Caakmedee

Монголчуудад ирж буй шок

  • Нийтлэл
  • 2019/10/07

Монголчуудад өмнө төсөөлж байгаагүй гадаад шокууд ирж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл 16-30 сараар хойшилж гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байгаа нь эдийн засгийн хэллэгээр бол төлбөрийн тэнцлийн шок болж байна. 
Яах ч аргагүй юм. Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.2 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 1.1 тэрбум ам доллартай тэнцүү байгааг Монголбанкнаас хэлсэн байсан. Харин энэхүү 1.1 тэрбум ам.долларыг задлаад харвал 80 хувийг нь Оюутолгойн хөрөнгө оруулалт бүрдүүлсэн байдаг. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд буюу 2010-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 45 орчим хувьтай тэнцүү байсан цаг бий. 
Эдийн засагчдын хэлж байгаагаар энэ оны эцэс байтугай, ирэх онд ч томоохон дүнтэй шууд хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байгаа аж. 
Ийнхүү дотоодын уул уурхайн салбар хөрөнгө оруулалтын бүтцийг авч үзэхэд эдийн засгийн өсөлтөд оруулж байсан хувь нэмэр харьцангуй өндөр явж байсан. Гэтэл хамгийн сүүлийн мэдээгээр ч тэр, дотоодын хөрөнгө оруулалтын дүн нэлээд буурсан үр дүнтэй байна. Энэ сааралт үргэлжлэх томоохон эрсдэлүүд ч нэмэгдэж байна. Эдийн засаг энэ удаагийн мөчлөгийнхөө оргил үед одоо л ирээд байж болзошгүй байгааг эдийн засагчид анхааруулж байна. 
 Үүнээс цааш эдийн засгийн өсөлт нэмэгдэх бус ерөнхийдөө буурах чиглэл рүүгээ хазайх нөхцөл нь дотоод, гадаад хоёр хүчин зүйлсээр хавсран бий болж байна. Тиймээс эдийн засагчид мөнгөний бодлогын мэдэгдэлдээ бүх секторын хувьд эрсдэл даах нөөц, хуримтлал хөрөнгийг одооноос бий болгох хэрэгтэйг сануулж  байгаа. Үүнийг сүүлийн хоёр улирлын мөнгөний бодлогын мэдэгдэлд анхааруулж байгаа юм. 
ОУВС-ийн Удирдах зөвлөл дүрмийн IV заалтын дагуу дүгнэлтээ гаргахдаа,  “Монголын эдийн засаг гадаад шок, эрсдэлээс хамааралтай хэвээр байна” гэж онцолсон. 
Гадаад эрсдэлийг том зургаар нь авч үзвэл Хятад, Америкийн худалдааны маргаан, Америк-Иран хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй газрын тосны зах зээл дээр үүсэх эрсдэлүүд мэдээж томоохон нөлөөтэй. Үүнээс өмнөх 2009 оны эдийн засгийн хямрал эрэлтийн шокоос шалтгаалж байсан бол энэ удаад нийлүүлэлтийн шок үүсэж эдийн засгийн уналт руу явж байгаа гэдэг мэдээлэл байна. 
Нэгэнт гадаад зах зээлд эдийн засаг хямарч эхлэх юм бол бидэнд нөлөөлөх нь цаг хугацааны л асуудал. Харин, цаг хугацааны хувьд энэ нь Монгол руу яг өдий, төдийд орж ирнэ гэж хэлэхэд эрт байгаа хэдий ч  гурван сувгаар орж ирнэ гэдгийг Монголбанкны эдийн засагч ярьсан байна. 
Эхнийх нь валютын ханшийн суваг. Тодруулбал, юанийн ханш харьцангуй сул байх төлөвтэй байна. Энэ нь Монголын Хятадаас авдаг импортын үнийг харьцангуй бууруулаад, импортын эрэлтийг өдөөж өгнө. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр сөрөг нөлөө үзүүлнэ. 
Хоёр дахь гол суваг нь юанийн ханшийн сулралтын санхүүгийн суваг юм. Монгол Улс юаниар илэрхийлэгдэх өртэй. Тэгэхээр юанийн ам.долларын эсрэг сулралт нь гадаад өрийн ам.доллараар илэрхийлэгдэх дүнг тодорхой түвшинд бууруулна. Тэгэхээр юанийн ханш буурч байгаа хугацаанд бид өрөө төлж чадвал тодорхой түвшинд ашигтай гарах боломжтой. Гуравдугаарт, хамгийн гол суваг буюу түүхий эдийн үнэ, эрэлтийн суваг. Монгол Улс гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс нэлээд өндөр хамааралтай хэвээр байна. Тэгэхээр эрдэс түүхий эдийн эрэлтийн сөрөг шок нь эхэн үедээ харьцангуй бага байх буюу Хятадын гангийн үйлдвэрлэлийг дагасан эрэлт хадгалагдаж байгаа юм. Харин үнийн шок нь одоо л эхэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: С.СУВД, EAGLE.MN
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу