Caakmedee

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/11/29
Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас дөнгөж сая гаргалаа. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж Засгийн газар үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээврийн 160 компанид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлжээ. Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт мөн жолооч нарын орчин, эрүүл мэндэд анхаарахыг үүрэг даалгавар өгсөн байна. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна. 

Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу