Caakmedee

ДЭМБ: Амиа алдагсдын тоо огцом өсөж магадгүй

  • Дэлхийд
  • 2023/02/10

ДЭМБ: Амиа алдагсдын тоо огцом өсөж магадгүй

 

Сирийн хилийн ойролцоо Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.

ДЭМБ-ын Европ дахь онцгой байдлын ахлах ажилтан Кэтрин Смолвуд "Харамсалтай нь бид газар хөдлөлтийн дараа яг нэг адил дүр зураг хардаг. Учир нь, нас барсан эсвэл бэртсэн хүмүүсийн тоо дараагийн долоо хоногоос нь мэдэгдэхүйц өсдөг” хэмээжээ. 9000 орчим хүн амиа алдаад байгаа бөгөөд амиа алдагсдын тоо хурдацтайгаар өссөөр байна. Аврагчид цасанд дарагдсан нуранги дундуур самнаж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна.

Дэлхийн улс орнууд аврах ажиллагаанд туслахын тулд мэргэжлийн баг, үнэрч нохой, техник хэрэгсэл зэргийг илгээсээр байгаа юм. Эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байгаа аж. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна. Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа аж.

Сирийн хувьд амиа алдсан иргэдийн олонх нь дайнд нэрвэгдсэн Сирийн хойд хэсгийн иргэд байгаа юм. Босогчдын хяналтад байгаа бүс нутгуудад мөн олон мянган хүн нас барсан тухай мэдээлэл байна.  Хоёр улсын хэмжээнд олон мянган барилга нурсан бөгөөд сүйрсэн барилгуудын дунд 2000 гаруй жилийн турш оршин тогтнож буй түүхэн дурсгалт газар болох Газиантеп цайз ч байжээ. Газар хөдлөлтийн улмаас мөн Туркийн эрчим хүчний дэд бүтэц ихээхэн сүйдэж, тус улсын  өмнөд хэсэгт цахилгааны гэмтлээс үүдэлтэй өргөн хүрээг хамарсан түймэр дэгдээд байгаа аж. Зарим эх сурвалж хийн хоолойд гэмтэл учирснаас гал гарсан гэж мэдээлж байна.  Турк улс дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог. 1999 онд газар хөдлөлтийн улмаас баруун хойд хэсэгт 17 мянга гаруй хүн нас барсан. Түүнчлэн тус улсад 1939 онд болсон газар хөдлөлтийн улмаас Эрзинкан мужид 33 мянга гаруй хүн нас барж байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь Кипр, Ливан, Израиль зэрэг улсад мэдрэгджээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу