Caakmedee

Парламентын Бүгд Найрамдах Монгол Улс

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/08/05

Далавчтай шоргоолж ихэсвэл дайн болдог гэж хуучны хөгшдийн хэлдэг үг ортой ажээ. Үнэхээр л далавчтай шоргоолж ч тоймоо алдаж, дайн самуунтай жил ч гараад ирлээ. Хойд хөрш маань угсаа нэгт Украинаа дайлаар мордоод дийлсэн ч юмгүй намалдаглуулаад дэлхийн ад шившиг болж байна. Өмнөд хөрш маань хэдийгээр өөртэйгөө тэнцүү байтугай өөрөөсөө сул цэргийг ч ялж байсан түүхгүй хэрнээ “өөрийнхөнтэйгээ” дайтахаар хэнгэрэг дэлдээд эхэллээ. 
Урд хойд айл маань ингээд дайн самууны зам сонгоод эхлэхлээр тэдний дунд хавчуулагдсан халиуны зулзага мэт бидний Монголчуудад амар байхгүй байх нь мэдээж. Юутай ч хуучин харилцаагаараа үлдэх боломж үгүй болно. 
 
2-р дайны үед өнөөгийнхтэй харьцуулахад гадаад бодлогын гаргалгаа нь харьцангуй шулуун амар байлаа. Угаасаа тухайн үед дайн өдөөсөн талуудын эсрэг бүх дэлхий зогсож байсан тул Зөвлөлт Орост туслах нь дэлхий нийтийн эрх ашигт нийцэж байсан учраас Монголчуудын зүтгэл Ялтын гэрээн дээр өндрөөр үнэлэгдсэн байдаг юм. 
1945 оны чөлөөлөх дайнаар Өмнөд Монголыг (одоогийн БНХАУ-н хойд нутаг) бүхэлд нь чөлөөлөлөхөд Монгол цэрэг манлайлж Монгол маршал цагаан хэрэм дээр зогсож байсан зүтгэл БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрөхөд хүргэж байсан таатай үр дүнг авч ирсэн байдаг юмаа. 
 
Гэтэл өнөөдөр байдал тэс өөр байна. Хөршүүд маань өөрийн нутаг иргэдээ хамгаалах биш бусдын нутаг орон зайд түрэмгийлэх дайн өөрсдөө өдөөж байгаа нь биднийг маш хүнд байдалд оруулж орхилоо.  Тэд түрэмгийлээд ч зогсохгүй түрэмгийлэлээ дэмжихийг манай улсын удирдагчдад ил далж тулгаж байгаа нь ч мэдэгдэж байна. Хээрийн сургууль нэртэйгээр цэргээ ч оруулж ирж үзэж байна. Хэрэв тэдний түрэмгийлэлийг дэмжвэл Монгол улс дэлхийн дэмжлэгээс салж Ялтын гэрээний заалтаас хасагдан улмаар тусгаар тогтнолоо жинхнээсээ алдахад хүрнэ. Иймээс хөршүүдийн буруу асуудлаар дэлхийн занаанд орохгүй өөр арга сийлэх ёстой. Урьдах соц үеийн удирдагчид шиг жижиг хаанчлалаа хамгаалууулах гэж гадаадын цэргийг нутагтаа байрлуулж байдаг цагийг сэргээж огт болохгүй. Харамсалтай нь олон улсын нөхцөл байдал улам л ээдрээтэй болоод байна. 
Хөршүүд маань, ялангуяа хойд хөрш маань манай төрд байдаг хагас ерөнхийлөгчийн тогтолцооны сиймхийгээр дамжуулан Монголыг маань нэг хүний засаглал руу түлхэж тэр нэг хүнээр дамжуулж өнгөрсөн зууны турш колоничилж хүүхэлдэй улс болгож байсан туршлагаа давтахаар чармайж байгаа нь илт анзаарагдаж байна.   
Хэдийгээр дайн самуунтай жилүүдэд их гүрний хүчинд автаж байсан байвч Монголчууд арга эвийг нь олж Үндсэн Хуулиа шинэчлэх замаар нэг хүний засаглалаа саармагжуулж чадаж байсан байдаг юмаа. 
 
Хэлэх гэсэн санааныхаа удиртгал болгож жаахан түүх халъя.  
Цагаан хэрэм хөршөөрөө бариулж байсан эртний дайнч Хүннүгийн эцэг хүү Түмэн болон Модун Шунуйгаас хойш Монгол нутгийг эзэгнэн сууж байсан төр улс овог аймгуудын эцэс төгсгөлгүй сөргөлдөөн тэмцлийг төгсгөл болгож нэгтгэн Монголыг хүчирхэгжүүлсэн түүхэн удирдагч бол Тэмүүжин Чингис хаан маань байлаа. Бидний өнөөгийн төсөөлөлөөр бол Чингис хаан хүчтэй ерөнхийлөгчийн засаглал шиг нэг гараар хатуу зангидаж Монголыг босгосон гэх дүр зураг бидний ой санаанд төсөөлөгдөн буудаг. Ийм бодолтой явдаг хүмүүст Монголын Нууц Товчоог тун анхааралтай дахин уншаарай гэж хичээнгүйлэн зөвлөе. 
 
Нууц Товчоог яг анхааралтай уншвал 13-р зууны Монголын засаглал нь тухайн үед хаана ч байгаагүй парламентын засаглал байсан байдаг юм. Хаантай мөртлөө парламентыын засаглалтай улс орнууд одоо ч олон тивд байж байгаа. 
Их хуралдай бол алтан ургийн вангууд, есөн өрлөг жанжин, хүлэг бааатрууд, шинээр зохион байгуулагдсан 95 мянгатын ноёд,, цэцэд мэргэдийн хамт чуулан улс орны гол шийдвэрийг гаргадаг тал нутгийн парламент байсан юм. Бултаараа хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг зүгээр санаанаасаа зохиосон үг биш нь ойлгомжтой. Бүгдээрээ хамтран ярилцаж марган шүүж байж хамгийн оночтой зөв шийдвэрт хүрч чаддаг байснаас тухайн олон аян дайны цэрэг стратегийн алхамууд нь амжилттай бол өөрөөсөө олон арав зуу дахин их цэрэг армиудыг ялан дийлж байсан нь дамжиггүй. Нууц товчоонд гаргаж буй шийдвэр бүр нь хамтын шийдвэр байгааг олж уншаад би л лав ихэд гайхан биширсэн. Та ч үүнийг бас анзаарах байх. 
Чухамхүү тал нутгийн цэргийн ардчилал л Өгөөдэй хааны орыг залгах их хааныг тодруулах чуулганд яарсан Батхаан нэгэнт эзлээд байсан зүүн европын талыг орхин нутаг буцсан түүхтэй юм шд. Өөрөөр хэлбэл Монголын цэргийн ардчилал нь Европыг нэг удаа аварч байжээ.
 
Үүнээс хойш Монголын цэргийн ардчилалыг бага багаар бөхөөсөөр, ноёдыг чуулган дээр нь хорлож хороосоор эртний Монгол парламентын олуул хэлэцэн шийддэг жаягаасаа ухарч дан ганц хаанд эрх мэдэл шилжих болсноор Монгол уруудан доройтож эхэлсэн байдаг. Хаан хэдийгээр тэнгэр язгуурт нэгэн боловч хүн л тул улс орны бүх асуудлыг нэгэн биеээр оновчтой зөв шийдэх ямар ч боломжгүй нь тов тодорхой билээ.  Чуулганаар хаанаа тодруулдаг, асуудлаа хэлэлцэн шийддэг замыг завхруулсны үр дагавараар өөрийгөө хаанд тодруулдаг өрсөлдөөн үүсэн ширүүссээр Монголын бага хаадуудын үе эхэлсэн байдаг. Улмаар чуулган ч үгүй, хаан ч үгүй болж харийн эрхшээлд эрх мэдлээ алдан Манжийн хавсрага 220 жил, Зөвлөлтийн хавсрага 70 жил явцгаан харийн гүрнээр улсаа мэдүүлсэн 300 шахам жилийн гашууун зовлонг ард нийтээрээ туулснаа бид мартах учиргүй. 
 
20-р зуун бол Монголчуудын хувьд хувь заяагаа удаан зовсны эцэст гартаа эргүүлэн авсан түүхэн зуун байлаа. 1911 оны 12-р сарын 29-д Монгол улсыг Манжийн эрхшээлээс салган сэргээн мандуулсан хувьсгалыг 1915 онд гурван улсын Хиагтын гэрээгээр доош хийж, улмаар 1919 онд 1912 оны 1 сарын 1-нд Манжаас тусгаарласан Хятадын БНУ-н ардын намын цэргүүд (гамин)  орж ирж үгүй хийснээр 1921 оны хувьсгал гарч Богд Хаанаа ширээнд нь эгүүлэн залж байсан байдаг. Үндэсний энэ хувьсгалыг Оросын Коминтернийхэн ашиглаж аль дэвшилтэд үзэлтэй удирдагчид болох Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг хороосоор Богд хаан жанч халсны дараа улсыг маань Бүгд Найрамдах Улс болгох заавар өгч оросыг дагасан Үндсэн Хууль бичиж өгөөд батлуулсан байдаг юм. Үүнийг эсэргүүцсэн Ерөнхий Сайд Данзан нарыг Шар Хадны аманд буудан хороожээ. Гэвч сэргэж ядаж байсан Монголыг хавчин гадуурхаж байсан Баатар цагаан хаан гэр бүлээрээ хувьсгалчиддаа хороогдож, Гамингийн засгийн газар Полонез иргэдийн уугуул нутаг Тайвань арал руу дутаан гарсан билээ. 
Үүний дараа Орост гаарсан нэг хүний дарангуйллаар цусан зам татуулсан хядлага эхэлж Монголын тухай үеийн хүн амын 20 хувийг устгаад байтал баруун зүгт дэлхийн дайн эхэлж  орос сургагч нар нутаг буцсанаар Монголчуудын нуруу амарч байсан. Гэлээ ч дайн бол дайн л байлаа. Дайны үед засаглалын зарчмаа шинэчлээд Монголчууд цааш алхсан. 
1924 оны Үндсэн Хуулийг 1940 онд шинэчлэн батлахдаа улс орноо нэг хүний захиргаанаас салгах нэмэлт өөрчлөлтийг оруулахыг чармайсан байдаг. 1937-38 оны их хядлага үүнд нөлөөлсөн байх.  Дайны үед ганц толгойгоор шийдээд буруудвал маш хэцүү үр дагавартайг манай удирдагчид зөнгөөрөө мэдэрч энэ өөрчлөлтийг хийсэн нь дамжиггүй.  1940 оны Үндсэн хуульд орсон гол нэмэлт нь МАХН бол төрийн эрх барих этгээд болохыг хуульчлан заасан явдал байлаа. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг нэг хүнээс салгаж олон хүнээс бүрдсэн субьектэд өгөхийг хуульчилжээ. Үүгээрээ хуучны цэргийн ардчилалаа сэргээх оролдого хийж, хүнд хэцүү цаг үед оновчтой шийдвэрт хүрч байх гэсэн эрмэлзлэл байсан гэж үзэж болохоор байна. Энэ нь ч дайны хүнд жилүүдэд үр дүнгээ өгч эдийн засаг нийгмийн шийдвэрүүд оновчтой гардаг болж олон улсын харилцаанд тууштай тулхтай гэх имиж бүрдэхэд ихээхэн нөлөөлсөн. 1944 онд АНУ-н Дэд Ерөнхийлөгч Хенри Валлас Монгол айлчлан үнэхээр ард олноороо хэлэлцэн шийдвэр гаргадаг ардчилсан засаглалын элементүүдийг  олж харснаар Монголыг хөршүүдээсээ ялгаатай тусгаар улс болохыг дэлхийн их гүрнүүдэд ойлгуулахад ихээхэн хэрэг болсон байдаг.   
 
1960 оны Үндсэн Хуульд мөн л хүйтэн дайны оргил үед батлагдаж байжээ. Энэ Үндсэн Хуулиар төрийн эрх мэдэл Ардын Их Хуралд шилжихийг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Цэдэнбалд ч биш, намд ч биш. Парламентын засаглалын нэлээн гүнзгий агуулгатай Үндсэн Хууль маань Монголыг НҮБ-н гишүүнчлэлд элсэхэд хамгийн их хэрэг болсон. 
 
1990 оны ардчилсан хувьсгал 1911 онд эхэлж 1921 онд ялалтаа улаан Орост булаалгасан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ялалтыг гүйцээн баталгаажуулсан юм. 1992 оны Үндсэн Хууль дэлхийн геополитикийн их чичиргээний тоосон дунд бичигдэж батлагдсан бөгөөд энэ Үндсэн Хуулиар Монгол Улс жинхэнэ утгаараа дэлхийн улс болгох эхлэлийг тавьсан билээ.  Гэвч энд бас алдаа гарч хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын холимог засаглалыг сонгож орхисон нь 1998 оноос эхэлсэн засаглалын хямралын гол шалтгаан болж 1998 онд Багабандийн зөвшилцөх хоригоор олж авсан эрх мэдэл дараа дараагийн ерөнхийлөгчдийг өмнөхөөсөө илүү хүчирхэг, шунаг, зэрлэг балмад болгосоор өнөөг хүрчээ. Саяханаас ерөнхийлөгч байсан зарим этгээд ил цагаан Монголыг 70 жил колоничилж байсан Оросын талд дуугарах болов. Өөрөөр хэлбэл нэг удирдагчаар дамжуулан Монголчуудыг яргалж байсан 1924-1938 оны үе рүүгээ буцах эрмэлзлэл нь ил тод харагдаад эхэллээ. Ийм үе сэргэвэл юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхий Сайдууд хэлмэгдэн хороогдож үгүйдээ л хоригддог. Бодоо, Данзан, Гэндэн, Амар, Чойбалсан, Цэдэнбал гээд орост амь тавьсан удирдагчдын халааг Энхбаяр, Энхсайхан, Баяр, Эрдэнэбат нар залган хоригдож байсныг бид мартах учиргүй. Тэд ямар ч хэргээр буруудсан бай ямар нэгэн үйлдлээрээ Оросын эрх ашигт харшилсан удирдагчид байлаа.  Иймээс оросын явуулгаар хилсээр шийтгүүлдэг нь уламжлал болжээ. 
 
Өнөөдөр дэлхийн том дайн мөргөлдөөн ойрхон байна. Ингэж ярих нь хэтрүүлэг сүржигнэл ч биш болоод ирлээ. Яг энэ үед бид харийн гүрэнд амархан чихдүүлэх ганц удирдагч дагавал Халимаг, Тува, Өмнөд Монгол шиг буруу эргүүлэгт татагдан орж баларцгаана. Олуулаа шийдэх, олуулаа хэлэлцэх нь Монголыг түүхийн нугачаанд бүрэн шахуу өнөөг хүртэл чирж ирсэн гол шалтгаан нь байсан байдаг юм.
 
Иймээс Үндсэн Хуулиа одоо бүрэн шинэчилж Парламентын БНУ болж байгаагаа ил тод хуульчилъя. Ерөнхийлөгчийг Английн Хатан Хаан, Японы Эзэн Хаан шиг эв нэгдлийн билэгдэл, үндэсний үнэт эрдэнэс шиг хэмжээнд нь ёслолын фигур болгон үлдээе. Төрийн эрх мэдлээ Парламентдаа хувааж саармагжуулалгүйгээр бүрэн атгуулъя. Ингэвэл илүү дэмий эрх мэдлээсээ салсан ерөнхийлөгчид ч улам таатаай байх болно. Түүгээр дамжуулан улс орны маань дотоод хэрэгт оролцох гэсэн гадны шахаа алга болж амар тайван амьдрал тэр хүнд ирнэ. Ерөнхий сайд маань улс орныхоо гадаад бодлогыг зангидан авч явдаг Их Британи, Японы ЕС шиг болж чадваржина. Үнэхээр буруу яриад эхэлбэл Парлиамент түүнийг дор нь солих ч боломж бий.  
 
Уг нь УИХ-д хүн цөөдөөгүй, харин хууль батлах шийдвэр гаргахад оролцдог мэдлэг боловсролтой хүн л цөөдөөд байна. Тийм эрдэмтэй чадварлаг хүмүүс олноор орж ирэх боломж 76 гишүүнтэй үед боломжгүй.  Иймээс дор хаяж 60 хүн шийдвэр гаргахад байлцууулахыг тулд хүссэн ч эс хүссэн ч 120 орчим гишүүн шаардлагатай болно. Нөгөөтэйгээгүүр Засгийн Газарт ард түмнээс мандат аваагүй тохиолдлын хий эргэсэн нөхдийг орууулахгүйн тулд ЗГ бүхэлдээ ард түмний мандаттай парламентын гишүүдээс бүрддэг болгох ёстой.  Парламентын засаглалтай улсад байдаг гол зарчим бол ЗГ гишүүн нь Парламентын гишүүн байх явдал юм. 
Манайх шиг жижиг улс бусад төстэй орнуудын туршлагыг шууд авчихъя л даа. Шинэ Зеланд гээд хөдөө аж ахуй, аялал жуулчлал давамгайлсан эдийн засагтай манайх шиг цөөн хүн амтай алсын улс бий. Тэр улс нэг танхимтай 120 гишүүнтэй парламэнттай бөгөөд үүний 71 нь тойргоос мажоритар зарчмаар, 49 нь проофрционал зарчмаар сонгогдон төрөө барьцгаадаг. ЗГ нь олон яамтай ч нэг сайд хэд хэдэн яам толгойлдог (манайд дэд бүтцийн салбарыг нэг сайд удирдаж бсан туршлага бий шиг) тул сайд гишүүдийн эзлэх хувийн жин парламентын шийдвэрт нөлөөлөх нөлөөлөл бага. 
Миний бодлоор нийслэл бүх Монголын төлөөлөл тул нийслэлд пропорциональ сонгууль явуулаад орон нутагт нутаг дэвсгэрийн төлөөлөл болгон мажоритар сонгууль хийвэл тохиромжтой харагдаад байдаг. Асар уудам нутагтай аймагт богино хугацаанд сонгуульдах нь бараг боломжгүй шүү дээ. Иймд хөдөөний тойргуудыг жижигрүүлж нэг аймагт 3-5 мандаттай олон жижиг тойрог үүсгэвэл сонгуулийн зардал мэдэгдэхүйц хямдарч олон намын төлөөлөл орж ирэх боломж  үүснэ. Дэлхийн байдал ээдрээтэй үед нэг нам дангаараа үнэмлэхүй олонхи байх нь тэр ялсан намынханд ч хүсмээр зүйл биш. Хэрэв буруудвал тэр нам Монголын түүхээс үүрд арчигдталаа жигшигдэх аюул бий. Иймд эрх мэдлийг аль болох жижиглэн тарааж олон өөр бодолтой иргэдийн оролцоог төрд оруулах нь чухал байна.
 
Үндсэн Хуулиа өөрчлөх тухай биш цоо шинэ Үндсэн Хууль батлах тухай нухацтай болдохгүй бол одооны Үндсэн Хууль маань бургилж байгаа дэлхийн давалгаанд Монголын хөлөг онгоцыг хөмрүүлчих илүү ачаа  тээсэн хэвээрээ байна шүү!
 
Инженер Ц.Бат
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу