Caakmedee

Украинд шархадсан орос дайчдыг Чингисийн нутагт эмчилж байна

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/02/27

Украинд шархадсан орос дайчдыг Чингисийн нутагт эмчилж байна

 

Свободная Пресса, Игорь Моисеев

Сүүлийн үед Монголын эмнэлэг, сувиллын газруудад Украины дайны оролцогчид эмчлүүлэх болжээ. Тэдгээр цэргүүдийн ихэнх нь Монголтой хил залгаа Буриад, Эрхүү, Читагийн иргэд байгаа юм. Ер нь бол ихэнх нь Хиагтын танкийн бригадын буриад дайчид гэж хэлж болно. Энэ бригад Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс тулалдаж байгаа билээ. Шархадсан цэргүүд Буриаддаа эмчлүүлэхээр эргэн ирэхэд солигдоод бусад нь Украинд очно.  

Манай цэргүүдийг Монголд эмчлэх санааг анх Москвагийн ойролцоох Чехово тосгоны бариач эмч Сергей Дробот, Игорь Королев нар гаргажээ. Тэдний байнгын үйлчлүүлэгчид нь Москвагийн морин клубуудын тамирчид, орлон тоглогчид байв. Бариач, массажчин нар ч өөрсдөө морин спорт сонирхдог, нэг нэгнээ эмчилдэг гэнэ. Ковид гарахаас өмнө Москвагийн морин тойруулгад болсон морин спортын ДАШТ-д оролцсон Монголын орлон тоглогчид ч ирдэг байж. Намхан, жижигхэн монгол адуундаа дассан монголчууд өндөр том Орлов, Дон үүлдрийн моринд дасаж чадалгүй, унаж бэртэх явдал их гарч байжээ. Орос морь ч ямар  ч бэлтгэл хийлгүй, морин дээр үсэрч харайн, хөл доогуур нь гарах зэрэг хүнд элемент хийгээд эхэлдэг монголчуудад дассангүй. Баттулга гэдэг монгол залуу эргэлт дээр мориноосоо унаж, агаарт хэд хэд эргээд хашлага мөргөн унасан байна. Үзэгчид айн хашгарахад монгол залуу юу ч болоогүй мэт босоод гар даллан мэндчилсэн ч үнэндээ хүнд гэмтсэн байжээ. Ингээд түүнийг орос бариач нар эмчилж, хөл дээр нь босгосон ажээ. Баттулга одоо ч “Монгол Кино” нэгтгэлд орлон тоглогчоор ажиллаж байгаа гэнэ.

Удалгүй Чехово тосгоны бариач, эмч нар дээр Украины дайнд оролцсон мэргэжлийн болон гэрээт цэргүүд ирдэг болжээ. Хүнд зэр зэвсэг үүрч явсаар бүгд нуруундаа асуудалтай. Тэдний дунд буриад танкчид, тусгай ангийнхан байжээ. Хиагтын бригадын буриад танкчиныг яг эмчилж байхад нь Баттулга скайпаар холбогдож, монгол, буриад хоёр залуу хагас цаг монголоор ярилцсан байна. Ингээд Баттулга буриад танкчин Цырендожиевийг Оргил сувилалд эмчлүүлэхээр болсон байна. Үнэндээ тэр хоёр Буриадаас Монголд эмчилгээний шинэ зам нээсэн хэрэг байлаа. Удалгүй Улаан-Үд, Эрхүү зэрэг Монголтой хил залгаа нутгийн цэрэг дайчид Чингис хааны нутагт ирж, эмчлүүлдэг болсон байна.

Монголын орлон тоглогч, бизнес эрхлэгч Ариунболд Дорж Москвагийн ойролцоо болсон морин спортын ДАШТ-д шигшээ багаа удирдан оролцож, мөнгөн медаль хүртэж явсан тамирчин. Тэрээр “Орос дайчдыг Монголд эмчлүүлэх саналыг бид гаргасан. Гаргахаас ч өөр арга байхгүй. Нэгдүгээрт, Монголд, Чингис хааны үеэс цэрэг дайчдаа хүндлэн дээдэлдэг уламжлалтай. Хоёрдугаарт, одоо ОХУ-ын монгол угсааны буриад, халимаг цэргүүд Украины дайнд идэвхтэй оролцож байгаа. Тэд Монголд ирэх дуртай” гэж бидэнд ярилаа.

Ариунболд Дорж “Буриад цэргүүд монгол гэрт амьдран, түүдэг галны дэргэд суун, айраг ууж, тарвага, хонь, тэмээн махан хоол идэх дуртай. Монгол хонины мах дэлхийд хамгийн амттай хоол. Бид тэднийг Тэрэлжид аваачиж, Чингис хаан, түүний өрсөлдөгч Жамуха хоёрын тухай тусгай морин шоу үзүүлдэг. Их хааны гэрт орж үзсэн буриад, халимаг дайчдад Чингис хааны сүнс шингэдэг гээд хэлчихэд буруудахгүй. Ийм маягаар эмчилдэг юм. Үүнээс илүү эмчилгээ гэж байхгүй. Бид заавал монгол угсааны цэргүүд гэлтгүй бусад өөр үндэстний цэргүүдийг ч хүлээн авахад бэлэн байна. Оросууд загасчлах дуртай. Удахгүй Хиагтаас шинэ “загасчид” ирнэ. Саяхан Тувагийн гэрээт цэргүүд ирлээ, харахад монголчуудаас ялгагдах зүйлгүй. Бидэн шиг л хээр тал, морь, нум суманд дуртай. Буриад, халимаг, тувачууд Монголыг өвөг дээдсийнхээ өлгий нутаг гэж үздэг. Тэд энд ирээд хээр талаас хүч чадал олоод буцдаг. Орос улсад хүнд хэцүү үе тулгарахад монголчууд бид үргэлж туслаж, дэмжиж ирсэн. Бат хааны үед л бид хоорондоо тулалдаж байсан болохоос одоо бол цаг өөр. Аугаа Их Эх орны дайны үеэр монголчууд ЗХУ-ын армийг дулаан хувцас, эсгий гутал, ноосон оймсоор хангаж байлаа. Офицеруудад нь хонины арьсан дээл илгээж байв. Үүнээс гадна хагас сая монгол адуугаар тусалсан. Манай монгол адуу дайн дуустал фронт дээр ачаа зөөж байсан түүхтэй. Монгол адуунд зориулсан хөшөө Москвад ч байдаг шүү дээ. Одоо бид танай цэрэг дайчдыг эмчилж байна. Тэгэхээр Орост хүнд хэцүү одоо үед ч монголчууд тусалж л байна. Цаашдаа ч туслах болно” гэж хэлсэн юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу