Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангиа төгсөж буй сурагчдаас авдаг Элсэлтийн Шалгалт энэ оны долдугаар сарын 4-7-нд зохион байгуулагдах хуваарь гарсан.
Үүнтэй холбогдуулан Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас гаргасан энэ жилийн Элсэлтийн Шалгалтын журмыг танилцуулж байна. Тус журамд:
- Монгол хэл бичгийн шалгалт үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
- Шалгуулагч нь "монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.
- "Монгол хэл бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
- Элсэлтийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.
- Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын таван өдөрт хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
- Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно гэж тус тус заажээ.