Caakmedee

Туркийн Ерөнхийлөгч үр тарианы гэрээний талаар В.Путинтэй утсаар ярина

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/03/23

АНКАРА./Anadolu/.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй ойрын өдрүүдэд утсаар ярина гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.


“Бид В.Путинтэй ойрын 2-3 хоногт утсаар ярина” гэж Р.Эрдоган Туркийн “NTV”, “Star” телевизүүдээр шууд дамжуулсан ярилцлагынхаа үеэр хэлжээ. Турк улс Орос, Украины хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байгааг дэлхий нийт үнэлж байгааг тэрбээр онцолсон байна.

Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны улмаас үр тарианы экспорт зогсоод байв.

Р.Эрдоган өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө гэрээ сунгагдсан талаар мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч мөн ядуу буурай орнууд руу үр тариаг үнэ төлбөргүй илгээх В.Путиний саналын талаар сануулан дурдсан байна. Түүний хэлснээр, Турк улс улаан буудайг худалдан авч гурил үйлдвэрлээд, ядуу буурай орнууд руу илгээхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ.

“В.Путинтэй хамтран бид энэ чиглэлээр мөн ажил өрнүүлэх болно” гэж Р.Эрдоган хэлсэн байна. Анкарагийн засаг захиргаа мөн Оросын бордоог буурай хөгжилтэй орнуудад нийлүүлэхээр зорьж байгааг тэрбээр нэмж хэлжээ. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу