Caakmedee

Прокурорын мөрдөнг устгасан улс төрийн түүх

  • Нийтлэл
  • 2019/04/11
-Баримт, түүх хоёр зөрөх нь бий-
С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар гурвыг хилсдүүлсэн гэх зураглалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярьж байгаа. Тэднийг эрүүдэж, тарчлааж хэрэг хүлээлгэсэн бөгөөд энэ бүхнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохын тулд улс төрийн зорилгоор захиалсан, хошууч генерал Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гүйцэлдүүлсэн, Г.Эрдэнэбат Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа зохиосон гэж тав дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байгаа тэрээр ярив. Ц.Нямдоржийг сайд болоход ТЕГ-ын дарга Б.Хурц, “Ц.Нямдорж С.Зоригийн хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг самардаг. Илрүүлэхэд саад болдог” гэж ярьж байв. Өөрөөр хэлбэл, Б.Хурц нь Ц.Нямдоржийн өнөөдрийн яриа болохыг мэдэж байжээ гэж. “Энэ хэргийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөх Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Алтангадас фракциасаа томилсон ТЕГ-ын дарга Б.Ариунсангийн үед илрүүлэн шалгасан. Сэтгүүлч болон УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зургаа хоногийн бичлэг дээрх үйл явдал тэр үеийнх. Гүйцэтгэх ажил, нууц мөрдөх ажиллагаанд прокурорт үзүүлдэг, хянуулдаг, харуулдаг мэдээлэл хязгаартай учраас тэр гурван хүнтэй хүнлэг бус харьцаж, эрхийг нь зөрчсөн гэдгийг саяхан л мэдлээ. Энэ хэргийг огт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж шийдээгүй гэдгийг хэлнэ. Гол нь хэргийн материалууд устах вий, захиалагчийг шалгах ажиллагаа замхрах вий” гэж Ерөнхийлөгчийн зарлигаар огцорсон Г.Эрдэнэбат хуульч ам нээв.
С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол Монгол Улсад бүртгэгддэг хэдэн мянган эрүүгийн хэргийн зөвхөн ганц нь бөгөөд олон жил шалгагдсан, улс төрд нөлөө бүхий хүний үхэлтэй холбогдсон гэдгээрээ анхаарал татдаг. “Эрүүдэн шүүлт шинэ юм биш. ХЭҮК жил бүр УИХ-д Хүний эрхийн төлөв байдлын тайлан хэлэлцүүлдэг. Дөрөвдүгээр бүлэгт нь эрүүдэн шүүсэнтэй холбоотой жишээнүүд байдаг. Үүнийг хэрэгсээгүй атлаа энэ хэрэг дээр ингэж байгааг гайхаж л байна. Ямар ч байсан эрүүдэн шүүлт Монголд байгааг мэдэж, байхгүй болгох талаар ярьж байгаа нь олзуурхмаар” гэж ХЭҮК-ын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган хэргийн л нэгд биш хэдэн арваараа болдог эрүүдэн шүүлтийг зогсоох тухайд анхаарах нь олонд хамааралтай, нийгэмд тустай ажил юм. 21 дүгээр зууны Монголд, ардчиллаар 30 гаруй жил замнасан улсад эрүүдэн шүүлт байгаа нь шившиг юм гэж Ерөнхий сайд асан Р.Амаржаргал саяхан мэдэгдлээ.
                                                                       Татан буулгасан нь
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж (АН-ын нарийн бичгийн дарга. МоАХ-ны дарга асан) 2014 оны нэгдүгээр сарын 9-нд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд санаачлагчаар Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гарын үсгээ зурсан. Хуулийг баталснаар, АТГ-ын ажилтнуудыг Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хангамжтай болгосон. Араас нь дээрх гишүүд хамтран Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Энэ хуулийн төслөөр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус газарт шалгаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ-т, ахуйн чанартай хэргүүдийг цагдаад шилжүүлэх байв. Маш богино хугацаанд буюу нэгдүгээр сарын 24-нд хууль батлагдсан. Араас нь дахиад Ш.Түвдэндорж тэргүүтэй гишүүд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Ингээд тухайн өдрөөс Прокурорын мөрдөнгийн албан хаагч, эд хогшил, техник хэрэгслийг АТГ-т шилжүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцэж байх үеийн протоколуудыг дэлгэн харвалэдгээр хуулийн төсөл, тогтоолын төсөлд прокурорын байгууллагаас ажлын хэсэгт оруулаагүй бөгөөд зөвхөн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар л оржээ. Эхний гурван хүн тэндээсээ ТЕГ-т шилжсэнийг бид мэднэ.
