээнд  456 сая хүн коронавируст халдвар авч, 6.05 сая хүн нас барсан бол манай улсад 940.997 хүн вирусээр халдварлаж, 2105 хүн нас баржээ. Харин ХЭҮК-оос парламентад өргөн барьсан ээлжит илтгэлдээ Монголын төр цар тахлаар далимдуулж хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг баримт, кейсээр харууллаа.
Комиссоос цар тахлын эмчилгээ, үйлчилгээний талаарх стратеги, заавар, түр журамд өвчтөний нэр төр, хувийн байдлыг хүндэтгэх, хувийн нууцыг  хамгаалах зохицуулалт тусгагдаагүй.Тэр дундаа эрүүл мэндийн салбарын үйл  ажиллагаанд хүний нэр төр, хүний эрхийг хүндэтгэх сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил дутагдалтай нь цар тахлын үеэр илтэд ажиглагдсан гэж дүгнэв. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж, арга барилыг сайжруулж гаргасан үр дүнг  биш, нас баралтын тоо зэрэг шууд үр дүнг тооцох байдлаар дүгнэдэг нь хүний эрх зөрчигдөх шалтгаан болж байна.
Засгийн газар онцгой хүчин чармайлт гаргаж, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг шуурхай явуулснаараа хүн амын дунд гарч болзошгүй нас баралтыг бууруулж чадсан.
Гэвч дархлаажуулалттай холбоотой хүний эрхийн анхаарах асуудал, эрсдэл гарч байгааг илтгэж байна. Монгол Улс хоёр жилийн хугацаанд гамшгаас хамгаалах зэргийг дөрвөн удаа ахиулан, бүх нийтийн бэлэн байдал зарлаж, 79 хоног хатуу хөл хорио тогтоосон юм. Ингэхдээ цар тахлаас хүний амь насыг хамгаалах  зорилгоор тусгаарлах, хөл хорио тогтоох, халдвараас хамгаалах дэглэм  сахиулах, хавьтлыг тогтоох, хүмүүсийн цугларал,  бөөгнөрлийг хянах, худал мэдээлэл тархахаас сэргийлэх, үйлчилгээний  байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан нь халдашгүй  чөлөөтэй байх, чөлөөтэй зорчих, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн амьдрал,  нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах, сурч боловсрох эрхийг хязгаарласан. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг Монгол Улсын олон  улсын гэрээ, хуулиар тогтоосон боловч ихэнх тохиолдолд мөрдөгдөөгүйг илтгэлд дурджээ.  Өөрөөр хэлбэл, халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ хүрч болох боломжит түвшнээс доогуур биелүүлсэн. Энэ нь нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу  байгаагаас гадна цар тахлыг даван туулах удирдлага, зохион  байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн  зарцуулалт үр ашиг багатай, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын  ачааллыг аль болох бууруулах талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг  даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай холбоотой гэж дүгнэв. Нэн ялангуяа халдварын тархалт ихэссэн саруудад эмч, эрүүл мэндийн  ажилтнуудын ажлын ачаалал хэт ихсэж бухимдах, түгших, сэтгэл гутралд  орох зэргээр сэтгэл зүйн байдал нь хямарч, ажил, гэр бүлд нь зөрчил үүсэх, ажлаас халшрах, гэр бүл салах тохиолдлууд цөөнгүй гарсныг тэмдэглэжээ. Цар тахлын үед төрөөс авах арга хэмжээ үр дүнтэй байсан эсэх зэргээр эмч нарын хэлсэн ХЭҮК-ын илтгэлд тусгасан бодит кейсүүдийг хүргэж байна.
 
...Замын-Үүдийг ногоон бүс байлгана гээд бүх тохиолдлыг хавьталтай нь хамт эхлээд Улаанбаатар луу, сүүлд Сайншанд руу зөөдөг болсон. Жолооч 1200 гаруй км туулна. Өөрөө хамгаалалтын хувцастай, зөөвөрлөж яваа хүмүүс нь ууртай, зогсохгүй, буухгүй, буулгахгүй гээд бөөн асуудал дунд ажиллаж байсан. Эндээс гараад хот ороход ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдийн ажлын цаг нь дууссан, өвчтөнийг авах газар олдохгүйгээс машиндаа хоносон тохиолдол ч гарч байсан.
(ХЭҮК-ын үнэлгээнд оролцсон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтантай хийсэн ярилцлагаас)
 
... Засгийн газраас вакцин тариулсан хүмүүст 50000 төгрөг өгнө, УОК-ын даргын тогтоолоор зах, худалдааны төв, дэлгүүрт дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан түрээслэгчийг ажиллуулах, бүрэн тунд хамрагдсан иргэнийг шалгаж нэвтрүүлэх гэсэн нь Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг ноцтойгоор зөрчиж байна...
(ХЭҮК-т иргэний ирүүлсэн 2021 оны 481 дугаар гомдлоос)
 
...Би 2021 оны намар  Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт амаржсан. Төрөхөөс өмнөх өдөр ПГУ шинжилгээ өгч, хариу эерэг гарсан. Төрсний дараа коронавируст  халдвараар өвчилсөн тул эмч нар надад эмчилгээ үзүүлэхээс татгалзаж эмнэлгээс гаргасан. Нярайн хүйг ч авч өгөөгүй. Халдвартын эмнэлэг рүү шилжүүлээгүй. Төрсний дараах болон төрсөн эх коронавирустай тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө огт өгөөгүй. Эмчилгээний багц авах хүсэлт гаргасан ч харьяалалгүй гэх шалтгаанаар өгөөгүй...
 (ХЭҮК-т иргэний ирүүлсэн 2021 оны 906 дугаартай гомдлоос)
 
...КОВИД-19-ийн ид  дэгдэлтийн үеэр цэвэрлэх байгууламж болон машинууд эвдэрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэн, мэдээллийн технологийн аюулгүй ажиллагаанд доголдол  гарсан зэрэг олон асуудал үүсэж, өвчтөндөө биш суурь нөхцөлдөө анхаарах шаардлагатай болсон.
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон ХӨСҮТ-ийн эмчтэй  хийсэн ярилцлагаас/
 
….Манай нөхөр цагдаагийн албан хаагч. Цагдаагийн албан хаагчдыг коронавируст  халдварын эсрэг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамрагдахыг шаардаж байгаа  нь хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. 3 дугаар тунд хамрагдахыг  манай гэр бүл эсэргүүцсэн боловч албан шахалтаар хийлгэсэн...
 (ХЭҮК-т иргэний ирүүлсэн 2022 оны 56 дугаар гомдлоос)
 
...Коронавируст халдварын эмчилгээний ремдесивир тариаг эмнэлгүүдэд цохолтоор олгодог. Нөөц үүсгэх ямар ч боломжгүй. 340,000 хүн амтай дүүрэг 24 ширхэг авч байхад 40000 хүн  амтай танай дүүрэг 50 ширхгийг яаж аваад байна гэж цоллуулдаг байв. Зарим үед 1 сая төгрөгөөр 2-3 ширхэг тариа гаднаас авна. Жилийн эцэст манай байгуул­лагад 2-3 тэрбум төгрөгийн эм та­риа ирсэн. Мөн хил хаагдсантай холбоо­той 10 хоног тарианы шприцгүй болсон.
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон Налайх дүүргийн эмч нартай хийсэн бүлгийн ярилцлагаас)
 
...2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ХӨСҮТ-ийн бохирын шугам задарч, найман цаг усгүй болж, халдвар тархах их эрсдэлтэй байгаа үйл явдлыг сурвалжилсан зураглаачийн камерыг хамгаалалтын ажилтнууд цохиж, шууд бичлэгийг нь тасалдуулсан...
...2021 оны долддугаар сарын 02-ны өдөр наадмын бэлтгэл хийж байсан таван бүжигчний шинжилгээний хариу эерэг гарахад дарга нь ирж “битгий задруул” гэж үүрэг өгсөн...
(Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл төв, “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ иргэний болон улс төрийн эрхэд нөлөөлөх нь” тайлангаас/
 
...Өрхийн эмнэлгүүдийн барилгыг сүүлийн жилүүдэд шинээр барьсан боловч өвчтөн орох, гарах хаалга нэг ч төвд тусдаа байгаагүй нь шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх хүмүүс холилдож, халдвар илүү тархах нөхцөлийг бүрдүүлж байсан...
(ХЭҮК-оос УОК-ын Шуурхай штабын удирдах албан тушаалтантай хийсэн ярилцлагаас)
 
…Би 94 настай ээжтэйгээ хамт Япон Монголын сургуулийн оюутны дотуур байранд  байрлаж долоо хоног эмчлүүлсэн. 16 давхар барилга тэр чигээрээ өвчтөнүүд, гуравхан ширхэг хүчилтөрөгчийн аппараттай, түүнийгээ л нааш цааш нь зөөгөөд бүх давхраар явдаг. Бидний хэвтэж байсан байр оюутны дотуур байрны зориулалттай болохоор хоолоо төв эмнэлэгтээ хийгээд байр руу машинаар зөөдөг. Ийм сайхан байрыг анхнаасаа доороо гал тогоотой хийчихгүй дээ гэсэн харамсал төрж байлаа...
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон Улаанбаатар хотын иргэнтэй хийсэн ярилцлагаас)
Сум болон алслагдсан газарт тэр тушаал шийдвэрийн хэрэгжилт хангагдаагүй. Жишээ нь: 2020.11.15-2021.06.20-ны хооронд сорьц цуглуулах, хавьтлын судалгаа гаргах зэрэг ажлаар сумдаар явсан. Хамгийн анх Ховд руу ирж байгаа хүмүүсээс сорьц авч фургон дотор байрласан, усанд орох, унтах асуудал маш хүнд байсан. Сүүлд нь цагдаагийн постыг сорьц авахдаа ашиглаж эхэлсэн. Тушаал шийдвэр жижиг нэгж дээр буудаггүй, та нар очоод зохицуул гэдэг...
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас
 
...Халдвар авсан хоригдолд сумын эрүүл мэндийн төвөөс эмийн багц олгуулахаар хөөцөлдсөн. Гэтэл өрхийн эмчид түргэвчилсэн тестээр шинжилгээ өгөөд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд ЭМЯ-ны цахим хуудсанд бүртгэн, багц олгоно гэжээ. Гэвч түргэвчилсэн тестээр бүх хоригдлыг оношилж, шинжилгээ авахад нэг шинжилгээний үнэ 15000 төгрөг болох учраас хүндрэлтэй байсан учраас өвдсөн хоригдлуудад эрүүл мэндийн төвөөс эмийн багц авах боломжгүй болсон.
(ХЭҮК-оос ШШГЕГ-ын харьяа Хорих 433 дугаар ангид хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудаснаас)
 
...Өрхийн эмнэлэгт нөхөн сэргээх үйлчилгээ байхгүй. Коронавируст халдвараар өвдсөн 10 хүний 7-8-д нь толгой өвдөх, зүрх дэлсэх зэргээр өвчилсний дараах хам шинж илэрч хүндрэл гарч байна. Өвчтөнүүд эмнэлгээс гарснаас хойш хүнд дасгал хэтрүүлж хийгээд, зарим нь уул руу хүчилж алхаад бие нь муудаад ирсэн тохиолдол 2-3 гарсан. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй. Нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байгаа хувийн зарим нэг газар байгаа ч үнэтэй байна...
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон ХУД-ийн эмчтэй хийсэн ярилцлагаас)
 
Цар тахлын үед байгууллагуудын хамтын ажиллагаа, ялангуяа ЭМЯ,  УОК хамтарч ажиллахдаа маш сул санагдаж байна. Эрүүл мэндийн газар нь онцгой байдал, цагдаа гээд байгууллагууд хамтарч ажиллах тал дээр муу байна...
...УОК нь шийдвэрээ доод тушаалын хүмүүстээ түрүүлж мэдээлэхгүй, шууд иргэдэд зарладагаас олон асуудал дээр хоорондоо ойлголцохгүй байдал үүсэж байсан. УОК шийдвэрээ ард түмэндээ мэдээлж ойлгуулахгүйгээр шууд л шийдвэр гаргадаг...
(ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон эмч нартай хийсэн ярилцлагаас)
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу