Caakmedee

“Хурдны зам”-аараа сажлаад байж дээ, жолооч нар минь

  • Нийтлэл
  • 2019/05/13
Хурдны зам дээр 80 км/цагаас илүү хурдалвал торгуулах заалт үйлчилж байна
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны зам энэ онд ашиглалтад орно”. Чихэнд чимэгтэй энэхүү мэдээг та бишгүй л сонссон байх. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр уг замын ажлын явц гуравдугаар сарын 5-ны байдлаар 96 хувьд хүрээд байгаа аж.
“Улаанбаатараас олон улсын шинэ нисэх онгоцны буудал холбосон хурдны замын нийт урт 32,2 километр, өргөн 31 метр бүхий зургаан эгнээ, хоёр урсгал бөгөөд 60 см зузаантай байна. Хурдны зам холбох барилга байгууламжийн зургаан гүүр, 49 хоолойн гүйцэтгэлийн ажил 98 хувьтай байна. Одоо ашиглаж байгаа замаар олон улсын нисэх буудал хүрэхэд 30-35 минут зарцуулах бол хурдны зам ашиглалтад орсноор 20-25 минутыг зарцуулна” хэмээн яамны мэдээлэлд дурджээ.
Гэхдээ шинэ замаар салхи татуулан давхих нь гэж баярлахаасаа өмнө түр азна. Монголын анхны хурдны замаар зорчих хурдны дээд хязгаар нь хэд байх юм бол. Монгол Улсын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журамд “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” хэмээн заасан байдаг. Ерөнхийдөө хот дотор 60, орон нутгийн замд 80 км/цаг хурдаас хэтэрч болохгүй. Зөрчвөл торгуулна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ “Манай улс анх удаа хурдны зам барьж байна” гэж гайхуулах хэрэг байсан уу
Хурдны зам гэж юу билээ. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, ямар ч өө сэвгүй, мушгиралдаж тахиралдсан эргэлтгүй, хамгийн сайн чанарын замыг л хэлээд байгаа хэрэг. Тиймдээ ч энэ замаар хурдтай явах ёстой. Тэр ч байтугай удаан явбал торгуулна, хурдны доод хязгаарыг заагаад өгчихсөн байгаа. Харин бид анх удаа хурдны зам барилаа гэж хөөрцөглөх хэрнээ түүн дээрээ 80 км/цагаас илүү хурдалж болохгүй гэж бодохоор утгагүй байгаа биз.
“Яг үнэндээ хөшигийн хөндийн зам тусгаарлах эгнээтэй болохоос хурдны зам биш шүү дээ. Одоохондоо манайд хурдны замын хууль байхгүй. Хотод 60 км/цаг, хөдөө орон нутгийн зам дээр 80 км/цагийн хуртай явна гэсэн заалт байгаа. Олон улсад хурдны зам дээр 120 км/цагаас доош хурдтай явдаггүй. Бас зогсож болохгүй. Манай улс хурдны замтай болох арай болоогүй байна” хэмээн “Заабар” компанийн захирал З.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсныг энд сануулъя.
• Яг үнэндээ Хөшигийн хөндийн зам тусгаарлах эгнээтэй болохоос хурдны зам биш шүү дээ гэв.
• Хурдны дээд хязгаараар хүлэхийн оронд замаа олигтойхон тавьчихдаг болмоор байна.
• Дэлхийн алдартай хурдны замууд бол элдэв янзын эргэлтгүй, ёстой л хаазаа гишгэн хурдалсаар байгаад очих бүх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Хэдийгээр орон нутгийн замд хурдны дээд хязгаар 80 км/ цаг гэж журамласан ч түүнд нь захирагдах хүн байдаггүйг бүгд мэднэ. Хотоос гарсан л бол хаазаа гишгэж, өнөөх 80 гэдэг тоог мартаж орхино. Нэгэнт бодит амьдрал дээр хэрэгждэггүй юм чинь хурдны дээд хязгаар 80 км/цаг гэсэн заалтаа эргэж харах цаг болсон юм биш үү. Хурдны хязгаарыг ийм багаар тогтоосон нь тааруухан замтай орны л шинж юм даа.
Ер нь улс орнуудад тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаар хэд байдгийг сонирхож үзлээ. Ихэнх нь 120-130-ын хооронд хуульчилжээ. Манайх шиг 80 км/ цагаар хязгаарласан улс дөрөв, тавхан байна. Өмнөд Америкийн Болив, Төв Америкийн Гватемал, Африкийн Судан, Магадаскар болон Монгол гээд л энэхүү жагсаалт дуусна. Гэтэл эдгээр улс нь бүгд замын чанараар сүүл мушгиж байгаа аж. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас улс орнуудын замын чанарын үзүүлэлтийн судалгаа хийхэд 140 улс хамрагджээ. Энэхүү жагсаалтад Болив 109, Монгол 119, Мадагаскар 139-д бичигдсэн байх юм. Нөгөө хоёр нь бүр сураг ч алга. Энхэл донхол болсон аймшгийн замтай юм болохоор хурдны дээд хязгаарыг багаар тогтоох хөөрхийлөлтэй арга хэмжээ авдаг нь эндээс харагдана.
“Хурдны дээд хязгаарыг нэмж болохгүй. Угаасаа автын ослоор зөндөө хүн амиа алдаж байхад зөвшөөрөгдөх дээд хурдыг нь нэмчихвэл осол улам ихэснэ” гэж эсэргүүцэх хүн гарах байх. Нэг талаар тийм. Монгол Улсад жил бүр 500 гаруй хүн автын ослоор амиа алддаг гэсэн харамсалтай статистик бий. Тэдний 80 орчим хувь нь орон нутгийн замд нас барсан байдаг. Энэ нь орон нутгийн зам ямар муу, аюултай вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг. Тиймээс хурдны дээд хязгаараар хүлэхийн оронд замаа олигтойхон тавьчихдаг болмоор байна. Хоёр машин зөрөх боломжгүй шахам замд осол аваар гарахаас яахав.
Манай улс нэг үеэ бодвол овоо хэдэн км зам шинээр тавиад буй. Одоо 21 аймгийн ихэнх нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Гэхдээ шинээр тавьж буй замдаа олон улсын норм стандартыг чандлан мөрдөж, осол эндэгдэл гарахааргүй, хоёр машин хоорондоо зөрчихөж болмоор юм хийдэг болохсон.
Хурдны дээд хязгаарыг 80 км/ цагаар тогтоосон улс дэлхийд тавхан байдаг
Хэд хоногийн өмнө өнөөх алдарт хурдны замын хажуугаар явж үзлээ. Сайхан л зам баригдаж байна. Гэхдээ хэд хэдэн газарт огцом, эвгүй эргэлт байгаа харагдсан. Бүр дээрээс уруудаж орж ирээд огцом эргэлттэй таарахаар юм билээ. Энэ хэсэгт хамаагүй хурдтай явбал хажуугийн төмөр хашлага мөргөнө, эсвэл цааш давж ниснэ.  Олон улсад лав үүнийг хурдны зам гэж нэрлэхгүй. Эргэлт байлаа ч гэсэн ядаж алсуур, аюул багатай байхаар тооцож хийдэг. Дэлхийн алдартай хурдны замууд бол элдэв янзын эргэлтгүй, ёстой л хаазаа гишгэн хурдалсаар байгаад очих бүх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энд удаан явахыг хориглоно, дур зоргоороо зогсож болохгүй. Тиймдээ ч “хурдны зам” гэж нэрлээд байгаа хэрэг. Харин манайхан болохоор огцом эргэлттэй зам барьчихаад түүнийгээ “хурдны” гэж сүржин нэрлэдэг. Тэгсэн хэрнээ 80 км/цагаас дээш хурдлахыг хориглоно гээд байгаа. Тэгэхээр энэ зам дээр чинь жолооч нар ямар хурдтай давхих ёстой юм бэ. Хурдны замын нөхцөл байдлыг зохицуулсан хууль, дүрмийг лав хайгаад олсонгүй. Хэрэв хурдтай давхихыг хориглох юм бол хурдны зам барихын хэрэг байна уу.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу