Caakmedee

Газрын тосны салбарын бодлогыг хятадууд тодорхойлж байна

  • Нийтлэл
  • 2019/02/27
Дорнод аймгийн Матад сумыг Хятадууд “бүсэлчихэж”
Газрын тосны салбарт монголчуудын оролцоо тун бага байгааг салбарынхан хийгээд орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд ам нээдэг ч төдийлөн газар авахгүй явсаар өдийг хүрчээ. Энэ салбарт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд аль хэдийнэ байр сууриа тогтоож газрын доорх шавхагдах баялагийг маань эх орондоо зөөсөөр даруй арван хэдэн жилийг үдсэн гэхээр яалт ч үгүй эл салбарын хөгжлийн асуудал аль ч цаг үед сөхөгдсөөр байх сэдэв.Тэр ч утгаараа бид Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын газрын тосны 19, 21-р талбайгаар явж үйл ажиллагаа явуулж буй компаниудтай танилцаж, бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.Энд үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай. Тэр ч бүү хэл монгол компани нэртэй хятад иргэдийг ажлуулдаг кэмпууд олон байна. Бүр тодруулбал, монгол иргэний нэр дээр компани байгуулаад хятадаас техник хэрэгслээ татаад үйл ажиллагаа явуулдаг хятад иргэд цөөнгүй. Учир мэдэх хүнээс лавлахнээ ихэнх нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хамааралтай этгээдүүд гэх. Тэгэхээр энэ компанийн охин компаниуд, хамааралтай нөхөд Матад сумыг “бүсэлчихсэн” гэсэн үг. Хаа сайгүй Хятад хаягтай компаниуд, хятад ажилчид, хятад тээврийн хэрэгслүүд.
Нөгөөтэйгүүр, энэ их олборлолт, тээвэрлэлт гээд үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байхад ойр орчимд нь нэг ч хөгжил алга. Хүний урманд хүнсний дэлгүүр, мухлаг ч байхгүй гэхээр Матад суманд орж байгаа хөрөнгө оруулалт хэр байгаа нь илхэн. Тэгсэн хэрнээ Хятадууд нь өөрсдөө Ланд 80 голоод Ланд200 унадаг. Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдийг голоод Хятадаас хүнсээ татдаг, монгол хүүхнүүдийг голж шилж байгаад дотносдог гэж байгаа.
Энэ мэтчилэн Хятадуудын тансаглал, дураараа авирлалтыг тоочоод байвал дуусахгүй. Харин монгол компаниудыг хааж боогдуулдаг байдал, тусгай зориулалттай тээврийн хэрэгсэл гэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг баримтуудыг дор онцолъё.
Хэдэн монгол компаниудаа Хятадуудын өмнө толгой гудайлгаж суугаа Төр ичих хэрэгтэй!!!
Матад, Халх гол сумдад газрын тосны чиглэлээр туслан гүйцэтгэгчийн ажил үйлчилгээ явуулдаг 10 хүрэхгүй Монгол компани ажиллаж байна. Энэ нь сайндаа ч биш. Тухайн улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учир монгол иргэн, монгол компаниудыг дэмжин ажиллаж байгаа гэдгийг илтгэх гэсэн эмгэнэлтэй гэмээр өнгөлөн далдалт. Түүнчлэн, өөрсдийн хүн хүч, ажиллах техник, овсгоо самбаагаараа хэдхэн туслан гүйцэтгэх ажил авч чадсан Монгол компаниуд маань илүү их хөгжин дэвшиж, үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байгаа ч “Петрочайна Дачин Тамсаг”-аас дарж, хааж боогдуулж байдаг. Тухайлбал, тээвэрлэлтийн туслан гүйцэтгэх ажил авсан компани үйл ажиллагаагаа явуулж байхад ялихгүй зүйлээр шалтаглаж тээврийн тусгай эрхийг нь цуцлана, үйл ажиллагаа явуулахыг нь болиулна зэргээр дарамтлах үзэгдэл энүүхэнд гэх. Монгол иргэн эх орныхоо хөрсөн дээр хамгийн муу гэснийг хийж, хятадуудын оноосон хар бор ажилд хэдий болтол гүйх вэ?
Мөн нарийн мэргэжлийн тусгай зориулалтын техник гэж 172 тээврийн хэрэгсэл Хятадаасаа оруулж ирдэг. Гэтэл эдгээр тээврийн хэрэгсэл нь монголчуудын ажлуулж чадах, үйл ажиллагаандаа ашиглаад явж болохоор машинууд байдаг. Үүнийгээ нарийн мэргэжлийн, тусгай зориулалтын гэж тодотгон үйл ажиллагаандаа ашигласаар өдийг хүрчээ.
Тэгвэл манай улсын иргэд эх орныхоо хөрсөн дээр хөдөлмөрийн үр шимээ тарьж, сайхан амьдрах боломж бий юу?. Газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин, техник төхөөрөмж хангалттай болж чадсан уу гэдэг асуудлаар энэхүү нийтлэлээ үргэлжлүүлье.
Төрөөс бодлогын хүрээнд дэмжээд өгвөл Монголчуудад бүх нөөц боломж бий
Манай улсад хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гээд газрын тосны салбарт хэрэглэгдэж байгаа бүгдийг оруулж ирэх боломжтой. Үүнийг нь ажлуулаад газрын тосны салбарт хувь нэмрээ оруулаад явах боловсон хүчнүүд ч хангалттай олон. Гагцхүү төр засаг, салбарын бодлого тодорхойлогчид үүнд анхаарлаа хандуулж Монголын газрын тосны салбарын сүүлийн үеийн нөөц боломж, хөгжил дээр тулгуурлаж зөв санал, шийдэлд хүрэх л чухал юм. Монгол залуус хөдөлмөрч, юм сурахдаа сайн. Тиймээс онолоос илүүтэй практикт багахан хугацаанд суралцахад л хятадуудын хийдэг бүх ажлыг дангаараа гүйцэтгэх боломжтой юм. Хэдий гадны хөрөнгө оруулалт, боловсон хүчин энэ салбарт зайлшгүй хэрэгтэй ч монгол иргэдээ чадавхжуулах, баялагийн шимийг монголдоо төвлөрүүлэх боломж дүүрэн байгааг салбарынхан онцолж байна.
Газрын тосны чиглэлээр суралцаад төгсөж байгаа оюутнууд гэхэд хэдэн арваараа. Гэтэл энэ чиглэлд ажиллах нөхцөл боломж тааруу, ажлын байр хомс, практикт суралцах мөрөөдөл болчихоод байхад тэд шатахуун түгээх станцад түгээгч хийхээс өөр яах юм бэ.
Салбарынхаа хөгжилд түлхэц болох орчин үеийн шинэ техник технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн монгол компани эл салбарт гишгэх зай хомсхоноос болж дампуурах дээрээ тулчихаад байхад ганц, хоёрхон туслан гүйцэтгэх ажил авч байгаа монгол компаниуд гуяа алгадаад чимээгүй суухаас яах юм бэ. Энэ бүгдийг Төр Засгийн хүрээнд бодлогоороо дэмжээд өгвөл энэ чухал салбарынхаа багахан хувийг ч болов монголдоо төвлөрүүлэх боломж байгааг хаа хаанаа бодолцох цаг нь ирсэн юм биш үү.
Одоо ажиллаж буй тоотой хэдэн монгол компаниудаа дэмжээд, ахиад дээрээс нь тоог нь нэмээд явах боломж гарц гаргалгаа байж л таараа. Яг мэргэжлийн боловсон хүчин гэх 20 гаруй хүн Матад суманд байна. Өдийг болтол ажилтай болж чадаагүй. Арай гэж ажилтай болсон хэд нь дэвшихгүй яг нэг ажлаа өчнөөн жил хийдэг. Тэгвэл энэ бүхнийг бодлогын хүрээнд яг одооноос анхаарч үзвэл сүйтгэгдсэн байгаль, хоосон хээр талтай үлдэхээс арай дээр зүйл ирээдүй хойчдоо үлдээх байх гэж бодох юм.
Эцэст нь гэж хэлэхэд, яагаад “Петрочайна Дачин Тамсаг”-т хэн ч нөлөөлж чадахгүй байгаа юм. Монголын нутаг дэвсгэрт Монголын хуулийг мөрдөхгүй өөрсдөө хууль зохиож амьдрах боломж тэдэнд хэн олгов?. Анхны гэрээг өөрчилж болохгүй ч шинэ журам, заалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд монголчууддаа ашигтай боломжийг тусгах талаар яагаад эрэлхийлэхгүй өдийг хүрэв?. Энэ бүх асуултыг Монголын төр, АМГТГ, УУХҮЯ зэрэг холбогдох газруудад тавьмаар байна.
Эх сурвалж: enter.mn
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу