Caakmedee

Шингэн зүйл уух эсэхийг таны өөрийн цангах мэдрэмж шийднэ

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/01/09

Эрүүл амьдралын хэв маягтай холбоотой ихэнх зөвлөгөө, мэдээлэлд их хэмжээний шингэн зүйл уух нь бие организмд чухал нөлөөтэй хэмээсэн байдаг. Тийм ч учраас хүмүүс  шингэн зүйлийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь бий. Яг үнэндээ эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ тооцоолж гаргасан уувал зохистой шингэний хэмжээ гэж одоогоор байхгүй. Нэг үгээр хэлбэл бид нарийн судалгаа, шинжилгээнд үндэслээгүй ойлголтод итгэж, өдөрт заавал хоёр литр ус уух ёстой юм шиг санадаг.
1945 онд Америкийн Үндэсний Хүнс болон тэжээлийн судалгааны зөвлөлөөс гаргасан мэдээлэлд насанд хүрсэн хүн өдрийн турш хэрэглэх калори бүртээ нэг мл шингэн уувал зохистой гэжээ. Үүнтэй холбоотойгоор хүмүүс шингэн зүйл тэр дундаа ус уухын ач тусыг ярьж эхэлсэн байна. Мөн 1974 онд хэвлэгдсэн “Nutrition for Good Health” номд дурдсанаар хүн өдөр бүр 6-8 аяга шингэн уух хэрэгтэйг зөвлөжээ. Уг номыг бичсэн мэргэжилтнүүд төдий хэмжээний шингэн уух хэрэгтэй гэж зөвлөхдөө “шингэн” гэдэг үгний утгад уснаас гадна бусад төрлийн шингэн зүйлс багтахыг тодотгосон нь бий. Өдөрт авах шингэний хэмжээнд цай, кофе, тараг, шөл, тэр ч бүү хэл жимс, жимсгэнийн төрлийн зүйлээс авах шингэний хэмжээг багтаасан нь өмнөх ойлголтоос ялгаатай.

Ус хэтрүүлэн хэрэглэж болохгүй шалтгаан

Оросын хоол тэжээлийн мэргэжилтэн Елена Мотовагийн зөвлөснөөр усыг зохист хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэвэл үхэлд хүргэж болзошгүй аж. Нэг дор маш их хэмжээний ус уух нь усны хордлого бий болгодог. Ус эхлээд хоол боловсруулах эрхтэнд уусаж, дараа нь цусны урсгалд ордог байна. Харин цусанд шингэний илүүдэл үүссэн үед натрийн хэмжээ буурдаг. Дараа нь ус эсүүд рүү шилжиж, эсийг цүлхийхэд хүргэдэг. Цусанд шингэний илүүдэл үүсэж, натрийн хэмжээ буурснаар бие сульдах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, цаашлаад тархины хавдалт хүртэл үүсгэх эрсдэлтэй байна.

Зохист хэмжээ

Мэргэжилтнүүдийн баталсан нийтлэг дүрмээр хүн өдөрт биеийн жингийнхээ нэг кг тутамд 30 мл шингэнээр тооцож, шингэний хэрэглээгээ зохицуулах нь зүйтэй. Гэхдээ биеийн жин болон өндрөөс гадна бусад хүчин зүйлсээс шалтгаалж, хүн бүр харилцан адилгүй шингэний хэрэглээтэй байж болох тул амьдралын хэв маягаа заавал тооцоолох хэрэгтэй.

Ердийнхөөс илүү их шингэн зүйл хэрэглэх тохиолдол

  • Спортоор хичээллэж байгаа тохиолдолд
  • Зуны улиралд
  • Хөхүүл ээж бол
  • Хоолны хордлогод орж, их хэмжээний шингэн алдсан бол
  • Онгоцоор олон цаг ниссэний дараа
Шингэн зүйл уух цаг болсныг зөвхөн таны өөрийн цангах мэдрэмж л шийдэх ёстой. Юу дутагдаж байгааг бие организм өөрөө мэддэг бөгөөд ямар нэг зүйлийн дутагдал үүсэх үед шууд л дохио өгдөг. Тиймээс өөрт юу хэрэгцээ шаардлагатай байгааг анзаарч, шингэн зүйл уумаар санагдвал ууж, үгүй бол өөрийгөө хүчлэх шаардлагагүй.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу