Caakmedee

Ч.Улаан сайд хэдэн годронгоо өөрөө ч хамаагүй туугаад хил давуулчих байсан юм даа

  • Нийтлэл
  • 2019/06/21
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малыг хөлөөр нь гаргана гэж дуугараад арьсаа өвчүүлэхээ шахаад болив бололтой. Уг нь сайдын мал гаргах санаа зөв байсан юм. Алж борлуулах, амьдаар нь гаргаж зарах малчдад ямар ч ялгаагүй. Мах болгож амьжиргаандаа хэдэн төгрөг нэмэрлэх гэснээ л хил давуулна. Сайдын санаа ажил болж, хэдэн годрон гаргачихсан бол овоо хэмжээний мөнгө олох байлаа. Харамсалтай нь яг мөнгө олдгийн даваан дээр У.Хүрэлсүх элий, халаг болж дайрч орж ирээд зогсоочихлоо. Ерөнхий сайд ингэж попорсноороо нэр олж байгаа бол малчдын хувьд нэг ч төгрөгийн нэмэргүй шийдвэр. Ер нь нэртэй, сүртэй Ерөнхий сайд бидэнд огт хэрэггүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний алдар хүнд, сүр хүчнээс илүү хэдэн доллар л эгэл иргэдэд хэрэгтэй.
Малыг хөлөөр нь гаргах нь гэсэн шуугианы үеэр хамгийн их шүүмжилсэн зүйл бол Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани амьд мал хил давуулах нь гэсэн мэдээлэл. Хэдэн мал гаргахад хамаатан, садан ер хэн байсан ч ямар хамаа байна аа. Э.Бат-Үүлийн хүү компани байгуулж, хотын дарга хүүдээ тендер өгчээ гэж шуугих үеэр манай сонины ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “Хүүдээ итгэхгүй бол өөр хэндээ итгэх вэ дээ” гэж хэлж билээ. Нээрээ тийм дээ гэж толгой дохихоор л үг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэндээ тэрбумаар хэмжигдсэн тендер өгчихлөө гэж шаагихад ерөнхий эрхлэгч маань “Хамгийн чухал ажлаа хүргэндээ найдахгүй яах юм бэ” гэж зэмлэж байсан нь мөн л санаанд тод байна.
Монголоосоо халиад харахаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гэхэд л хамгийн чухал ажлаа хүргэн, охин хоёртоо даатгаж харагддаг. Тэглээ гээд америкчууд Трамп хүргэнээрээ тийм ажил хийлгэчихлээ, охиндоо ийм зүйл даалгачихлаа гэж шуугьж адалсан зүйл лав алга. Гэтэл манайд хандлага эсрэгээрээ. Иймэрхүү мэдээллийг шуугиан дуулиан болгож цацахдаа адалж, шүүмжилж, зэвүүцэж, үзэж чадахгүй хараацгаадаг хачин сэтгэлгээтэй.
Иргэд нь ингэж сэтгэхээс гадна ийм хандлагыг дэврээсэн тэнэг хуультай. Тодруулж хэлбэл, хамаарал бүхий этгээд гэсэн муйхардуу агуулгатай хууль үйлчилсээр байгаа. Сайдын эхнэрийн дүү мал гаргах байтугай Ч.Улаан өөрөө туугаад гаргасан ч яах вэ дээ, болохгүй юм үгүй.
Шуудхан хэлэхэд энэ эвэр, туурайтнуудын хөлд элсэн цөл болж хувирлаа, Монгол Улс. Малын тоо 80 саяыг давлаа. Мал сүргийн дотроос ямааны тоо толгойг онцлох учиртай. Өвсийг үндсээр нь идэж, бэлчээр талхалдаг ямааны тоо 1990 оноос хойш тав дахин нэмэгдсэн гэсэн статистик дуулддаг. 1961-1990 онд ямаан сүрэг нийт малын 19.5 хувийг эзэлдэг байсан бол одоо 40.8 буюу бараг бүх малын тал хувийг эзэлж байна.
Сүргийн бүтцийн алдагдал, чанаргүй олон мал хөдөө аж ахуйн том зовлонгийн нэг гэж мэргэжилтнүүд онцолдог нь цаанаа учиртай. Хатаж цөлжсөн газрын хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаагийн хамгийн том шалтгаан бол малын хөл, ямаан сүргийн огцом өсөлт. Байгаль орчны яамны хийсэн судалгааны тайланд хүлэмжийн хийн ялгаралтад том нөлөө үзүүлж буй салбар бол мал аж ахуй гэсэн өгүүлбэр тов тодорхой дурайж байна. Олон улсын байгууллагууд ийм шалтгаанаар манай улсыг 2035 он гэхэд малынхаа тоог 35 сая болгож цөөлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Чанаргүй хэт олон малаас чанартай цөөн мал руу шилжих цаг болсныг батлах энэ мэт тоо баримтууд өчнөөн бий.
Тэгэхээр махны экспортыг либералчилмаар байна. Малаа хөлөөр нь гаргах шийдлээс хэн хожих вэ гэсэн асуултын хариу тодорхой. Малчдын ахуй амьжиргаанд л өгөөжөө өгнө. Ер нь тэгээд амьд мал хилээр гаргах шийдэл зөвхөн өнөөдөр яригдаж байгаа эсэргүү санаа биш. Өнгөрсөн нийгмийн үед малыг хөлөөр нь гаргаж л байсан. Социализмын үед Монгол Улс нийт малынхаа 46 хувийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж явсан гэж ХХААЯ-ны газрын дарга ярьсан байна лээ. Өнгөрсөн зуунд адуу, үхэр, хонь, ямааг Цагааннуур, Цагаан эрэг, Эрээнцав, Хатгал боомтоор хойд хөрш рүү амьдаар нь экспортолдог байсан шиг энэ цагт урд хөрш рүү амьд мал гаргахад болохгүй зүйл байхгүй. Малаа нядлаад гаргалаа гэхэд бид арьс ширийг нь боловсруулаад нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулдаггүй. Урд хөршийн хэдэн наймаачид л манай малын арьс шир, дайвар бүтээгдэхүүнээс тав, гурван төгрөгийн ашиг харж ажилладаг. Малынхаа арьс ширийг өмхийрүүлээд хаядаг улс бэлчээр талхалж, цөлжилт үүсгэдэг хэдэн годронг хөлөөр нь гаргалаа гээд алдах зүйл байхгүй. Хожих нь л их байх.
Ц.Билиг     
Эх сурвалж: Өдрийн сонин   
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу