Caakmedee

Путин бол Монголын Их хаадын залгамжлагч

  • Нийтлэл
  • 2019/09/02
Судлаач Тюньдешевийн үзэж байгаагаар Орос Улсыг жинхэнэ үүсгэн байгуулагч нь Бат хаан юм. (Чингис хааны ач хүү. Ред.) Хятад, Энэтхэг, Турк ч мөн адил Татар-Монголчуудуудаас үүссэн гэж тэрээр нотолдог. Түүний хувьд “Оросуудад эрх чөлөөтэй, сул байж сурахад тун хэцүү бөгөөд тэднийг удирдах хүчирхэг удирдагч үргэлж хэрэгтэй байдаг”. Оросын бусдаас сондгойрох үзэл ч мөн адил үнэн чанартаа Татар-Монголчуудаас гаралтай бөгөөд тэд гадныхныг дайсан гэж үздэг, шуурхай шуудангийн үйлчилгээ буюу одоогоор бол Телеграм мөн л хориотой байсан гэж тэрбээр хэлсэн байна. (В.Путин энэ компанийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар хаалгасан юм Ред.)
Москва (AsiaNews) –Сүүлд хэвлэгдсэн нэгэн ном Орост ихээхэн шуугиан тариад байна. “Орос улсыг үндэслэгч Их хаан Бат” хэмээх энэхүү номыг Хакасын Улсын их сургууль (Татар-Монголчууд төрөн гарсан Азийн Орост байдаг)-ийн түүхч Геннады Тюньдешев бичжээ.
Энэхүү бүтээлд XIII-XV буюу хоёр зууны турш Орос орон Азийнхны эхшээлд байсан үе буюу “Татар-Монголын дарлалын үе”-ийг эргэн дурсжээ. Энд мөн зарим харьцуулалтыг хийсний дотор Энэ оны 3-р сарын 18-нд дахин сонгогдож агуу их удирдагч буюу үндсэндээ хааны статус олж авсан Ерөнхийлөгч Путинтэй харьцуулсан зүйл ч багтаж байна.
Их хаан Бат нь Чингис хааны том ач хүү бөгөөд 1240 онд түүхийн явцад тусгаар байдлаа алдсан Киевийн Русь-ийн оронд “Алтан Ордны Улс”-ын ноёлолыг тогтоосон билээ.
Татар-Монголчууд 1380 онд Куликовын тулалдаанд анх удаа ялагдсан. Москвагийн ханхүү Донын Дмитрий Радонежийн Сергийгийн тусламжтайгаар энэхүү тулалдааныг удирдсан. Үүний үр дүнд Киев хот XVII зуун хүртэл чөлөөтэй байсан ч Азиийнхны дарлал 1480 онд л Москваг Гуравдугаар Ром гэх үзэл санааны эцэг агуу ханхүү Гуравдугаар Иваны ачаар төгсгөл болсон юм. Тюньдешевийн үзсэнээр Орос өөрийгөө татар-Монголчууд хаадын өвөөс хэзээ ч салгаж чадаагүйгээр зогсохгүй энэ нь тус соёл иргэншил, төрийн байгууллын суурь болсон байна.
Энэхүү санаа нь шинэ зүйл биш юм. Наполеон 1812 онд Москваг галдан шатаахаар төлөвлөж байх үедээ Кремлийн ханан дээрээс “Оросыг сайн маажвал Татар олдоно” хэмээх алдарт үгээ хэлсэн билээ. Олон түүхчид Алтан Ордны Улсын засаглал Оросын нийгэм хөгжихөд чухал нөлөөтэй байсныг хүлээн зөвшөөрдөг. Орос хэлний мөнгө буюу деньги гэх үг нь Монгол хэлнээс гаралтай бөгөөд Оросууд Монгол хаадад татвар төлж авдаг байсан албан ёсны эрхийн бичиг буюу Зарлиг (ярлык) хэмээх үг нь орчин цагийн Орос хэлэнд хаяг, үнийн шошго гэсэн утгаар ашиглагдаж байна. Түүнчлэн өнөөгийн Орос нь Киевын Оросын гэхээс илүү Алтан Ордны Улсын үргэлжлэл юм. 1500-аад онд Казаны сүүлийн ханлигийг унагаж байсан Догшин Иван хаан Оросын хааны сэнтийд Монгол удмын хүнийг томилж байсан удаатай. Тодруулж хэлбэл өнөөгийн ерөнхийлөгчтэй ихээхэн харьцуулагддаг (Дөрөвдүгээр Иван буюу Дөрөвдүгээр Путин гэдэг) “Ариун Орос”-ын энэ хаан өөрийн Монгол хан нарын нэг Симеон Бекбулатовичийг өөрийнхөө оронд томилж, төр удирдах ажлаасаа бүтэн жил хөндий байсан түүхтэй юм.
Тюньдешев 2018 оны 4 дүгээр сарын 19-нд “Свобода” радиод ярилцлага өгөхдөө өөрийнхөө диссертациас эшлэн “Алтан Ордны Улс Орост эзэнт гүрний сэтгэхүйг сургасан бөгөөд Бат хаан Орос орныг жинхэнэ үндэслэгч байсан […] Оросууд үндсэндээ Ази сэтгэлгээтэй. Хэдийгээр хүн амын ихэнх нь Европоос гаралтай ч маш цөөн хэсэг нь л Европын хэмжүүрээр сэтгэдэг. Энэ л бүх юмны шалтгаан болдог” хэмээн судлаач тэмдэглээд “Оросуудын хувьд эрх чөлөөтэй байх нь хэцүү. Тэдэнд үргэлж хүчирхэг удирдагч хэрэгтэй байдаг” гэсэн юм.
“Их Хуралдайд Чингис хааны хүссэн сонголтыг л хийдэг байсан шиг Оросын Төрийн Думд ч бүгд дандаа Ерөнхийлөгчийн хүссэн сонголтыг хийдэг. XIII зууны эхэнд Монголын эзэнт гүрнийг үндэслэгч (Чингис хаан. Ред) нь олон өөр нөхцөл байдал, соёл, тэр дундаа шашныг өөр хооронд нь уялдуулж чадсан, бодит байдал дээр тухайн цаг үеэсээ түрүүлсэн хүн байсан. Татар-Монголчуудаас л Хятад, Энэтхэг, Турк, Орос гэх мэт Күнзийн, Исламын, Үнэн алдарт Христийн гэх мэт өөр өөр шашин шүтдэг улс үндэстнүүд бий болсон юм” гэж тэрээр бичсэн байна.
“Гэр бүл бол нийгмийн үндэс суурь, Төрийн тэргүүний халдашгүй дархан байдал, Хүчний босоо хуваарилалт гэх мэт Чингис хааны хүлээн авсан Күнзийн сургаалиуд Орост тархан Путины үетэй золгоод байна.” гэж судлаач үзэж байна. Татар-Монголын үзэл санаа нь юуны өмнө Оросын арми,  хууль зүйн салбарт оршсоор байгаа нь Ерөнхийлөгчийн хүчирхэг удирдлага, зарлигууд нь өнөөгийн хүчин төгөлдөр Үндсэн хуулиас ч илүү чухал байгаагаас харагдаж байна. Тюньдешев олон жишээ дурдсаны нэг нь Путин анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа буюу 2000 оны 5-р сарын 13-нд гаргасан “Холбооны мужуудын” талаарх зарлиг бөгөөд Путин энэхүү зарлигаар үндсэн хуулийг үл ойшоон сонгуулиар сонгогдсон холбооны муждын захирагчдыг Ерөнхийлөгчийн төлөөлөгчдөөр сольсон юм.
Путины зөвлөх Владислав Сурков саяхан улсын гадаад бодлогын цор ганц боломжит үндэс хэмээн тодорхойлсон Оросын бусдаас сондгойрох үзэл нь ч мөн адил Монголчуудын үед байсан гаднын бүх хүчнийг дайсан гэж үздэг, урван тэрслэх, хэлсэндээ хүрэхгүй байх хандлага давамгайлж байсан тэр үеийнхтэй адил өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй юм. Түүнчлэн Оросын дотогшоо чиглэсэн төрийн бодлого зохисгүй, бараг учир утгагүй гэж хэлж болох хэлбэрээр илэрч байгаагаагийн нэг жишээ нь Оросын Засгийн газарт кодоо өгөхөөс татгалзсан ах дүү Николай, Павел Дуров нарын ажиллуулж байсан шуурхай шуудангийн үйлчилгээ болох Телеграмыг хаах шийдвэр байлаа.
Хүлээснээсээ салсан орчин үе Азийн тоталитар дэглэмтэй тулгарсаар л байна.

Владимир Розанский
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн шинжээч Р.Нямдаваа
Эх сурвалж: mongoliaworld.net
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу