Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл өчигдөр чуулганаар хэлэлцэж төсөв мөнгө, өрийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой өрийн хавх үүсэж болзошгүй учраас онцгой анхаарах ёстой шүү.
-Улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Манай өрийн 98 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байна.
-Аль болох гадаад өрөө төсвөөс төлж барагдуулаад, дотоод бондоо тэлэх шаардлагатай.
С.Чинзориг:
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч ажилтнуудын тоо 2021 онд 200 мянгаар буурсан гэсэн судалгаа байна лээ.
-Өвөрхангай аймгийн хэдэн сумаар явахад ноолуурын үнэ 90 мянган төгрөгөөс доош орсон гэж байгааг 100 мянга хүргэх арга байна уу.
Б.Бат-Эрдэнэ:
-Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн сахилга хариуцлагын дэд хороо болгож өргөтгөсөн.
-Зөвхөн гурван асуудал хариуцдаг байсан бол одоо 10 болсон.
Г.Амартүвшин:
-Сонгуулийн жил төсвийн алдагдал дээд цэгтээ хүрдэг юм билээ.
-Дөрвөн жил болгон давтагддаг байдлыг болих хэрэгтэйг Сангийн сайдад хэлье.
Б.Энхбаяр:
-Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем манай УИХ дотор байна.
-Засгийн газраас өргөн барьсан төслийг Төсвийн байнгын хороо нааш цааш нь болгодог юм байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Хэн нэгэн хүн илүү эрх мэдэл эдэлж шийддэггүй.
-Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд дотор нь өөрийнхөө тойрогт холбоотой асуудлаар нөхцөл байдлыг нь үзэж байгаад хийх ажлын бага сага хөдөлгөөн хийдэг.
Б.Баттөмөр:
-Улсын эдийн засаг мухардалд орсон нь банкны тогтолцоотой холбоотой.
-Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь нь гурван банкны эзэн дээр л төвлөрч байна.
М.Оюунчимэг:
-Үндэсний статистикийн газрын сүүлийн мэдээллээр инфляци бараг 15, эдийн засгийн өсөлт 3.8 хувь болчихоод байна.
-Дээрээс нь 2023 оноос эхлэн гадаад өрийн дарамт нэмэгдэнэ.
Ж.Сүхбаатар:
-2020 оны гадаад өрийн үлдэгдэл 2018 оноос 4.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 33.2 тэрбум ам.доллар болсон нь гадаад валютын нөөцөөр 7.5 дахин их байна гэж аудитын тайланд дурджээ.
-Одоо цомхтголын асуудал яригдах уу?
Д.Тогтохсүрэн:
-Ханшийн зөрүүнээс болж Монгол Улс хохирч байна.
-Халамжийг хавтгайруулахгүйгээр хүүхдийн мөнгийг танах хэрэгтэй гэж бодож байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-IPO гаргах нь банкуудад өөрт нь хүндрэл учруулна гэж үзэж байна.
-Монголбанкны шаардлагыг хангасан гурван банк нь IPO шууд гаргаж болно.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин