Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн хэдхэн цагийн дотор 3000 гаруйгаар нэмэгдэж, 12 391-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас өнөө өглөө мэдээллээ. Туркт газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид гурван сарын хугацаатай онцгой байдал тогтоогоод байгаа юм.
Харин Сирид амь эрсэдсэн хүний тоо 2992-т хүрээд байна. Төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр, Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1262 хүн амиа алдсан бол “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллагын мэдээллээр босогчдын хяналтад байдаг бүсэд 1730 хүн амь эрсэджээ.
Сирид байгалийн гамшигт өртсөн бүсэд гэмтэж бэртсэн хүний нийт тоо 5108-д хүрээд байгаа бол Туркийн Засгийн газар, “Цагаан дуулгатнууд”, Сирийн мэдлийн хэвлэлийн мэдээллээр, хоёр улсад нийтдээ 58 087 хүн гэмтэж бэртээд байна.
Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул амиа алдсан, гэмтэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэхийн зэрэгцээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг олох боломж багасна гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, даваа гарагт орон нутгийн цагаар 04:17 цагийн үед Туркийн Газиантеп хотын ойролцоо 18 км-ийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус хот нь хоёр сая орчим хүн амтай юм. Газар хөдөлсний дараа олон тооны хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Хил орчмын бүсэд энгийн оршин суугчдаас гадна Сирийн иргэний дайн болон бусад зөрчил мөргөлдөөнөөс дүрвэсэн олон сая хүн амьдардаг.