Caakmedee

Брюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ

  • Нийтлэл
  • 2019/07/22
Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч Ли Юн Фан буюу Брюс Ли 1940 оны арваннэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Сан Франциско хотын хятад хороололд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Түүний аав дуурийн дуучин Ли Хо Чун хятадын Хан үндэстэн, ээж Грэйс Хo нь Кавказ, Хятад цустай хүн байжээ. Брюс Лиг төрснөөс хойш нэг жилийн дараа түүний гэр бүл Хонгконг руу эргэн нүүжээ. Бяцхан Брюс үе үе гудамжинд зодоон хийдэг байж. Үүнийг мэдсэн эцэг, эх нь түүнийг зодооны урлагаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ. Брюс Лигийн анхны багш аав нь байсан бөгөөд хятадын уламжлалт Ушугийн төрөл тай чиг хүүдээ зааж эхэлсэн байна.
Брюс Ли 12 настай байхдаа “Sifu Yip Man” (IP багш) хэмээх зодооны урлагийн дамжаанд явж эхэлсэн бөгөөд тэнд жилийн туршид кунг фу болон бусад зодооны урлагаар хичээллэжээ.
Тэрбээр кунг фуд асар их сонирхолтой мөн бүжиглэх дуртай бүжгийн авьяастай нэгэн байсан бөгөөд 18 настайдаа Хонконгийн Ча ча бүжгийн тэмцээний аварга болж байсан.
Брюс Ли хэдий 19 нас хүрсэн ч зодолдож, эцэг эхийнхээ чихийг халууцуулан, цагдаад дуудагдсан хэвээр байв. Цагдаагийн газраас 1959 онд Брюсийн эцэг, эхэд “ Танай хүү үнэхээр их хэрэг тарьдаг муу сурагчдын нэг. Хэрэв дахин зодоон хийвэл шоронд хорих болно” хэмээн сануулга өгснөөр түүнийг даруйхан Америк руу явуулахаар шийджээ. Ийн 1959 онд Брюс Ли өөрийн төрсөн газар болох Сан-Францискогийн хятад хороололд халаасандаа 100-хан доллартай очжээ.
Брюс 1961 оны гуравдугаар сард Вашингтоны их сургуульд элсэж философи, сэтгэл судлалын чиглэлээр суралцаж эхлэв. Тэрээр чөлөөт цаг гарвал зодооны сургуулилтаа хийдэг байжээ. 1963 онд өөрийн зодооны урлагийн сургалтаа нээж, багшлах болсон бөгөөд ирээдүйн эхнэр Линдатайгаа танилцаж, хосууд 1964 оны наймдугаар сард хуримаа хийжээ. Тэд гэрлэсний дараа Брандо Ли, Шенноне Ли нар төржээ.
1964 оны намар Брюс өөрийн Seattle дэх Күнфүгийн дамжаагаа хааж, Oakland-руу нүүжээ. Тэнд тэрээр өөрийг дэмжигч нь Жэймс Литэй хамтран “Jun Fan” хэмээх зодооны дамжаа байгуулсан. Жэймс Ли Брюсээс 20 насаар ах Хятадын зодооны урлагийн талаар арвин мэдлэгтэй нэгэн байсан аж. Жэймс Ли түүнийг америкийн зодооны урлаг судлаач Эд Паркертай танилцуулж, Брюс Паркерын урилгаар “Long beach” олон улсын каратегийн тэмцээнд тулааны онцгой үзүүлбэр үзүүлж, үзэгчдийг бишрүүлж, тэдний гайхшруулсан. Түүний үзүүлбэрийг бишрэгчдийн дунд Холливудын арын албаны ажилтан Jay Sebring байсан бөгөөд Брюсийг алдарт продюсер William Dozier-тай танилцуулсан юм. Тухайн үед William Dozier өөрийн хийж буй телевизийн цуврал болох “ The Green hornet”-н Катогийн дүрд тоглох Ази жүжигчин хайж байжээ. Энэ үеэр Брюс өөрийн кунг фугийн хоёр дахь сургуулиа Холливудын ойролцоо нээгээд байлаа.
Брюс “The Green hornet” телевизийн цувралд тоглох үедээ зодооны үзүүлбэр,  төгс биеийн галбираараа олон мянган үзэгчдийн татаж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болжээ. Энэхүү цуврал нь 1966-1967 он хүртэл нэг жил үргэлжилсэн. Цувралын дараа Брюс гурав дахь сургуулиа Лос Анжелес хотод нээсэн.
Түүнчлэн “The Green hornet” цувралын дараа “Ironside” (1967 он), “Here Come the Brides” (1969 он), “Blondie” (1969 он) зэрэг гурван цувралд урилгаар тогложээ. Үүнээс гадна 1969 онд “Marlowe” кинонд жижиг дүр бүтээж амжив. Ийн бусад кино жүжигчдийн адил хийсвэр ,хиймэл биш жинхэнэ бодит үзүүлбэр үзэгчдэд болон кино багийнханд үзүүлэх болсноор түүний авьяас чадвар олонд танигдсан байдаг. Түүний гайхамшигт зодооны үзүүлбэрийг кинондоо оруулах хүсэлтэй кино компаниуд олон болов. 1971 онд Брюс “Longstreet” цувралын дөрвөн ангид тоглосон. Мөн тэрээр Холливудын жүжигчдэд кинонд дүр бүтээхэд нь тусалж зодооны техник, хөдөлгөөн заах болжээ. Брюс дээрх дамжааг ажлуулснаар чамгүй их “ногоон” олов.
Брюс Ли 1971 онд Хонконгт эргэн очсон даруйдаа “Golden Harvest” кино компанитай хоёр кинонд тоглох хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор түүний анхны кино нь “The Big Boss” байв. Энэ кино жинхэнэ “тэсрэх бөмбөг” байлаа. Нээлтээ хийснийхээ дараа Хонгконг төдийгүй Ази даяар асар их амжилт олов. Үүний дараагаар 1972 онд “Golden Harvest”-тай хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Fist of Fury” кинонд тоглов. Энэ кино өмнөх киноноосоо ч илүү их амжилтыг авчирч бокс-оффисийн дээд амжилтыг эвдсэн байдаг. Ийн Брюс “Golden Harvest” кино компанитай дахин хамтран ажиллах шинэ гэрээ байгуулжээ. Мөн өөрийн гэсэн “Concord Production Inc” компаниа үүсгэн байгуулсан. Мөн тухайн ондоо гурав дахь кино болох “Way of the Dragon” бүтээлд тогложээ.
1972 оны сүүлээр Брюс “Golden Harvest” кино компанитай хамтарсан дөрөв дэх уран бүтээл болох “Game of Death” кинонд ажиллаж эхэллээ. Түүний нэр алдар Азид төдийгүй Холливудэд цуурайтах болсноор ихэнх кино компанийн сонирхлыг татах болов. Чадварлаг зодоонч, жүжигчин, олон мянган шүтэн бишрэгчдийг өөртөө байлдан дагуулж байсан Брюс кино компаниудын хувьд “мөнгөний уурхай” байлаа. Тиймээс “Warner Brothers” фильмээс түүнд “Enter the Dragon” хэмээх кинонд хамтран ажиллах санал тавьжээ. Ийн 1973 оны хоёрдугаар сард алдарт “Enter the Dragon” киноны зураг авалт албан ёсоор эхэлсэн боловч таван сар гаруй үргэлжилсэн кино зураг авалт дуусахаас зургаа хоногийн өмнө буюу 1973 оны долдугаар сарын 20-нд алдарт тулаанч, дэлгэцийн од Брюс Ли киногоо дуусгаж чадалгүй З2-хон насандаа гэнэт хорвоогоос хальсан юм.
Хэдий тэрээр киногоо дуусгаж чадаагүй ч энэ киногоороо өөрийгөө зодооны урлагийн түүхэн “баатар” гэдгээ тунхаглан баталсан юм. Учир нь “Enter the Dragon” кино нь 850 мянган ам.доллараар бүтсэн хэдий ч нийтдээ 200 сая ам.долларын ашиг орлого олсон.
Брюс Ли нас барах өдрөө “Golden Harvest” кино компанийн продюсертэй хараахан зураг авалтаа дуусгаагүй байсан “Game of Death” киноны талаар ярилцсаныхаа ард, үдээс хойш дөрвөн цагийн үед хамтдаа найз Тайванийн жүжигчин Бетти Пигийн гэр рүү явсан байдаг. Гэнэт Брюс толгой өвдөөд байна гээд эм асуухад Бетти  анальгин болон аспирин хавсаргаж уулгаад амраахаар хэвтүүлсэн байдаг. Харамсалтай нь Брюс Ли сэрээгүй. Түүний үхлийн талаар элдэв таамаг бүхий мэдээлэл хэвлэлүүдээр гарсан ч үхлийн шалтгаан нууц хэвээр үлдсэн юм.
Эмч нар Брюсийн үхлийн шалтгааны талаар санал зөрөлдөж байсан ч олонх нь тархины хаван байсан гэдэг. Харин Брюсийн хувийн эмч “Ганцхан анальгин түүний амь насыг бүрэлгэж чадахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн. Ямартай ч Брюс Ли гэр бүл, олон сая шүтэн бишрэгчдээ уй гашуудал дунд үлдээгээд гэнэт хорвоогоос халин одсон билээ.
Хожмоо түүнийг “Таймс” сэтгүүл Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нарын адил ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн.










Нийтэлсэн:Т.Болор-Эрдэнэ  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу