Caakmedee

Шүүх шүүгчдээ шүүж чадах уу

  • Нийгэм
  • 2019/09/05
Шүүгч нар эрүүгийн болон захиргаа, иргэний хэргийн оролцогчдоос хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст олноороо шалгуулж буй билээ. Үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасныг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Тэдний дунд Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны, дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар буй бөгөөд 2012-2017 оны ХАСХОМ-ийг нь АТГ-ынхан хянаад нэр бүхий шүүгчид, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг хууль ёсных гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа. Тэдэн дээр нэмээд ч цөөнгүй шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар болж буй гэх мэдээлэл бий. АТГ, прокурорын байгууллагынхан ийнхүү шүүгчдийн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж, шийдвэрлүүлэхээр шүүхэд нь хүргүүлдэг ч эцэслэсэн нь цөөн.
ӨМГӨӨЛӨГЧӨӨ СОЛЬСООР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАХ БОЛОЛТОЙ
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан П.Долгормаад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ бямба гаргийн ажлын өдөр хэлэлцэхээр товлоод байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тооцон шалгаж дуусаад өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны гуравдугаар сарын 14-ний зарлигаар шүүгч асан П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд байгаа билээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүхэд хандсан иргэний нэхэмжлэгчээс 20 сая төгрөг өгөхийг шаардаж, бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан. Улмаар хахуульд өгсөн мөнгөө нэхлээ хэмээн шүүхийн шийдвэрт нь удаа дараа нөлөөлсөн гэх хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Түүнд дарамтлуулан хахууль өгсөн гэх иргэн П.Орхоныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн яллагдагчаар тооцоод байгаа.
Дээрх хүмүүст холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр нэг бус удаа товлосон ч шүүгдэгч П.Долгормаа, П.Орхон нар өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасаар энэ сарын 7-ны бямба гараг хүртэл хойшлуулаад байна. Магадгүй ийм аргаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаатай байж болох гэж хардах хүмүүс ч бий.
Түүнээс гадна энэ хэргийг мөрдсөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч дутуу шалгасан гэж үзэх хүн ч цөөнгүй. П.Долгормааг хахуульд авсан мөнгөө хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байдаг барьцаалан зээлдүүлэх газарт (ломбард) оруулж, угаасан байж болзошгүй гэж нутгийнхан нь харддаг тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнийг нь шалгаагүй хэмээн тэд үзэж буй гэнэ.
ШҮҮГДЭГЧЭЭС 20 САЯ ТӨГРӨГ АВЧИХААД ШОРОНД ЯВУУЛСАН ШҮҮГЧ ДҮҮГИЙНХЭЭ ДАНСААР МӨНГИЙГ НЬ БУЦААН ӨГЧЭЭ
Прокурорын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард шүүгч П.Долгормаатай хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал, Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байдаг. Харин тус зөвлөлийнхөн Д.Лувсандорж шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй хэмээн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэлгүй, нөгөө хоёрыг нь төрийн тэргүүнд хүргүүлсэн билээ. Улмаар түүнийг тэтгэврийн насанд хүрсэн хэмээн чөлөөлсөн гэдэг.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирсэн гомдол, мэдээллийн дагуу тус газрын мөрдөгчид маш нарийн шалгалт хийгээд, бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах үндэслэлтэй хэмээн НПГ-т саналаа хүргүүлсэн юм билээ. Харин олон шүүгчийн, цаашлаад шүүхийн нэр хүнд шавартай хутгалдах байсан учраас нэгийг нь зориуд авч үлдсэн гэж дүгнэх хуульч цөөнгүй.
Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж эрүүгийн хэрэгт холбогдсон нэг иргэнээс 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт шалгуулсан аж. Шалгалтаар тухайн холбогдогчийг шоронд явуулалгүй, хөнгөн ял шийтгэнэ хэмээн тохиролцож уг мөнгийг авсан нь батлагдсан гэнэ. Тухайн хүн нь хорих ангид таван жил ял эдэлж гарч ирээд мөнгөө нэхэж, улмаар гомдлоо хууль сахиулах байгууллагынханд гаргасан юм байна. Мөрдөн байцаалтын явцад АТГ-ынхан хөдөлбөргүй нотлох баримт цуглуулсны дотор шүүгч Д.Лувсандорж төрсөн дүүгийнхээ данснаас тухайн ял шийтгүүлсэн хүнд 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн баримт байгаа аж. Дээрх шүүгчид холбогдох хэргийг ийнхүү шалгах хооронд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, шүүгчээр ажиллаж байсан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛАХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ
Шүүгч, шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой нэг бус хэргийг АТГ-ын мөрдөгчид байцаалтаараа шалгаж тогтоосон ч шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь бараг л үгүй. Өдгөө шүүгч нартай холбоотой маш том хэргийг тус газарт шалгаж байна. Тодруулбал, Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын лиценз эзэмшигч хятадуудын маргааны золиосонд Монголын хуульчид, шүүгч нар, цагдаагийнхан өртөж, өмнөд хөршийнхөнтэй нам нийлж, сэм хуйвалдсан хуулийн байгууллагын ажилтнууд, нэр бүхий
17 шүүгч өдгөө эрүүгийн хэрэгт холбогдчихоод буй. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь дээрх орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн дунд үүссэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа хуурамч гарын үсэг зурсан гэх маргаанаас үүдэлтэй энэ дуулиант хэрэгт гүйцэтгэх ажлын шугамаар олж нотолсон баримтыг үндэслэн шүүгч нарыг буруутгаж байгаа билээ. Тэднээс нэг нь буюу нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэм буруутай гэдгээ илэрхийлэх мэт хил даван гэр бүлийн хамтаар зугтаж, биедээ их хэмжээний
бэлэн ам.доллартой АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдчихаад байгаа. Иргэдийн дунд “С.Төмөрбатын энэ үйлдэл нь өөрийгөө үндэслэлгүй хөрөнгөжиж, хахууль авсан хэрэгт холбоотой гэдгээ баталсан явдал” хэмээн ярьж, бичиж байна. Гэхдээ гэм буруутай, эсэхийг нь шүүх л эцэслэн шийдвэрлэнэ.
17 шүүгчийн нэг нь ийнхүү хил давж зугтсан бол Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Э.Халиунбаяр нарыг Үндэсний их баяр наадмын өмнөхөн 30 хоног цагдан хорихоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргасан. Гэвч хоёр хоногийн дараа суллачихаад байхад хүмүүс тухайн үед төдийлөн анхаарал хандуулаагүй өнгөрсөн билээ.
Энэ мэтээр шүүгч нартай холбоотой авлига, албан тушаалын хэргүүдийг шийдэж чадахгүй байгаа нь Монголын цөөн хэдэн шүүгч бие биеэ таньж мэддэгтэй холбож үзэх хүн цөөнгүй. Мөн Шүүгчийн сахилгын хорооныхон хуулийн дагуу ажлаа хийхгүй байгаатай холбох хүн ч бий. Тухайлбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчтэй холбоотой гомдол гаргагчид тус Сахилгын хорооныхон хуулийн хугацаанд хариу өгөхгүй байгаа нь шүүгч нарын нэр хүнд унасан энэ үед нэгийг нь ч гэсэн хамгаалсан хэрэг гэж хардаж буй юм.
Тэгэхээр шүүгч нар бие биеэ хамгаалж, АТГ-ын шалгасан хэргийг үл ялих шалтгаар буцааж буй ийм цаг үед авлигын гэмт хэргийг шийдэх дагнасан шүүх байгуулбал үр дүнд хүрэх нь гарцаагүй. Өдгөө олон улсын жишигт ч авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлж байгааг жишиг болговол жилд хэдэн байраар ухраад байдаг авлигын индекс сайжрах боломжтой санагдана. Монгол Улсын Үндсэн хуулийн 48.1-т “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр авлигын гэмт хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх яагаад байж болохгүй гэж.

Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу