Caakmedee

Австралийн компани уурагт суурилсан вакцин бүхий анхны наалт бүтээжээ

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2022/07/28

Австралийн компани уурагт суурилсан вакцин бүхий анхны наалт бүтээжээ

 

Австралийн биотехнологийн “Vaxxas” компани коронавирусний уургийн вакцин бүхий анхны наалтыг бүтээжээ. Энэхүү наалтуур нь өндөр үр дүнтэй бөгөөд “SARS-CoV-2” вирусний бүх гол хувилбарыг эсэргүүцэж чаддаг болохыг эрдэмтэд хэдийнээ нотлоод байна гэж “The Australian” сонин мэдээлсэн байна.  

 

“Vaxxas” компанийн ерөнхий захирал Дэвида Хоуи хэлэхдээ, "уурагт суурилсан вакцин бүхий наалт өндөр үр дүнтэй болох нь өргөн хүрээнд явуулсан лабораторийн туршилтаар батлагдсан" гэжээ. “Бие махбодод наалт ашиглан хийх вакцин нь “COVID-19”-ийг үүсгэдэг коронавирусний мэдэгдэж буй бүх хувилбарыг саармагжуулж байгааг бид нотолсон" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

 

Тус компанийн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг Квинслендын их сургуулийн эрдэмтэд баталжээ. Хими, молекулын шинжлэх ухааны тэнхимийн ахлах судлаач Дэвид Мюллерийн тэмдэглэснээр, наалтаар дамжуулан хийдэг вакцин  нь “дархлааны их хэмжээний хариу урвалыг үүсгэж, энэ нь коронавирусний хувилбар бүрийг саармагжуулах боломжийг олгодог аж". “Бид түүний үйлчлэлийг Уханьд илэрсэн анхны хувилбар дээр туршиж, дараа нь "альфа", "бета", "гамма", "дельта", "каппа", "лямбда", "омикрон" хувилбаруудад шалгасан. Бид бүх туршилтаар вакцинтай наалт вирусийг саармагжуулж байгааг  тогтоосон” гэж Мюллер хэлсэн байна. 

 

“Vaxxas”-ын мэргэжилтнүүдийн хэлснээр, хүн дээр хийх туршилтаар үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдсан даруйд уг наалтыг эхлээд дотоодын зах зээлд, дараа нь олон улсын зах зээлд гаргана. Туршилтыг энэ оны дөрөвдүгээр улиралд Австралийн Брисбен хотод эхлүүлэх аж. 2023 оны эцэс гэхэд компани жилд хамгийн багадаа 300 сая наалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. "Тариур, зүүнээс хямд үнэтэй наалтуудыг олноор нь үйлдвэрлэх нь хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн эсрэг хүн амаа дархлаажуулахад тусалж, вакцин хийлгэж чадахгүй байгаа хүмүүсийн дунд вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлнэ" гэж тус компани мэдэгджээ.

 

“Vaxxas” компани мөн 3 орчим см-ийн диаметртэй, 12 мм зузаантай хөнгөн цагаанаар хийсэн цилиндр хэлбэртэй бүтээгдэхүүнийхээ бүрэн найдвартай байдлыг онцолсон байна. Уг наалтыг тухайн хүн өөрөө хэрэглэх боломжтой бөгөөд ердөө бугалган дээрээ наасны дараа дээд хэсэгт нь суулгагдсан вакцин бүхий капсулыг дарахад л болох гэнэ. Капсул дотор байгаа вакцин нь ямар ч температурт чанараа алдахгүй бөгөөд 12 сарын турш хадгалах боломжтой байна. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу