Монгол Улсын Хөгжлийн банк 2023 оны 10 дугаар сарын 23-нд “Евро” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтөө хийсэн байна. Үүнтэй холбогдуулан бид Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа.
- Хөгжлийн банк 500 сая ам.долларын өрөө дарлаа. Эх үүсвэр нь хаанаас гарав?
- Бид 500 сая ам.долларын бондын төлбөрийг хүүгийнх нь хамт төлж барагдуулсан. Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтөөс эх үүсвэр нь бүрдсэн.
- Бондын эргэн төлөлтийг хийснээр манай улсын гадаад, дотоод эдийн засагт ямар үр өгөөж бий болох вэ?
- Банк өр төлбөрөө өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулж байна. Энэ хэрээр улсын өрийн хэмжээ багасаж байгаа юм. Хөгжлийн банк өөрөө өвөрмөц онцлогтой санхүүгийн байгууллага. Энэ нь юу вэ гэхээр олон улсын зах зээлээс урт хугацаатай эх үүсвэр татах замаар улсынхаа эдийн засагт шаардлагатай байгаа төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тэдний итгэлийг баталгаажуулсан ажил боллоо.
Монгол Улсын Хөгжлийн банк хоёр том өртэй. Нэг нь сая төлсөн 500 сая ам.долларын төлбөр, нөгөө нь 30 тэрбум иений “Самурай” бонд. Энэ хоёр өрийг төлснөөр үндсэндээ Хөгжлийн банк дахин эх үүсвэр татах боломж нэмэгдэнэ. Уг татсан эх үүсвэрээрээ зайлшгүй шаардлагатай, Хөгжлийн банкны санхүүжүүлж болох төслүүдийг илүү өргөн хүрээнд дэмжих боломжийг бий болгоод байна.
- Евро бондыг ямар зорилгоор гаргасан, хэрхэн зарцуулсан, үр өгөөж нь юу байсан бэ?
- Евро бондыг 2018 онд гаргасан. Тухайн үедээ өмнөх өр төлбөрөө төлөхөд зарцуулсан. БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл, Щвейцарийн “Кредит Свисс” банкнаас авсан зээл, АНУ-ын Каргилл санхүүгийн байгууллагаас авсан өр төлбөрийн үлдэгдэл болон бусад богино хугацаатай эх үүсвэрүүдийн үлдэгдлийг төлж барагдуулахад зарцуулсан.
ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖҮҮЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН ОЛОН ТӨСӨЛ БАЙГААГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
- Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Өнгөрсөн жилээс олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлууд шийдэгдэж байгаа юу?
- Бид бүх үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгахыг зорин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улс даяар Хөгжлийн банк гэж ярилаа шүү дээ. Энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдээд явж байгаа. Цаашдаа хийх ажлууд ч олон байна. Банк зөвхөн зээлийн өр төлбөрийг барагдуулах, гадаад өр төлбөрөө төлөх дээр л анхаарал хандуулаад байгаа юм биш. Шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх бэлтгэл ажлаа ч мөн хийгээд явж байна. Банкны бизнес модель, засаглал дээр засах зүйл олон бий. Мөн өмнөх алдаагаа давтахгүй байх хүрээнд шаардлагатай ажлуудыг тогтмол хийгээд явж байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж амжилттай хэрэгжсэн олон төсөл байгааг мартаж болохгүй. Бид цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”-д багтсан төслүүдээс Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжтой төслүүдийг судлаад эхэлсэн. Мөн тогтвортой хөгжил, байгаль дэлхийд ээлтэй байх зорилтууд дээр ач холбогдол өгч, ногоон бонд, ногоон санхүүжилтийн эх үүсвэр татах боломжуудыг эрэлхийлж байна. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлд санхүүжилтийг хэрхэн олгох талаар олон улсын стандарт баримтлах, Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн ажиллах тал дээр олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Urug.mn