Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын барилгын гадна талыг сүү өргөж бохирдуулсан зураг олон нийтийн сүлжээнд гараад буй.
Уг нисэх буудалд сүү өргөх хэсэг байдаг эсэх болон бохирдлын талаар нисэх буудлын Зорчигч, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баасантуяагаас тодрууллаа.
Тэрбээр "Нисэх буудал дээр үдэн гаргагч нар хол явж буй хүмүүсийн араас сүү өргөдөг. Үүнийг албан ёсоор хориглоогүй. Гэхдээ барилгын гадна фасад болон орчныг бохирдуулаад байгаа асуудалд байнгын хяналт тавьж, үйлчилгээний ажилтнууд сүү өргөж болох хэсгийг зааж өгдөг. Тодруулбал, явах гэж байгаа онгоцыг харах харууц сайтай хэсгийг зааж өгөн сүү өргүүлдэг. Энэ ажилд иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдэд мэдээлэл өгөх болон хяналт тавих, чиглэл өгөх зэргээр ажилладаг.
Энэхүү хяналтаас гадуур сүү өргөсөн учраас нисэх буудлын барилгын шилэн хийц болон замын хоёр талын хашлага, цементэн гадаргууд бохирдол хуримтлагдсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаа нэмэх градустай байсан тул шилэн хийцийн гадаргууг цэвэрлэлээ. Үргэлжлүүлээд дараагийн хэсгийн цэвэрлэгээг хийхээр ажиллаж байна.
Хүйтний улиралд гадаах бохирдлыг ойр, ойрхон чийгтэй, устай цэвэрлэгээ хийх боломжгүй байдаг.
Үйлчилгээний ажилтнуудын хэлж өгсөн хэсэг дээр очиж сүүгээ өргөх, сүү өргөхдөө литр, литрээр нь цацах бус бага хэмжээний сүүг замдаа задгай газар явж байхдаа өргөж байхыг иргэддээ зөвлөе.
Түүнчлэн сүү өргөхийг зааж өгсөн талбай дээр нэг хэрэглээний аяга, сүүний саваа хаядаг. Хог хаягдлаа зориулалтын саванд хийх, эс бол машиндаа авч явж бидний ажилд туслаарай гэж хэлэх байна.
Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд 24 цагаар нэг ээлжид 12 хүн ажилладаг. Зорчигчийн ачаалал ихтэй үед нисэх буудлын ажилтнууд үндсэн ажлынх нь үүрэгт тухайн орчноо цэвэрлэх тухай байдаггүй ч тухайн орчноо цэвэрлэчихдэг хэвшилтэй, зарчимтай.
Хөшигийн хөндий дэх нисэх буудлын гадна талд сүү өргөх хэсэг гэж байдаггүй" гэсэн мэдээллийг өгөв.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээнд явагдаж байгаа мэдээлэлтэй холбогдуулан "Цаг агаарын байдал, хүйтний улиралтай холбогдоод нисэх буудлын гадна талбайн цэвэрлэгээ хойшлогддог. Хийсэн ч цэвэрлэгээний үр дүн муу байдаг. Гадна фасадны цэвэрлэгээ болон тоосжилттой холбоотой асуудал цаг агаартай уялдаатай байдаг учраас хүмүүст зөрүүтэй ойлголт байж магадгүй. Гэхдээ бид бүх улиралд цэвэр, цэмцгэр, бусдад үлгэр дуурайлал болсон байгууллага байх болно" хэмээн хэллээ.
Шинэ нисэх буудлын гадна зорчих хэсгийн цас, мөсийг цэвэрлээд зүлэгтэй хэсэг рүү овоолсон. Энэ цас нь давс, бодисын хольцгүй учраас зүлгээ чийглэх маягаар овоолдгийг тэрбээр тодотгов.