Олноо Прокурорын мөрдөн гэж нэршдэг болсон энэ байгууллага 2002 оны есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулсан бөгөөд цагдаа, тагнуул, АТГ, шийдвэр гүйцэтгэх, шүүгч, прокурорын холбогдсон хэргийг шалгаж, эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцах явдалд нь хариуцлага тооцдог институц байлаа. Энэ байгууллагыг татан буулгах үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх үүднээс” гэж тайлбарлаж байжээ. Тухайн үед Ш.Түвдэндоржид одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Энэ мөрдөх албыг 1994 оны хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчиж байгуулсан гэдэг дүгнэлт гараагүй юм шүү. Хуулийн доктор хүн ийм юм яриад байж болохгүй” хэмээн сануулж байжээ. Ер нь эдгээр хуулийг хэлэлцэж байхад гишүүд үг хэлж, асуулт асуусан нь цөөхөн бөгөөд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд машиндаад явуулсан даа.
                                                         Сонирхлын зөрчилтэй санаачилга
Хүргэн Г.Дэнзэн, ахлах зөвлөх Л.Гансүх, намын нөхөр Я.Батсуурь нь АТГ-т шалгагдаад, өөрийг нь дуудаж эхэлсний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Төслийг нь 2015 оны зургадугаар сарын 16-нд Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхэд сурвалжилж байв. Н.Алтанхуягийн төсөл хэдийгээр Прокурорын мөрдөнг байгуулах зорилготой гэх боловч дотроо, АТГ-т харьяалан шалгадаг 10 гэмт хэргээс хээл хахууль өгөх, авах зуучлах гэмт хэргийг үлдээж, үлдсэн долоог нь цагдаагийн байгууллагад өгөх зорилготой байсан. Тодруулбал, АТГ-ын төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахууль өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэсэн гэмт хэргүүдийг цагдаагаар шалгуулах шийдэл байв. Н.Алтанхуягийн ойр тойрныхон цагдаад шилжүүлэхийг хүссэн зүйл ангиар шалгуулж байв. Тэр үед Ерөнхий прокурор байхдаа Мөрдөн байцаах албаныхаа төлөө ганц үг ганхийгээгүй АН-ын дарга асан Д.Дорлигжав Хууль зүйн сайд болоод байлаа. Ийм учраас УИХ-д ажлаа тайлагнадаг дүлий цэрэг АТГ-аас хэргийн харьяаллыг холдуулж, Засгийн газрын тохируулагч агентлаг буюу Д.Дорлигжавын харьяа агентлагт өгье гэж Н.Алтанхуяг найдсан байж болох юм. Гэхдээ тэр хууль нь эсэргүүцэлтэй тулгарч, тухайн үед Н.Алтанхуяг хэт ашиг сонирхолтой харагдаж байсан тул батлагдаж чадаагүй л дээ.
Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ-т шилжсэн түүх хөшигний ард маш эмгэнэлтэй. Энэ бол оператив үйл ажиллагаа явуулдаг арга хэрэгслээрээ прокурор болон АТГ газар ганцаараа биш цагдаа, тагнуулын байгууллагатай зодоон хийсэн учраас сүүлдээ ийм үр дагаварт хүрсэн. Маш олон хэргийг нэр устай нь прокурор дээр хэрэгсэхгүй болгоод авлига аваад, тэр нь батлагдаад, АТГ-т шалгах гэтэл прокурор АТГ-ын мөрдөн байцаагчдыг өөрийн Мөрдөн байцаах албаараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ингэж зодоон үүссэнээс болсон шүү. Энэ бол хөшигний ард болсон тусдаа асуудал. Гуя дагаж хүзүү гэгчээр хамгийн том зөрчил нь шүүх, прокурор цагдаа гэх мэтчилэн алба хаагчдын авлигын хэргийг АТГ-т шалгуулахгүй гээд прокурор татаж авснаас болоод дахиад энэ хууль зүйн хэрүүл болж хувирсан. Эндээсээ болоод нэг хэсэг гишүүд санаачилга гаргаад УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу явуулчихсан” гэж хэлсэн нь бий.
                                                             Давын өмнө бүдэрсэн санаачилга
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эмнести интернэшнл, Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн бусад байгууллагууд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин байгуулах асуудлыг хөндсөөр л байв. МАН УИХ-д олонхийг бүрдүүлсний дараагаар ёсчлоогүй хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг эгүүлэн татаж, дахин боловсруулсан. Энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт байв. Тухайн үед томилогдсон ажлын хэсэг төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд 2017 оны тавдугаар сарын 18-нд батлуулсан. Уг нь төсөлд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг “Дэмжлэг үзүүлэх алба” нэрээр дахин байгуулахаар тусгасан байв. Энэхүү алба нь хуульд заасан хэргийн харьяаллаар мөрдөн байцаалт явуулах боловч мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрхгүй байхаар төлөвлөсөн. Гэвч яг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Хууль зүйн байнгын хорооны саналыг унагаж, уг заалтыг төслөөс хасч баталсан юм. Хууль батлах үед Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар л Прокурорын мөрдөнг сэргээх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг юм. Энэ бол хуулийн төсөл хэлбэрээр орж ирсэн сүүлийн санаачилга.
Хууль батлагдсаны дараа Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших бидэнд, “Прокурорын мөрдөн байхгүй болсонтой холбоотойгоор АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагч нараас үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоохоор хуульчилсан. Тэгэхээр АТГ-ын ажилтныг АТГ шалгахгүй, цагдаагийн ажилтныг цагдаа шалгахгүй байх хуулийн гаргалгааг хийж өгсөн гэж хэлж болно” гэж ярьсан.
                                                                       Болсон явдал
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг анхнаас нь эхэлж 11 жил удирдсан Б.Галдааг 2013 онд Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор болсныхоо дараа чөлөөлөв. Ингээд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогтыг уг албан тушаалд тухайн оныхоо нэгдүгээр сард томилов. И.Пүрэвцогт нь есөн сарын өмнө Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. И.Пүрэвцогтыг ажиллаж байхад тагнуулд хамт ажиллаж байсан АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу нарын зөвлөмжөөр боловсруулсан хуулийн төслийг, УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт баталж Прокурорын мөрдөнг татан буулгав. Буулгахаас өмнө И.Пүрэвцогтыг ажилтнуудын цалингаас их хэмжээний мөнгө санхүүгийн ажилтантайгаа хамт завшсан хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн байлаа. Байгууллагыг нь татан буулгасны дараа Өршөөлийн хуульд хамруулж И.Пүрэвцогт хурандааг сулласан билээ.
Яг өнөөдрийн нөхцөлд ХЭҮК-ын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, “Прокурорын мөрдөнг татан буулгасан үйл явдал нь эрүүдэн шүүх үйл ажиллагааг гааруулсан” гэж ярьж байна.
Саяхан УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 11 жил удирдсан Б.Галдаа хэвлэлд, “Тусгай субьектийг шалгадаг асуудлыг шинээр авч үзэхгүй бол эзэнгүй газарт хэн нэгнээр тонгочуулаад байж болохгүй. Эрүү шүүлтийг багасгах шийдлийг хууль тогтоогчид ямар байдлаар шийдэх нь төрийн бодлого. Заавал прокурорын дэргэд байх уу, хаана байх вэ гэдгийг тэд тогтооно. Ямар ч байсан одоогийн байгаа бүтэц болохгүй байна” гэсэн юм.
Мөн саяхан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах байцаагч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, “АТГ-ын ачаалал шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлснээр эрс нэмэгдсэн. Хажуугаар нь цагдаа эхнэрээ зодсон хэргийг ч шалгаж байна. Нэг байцаагчид сард 25-30 хэрэг ирдэг. Ядаж 100 мөрдөн байцаагчтай болохгүй бол ачааллаас болоод хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учирч байна” гэжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Түр хороо байгуулах шийдвэр гаргаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг солих хуультай болсон. Хууль тогтоох дээд байгууллага, 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний бодлого оновчтой юу...

Г.Улсболд 
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу