Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ буюу 2021 онд олон улсын хуралд оролцохдоо төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн үгсийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхлэн сошиал сүлжээгээр идэвхжүүлэн цацаж, энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд: "Ерөнхийдөө буруу зүйл ярьсан. Гэхдээ хариуцлага тооцох эсэх нь Засгийн Газрын бүрэн эрхийн асуудал" хэмээж байв. Харин иргэдийн дунд нэгэнт Д.Сарангэрэлд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хариуцлага тооцсон юм бол Б.Болор-Эрдэнэд ч энэ зарчим үйлчлэх ёстой гэсэн уур амьсгал хүчтэй байсан юм.
Гэвч МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан: " Б.Болор-Эрдэнийн өнгөрсөн жилийн ярилцлагыг шүүмжилж байгаа нь зохион байгуулалттай гэж харж байна. Мөн орчуулгыг нь тодорхой хэмжээгээр гуйвуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэхээр өөрчилсөн байна" хэмээсэн билээ.
Тэгвэл өчигдөр орой Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ огцрох хүсэлтээ Засгийн Газарт гаргаж буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлэв.
Ингэхдээ тэрээр: " NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.
Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.
Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технилоги, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.
Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугшсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй.
Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед Та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугшсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно." гэсэн тайлбар дайсан юм.
Энэ бүхний цаана юу болов?
Б.Болор-Эрдэнийн эсрэг зохион байгуулалттай акц явсан нь үнэн ба учир нь Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг намын дарга байх үеийн СДМЭХ, СДМЗХ-ы удирдлагыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Үүнтэй ч холбоотойгоор Б.Болор-Эрдэнэ МАН-ын дэргэдэх СДМЗХ-ы Ерөнхийлөгчид нэр дэвшихээр төлөвлөж байсан юм байна.
Энэ нь МАН-ын амбицлаг залуусын нэг хэсэгт огт таалагдаагүй учраас яаралтай зохион байгуулалтанд орж, улмаар Б.Болор-Эрдэнийн маш ойрын хүрээллээс урвагчид гаран, бүтэн жилийн өмнөх бичлэгийг нь олж, сошиал "цаазын тавцанд" зориулсан бүтээгдэхүүн болгон түгээжээ.
Үүнийг нь ч Д.Амарбаясгалан мэдэхийн дээдээр мэдэж байсан тул Б.Болор-Эрдэнийг огцруулах эсэх асуудлыг МАН-ын Удирдах Зөвлөлөөр оруулалгүй авч үлдсэн байна.
Энд нэг сонирхол татаж буй өнцөг байгаа нь Б.Болор-Эрдэнэ хүсэлтээрээ дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж байгаа нь СДМЗХ-ы Ерөнхийлөгчийн төлөөх тоглоомноос гарч байна уу? эсвэл өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн үү? гэдэг асуулт юм.
Б.Болор-Эрдэнийн огцрох хүсэлтдээ: "Гэхдээ энэ бугшсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ." хэмээн бичсэнээс үзвэл тэрээр хүсэлтээрээ огцорч буй нэрээр өрсөлдөгчөө "дагуулж тонгорох" мэх хийх санаатай байгааг илтгэнэ.
Гэвч түүний хүслээс бүх зүйл хамаарахгүй. МАН-ын удирдлагуудын хувьд нийгмийн уур амьсгал яаж өөрчлөгдөх нь чухал бөгөөд хэрэв Б.Болор-Эрдэнэ хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн нь ёс зүйтэй мундаг шийдвэр байна, чадварлаг боловсон хүчин байсан шүү гэх мэт харамссан, дэмжсэн хандлага давамгайлвал түүнийг МАН-ын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч болгох төлөвлөгөө хэвийн үргэлжлэх магадлалтай юм.
Э.Мягмар
Sonin.mn