Caakmedee

Такэши Китано "Таканоива заавал зодог тайлах хэрэггүй байлаа"

  • Спорт
  • 2018/12/10
Туслах бөхдөө гар хүрсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээн зодог тайлсан Таканоивагийн талаар Наран оронд хэлэлцсээр байна. Таканоивад холбооноос 2-3 башё өнжих шийтгэл хүлээлгэнэ гэж байсан ч манай бөх Сүмогийн холбооны шийтгэлийг хүлээлгүй өөрөө зодог тайлсан билээ. Түүний энэ үйлдэл Японы нийгэмд ярианы сэдэв болж байна. Нэг хэсэг нь хариуцлага хүлээх нь зөв гэж байгаа бол зарим нь зодог тайлах ёсгүй байсан гэж маргалдацгааж байгаа юм. Ингээд оддын сэтгэгдлийг сонсоцгооё. 
Алдарт кино найруулагч Такэши Китано
"Сүмо бөхийн холбоо яагаад Таканоиваг зодог тайлтал нь чимээгүй байгаад байв? 1-2 башё өнжөөх гээд шийтгэл оноож болох байсан. Заавал тэр хүнийг зодог тайлуулах шаардлагагүй байлаа. Одоогийн энэ холбооны дарга, ояката нар зодуулж, нүдүүлж л хүчтэй болсон хүмүүс шүү дээ. Туслах бол урлагийнхан, хошин шогийнхонд ч бий. Надад ч байгаа. Яг үнэнийг хэлэхэд хуучны урлагийн ертөнцөд өдөр бүр туслахаа зоддог байлаа. Одоо цаг өөр болоод шууд л хүчирхийлэл гэдэг болжээ. Гэхдээ сүмо бөх бол өөр онцлогтой зүйл болохоор бусдаас өөр арга хэмжээ авч болох ёстой. Зодог тайлна гэдэг бол хамгийн сүүлийн шийтгэл шүү дээ"
Хошин шогийн жүжигчин, телевизийн хөтлөгч Мацүмото Хитоши
"Сүмогийн ертөнц хоёр гурав эргэлдэж хувираад би хэн нь муу этгээд болохыг ойлгохоо болилоо. Агата Кристигийн зохиол шиг л байна"
Телевизийн хөтлөгч, дуучин Вада Акико
"Такакэйшёо түрүүлээд Таканохана дэвжээний бөхчүүд хичээн зүтгэж байна даа гэж байтал ийм явдал боллоо. Ёкозүна Харүмафүжид зодуулсан хүн өөрөө хүн зодно гэдэг байж болохгүй зүйл. Сүүлийн үед Таканоханагийн шавь нар янз янзаар шуугиан тарьж байна даа. Харамсалтай байна. Хэрэв миний танилууд дунд  Таканоивагийн танил байвал би түүнд "Тэнэг" гэж дамжуулаарай гэх байлаа"
Манга зураач Мицүрү Якү
"Бокс, бөх зэрэг спортын тамирчдын хувьд хүн зодвол жирийн хүнээс илүү шийтгэл хүлээх нь зүйн хэрэг. Хэрэв Таканоива холбооноос яаж шийтгэхийг хүлээсэн бол Сүмо бөхийн холбоо Чиганоүра оякатаг нь ч хамт шийтгэх байсан. Харин өмнө нь зодог тайлснаар багш нь шийтгэлгүй үлдэж байгаа юм. Миний хувьд түүнийг дахин Хакүхо аваргатай барилдахыг үзэж чадахгүй гэхээр харамсалтай байна. Энэ хоёрын барилдаан үнэхээр сонирхолтой шүү. Уг нь банцүкэ дээшлээд Хакүхотой таарах хэмжээнд дөхөөд байсан юм"
Сэкивакэ асан Такаторики
"Барилдмаар байгаа ч хариуцлагаа хүлээж зодог тайлахаар шийдлээ гэж хэлсэн шүү дээ. Нас залуу тул хүлцэл өчөөд, алдаагаа ухамсарлаж, дахин барилдах хүсэлтэй байсан нь гарцаагүй. Зодсон бөх хариуцлага хүлээгээд зодог тайллаа. Харин холбооны удирдлага яагаад хариуцлага гэж байдаггүй билээ? Тэд ажлаа бас өгөх ёстой юм биш үү?"
Ёкозүна, ояката асан Таканохана
"Хэн хэн нь миний шавь. Туслахдаа гар хүрч хэзээ ч болохгүй. Таканоивад хэлэхэд зодог тайлаад сүмо бөхөөс өөр амьдралаар амьдрах ямар хэцүү гэж бодож байна? Энэ бүхнээс ямар нэг юм ойлгож, шингээж аваад цаашдын амьдралдаа сургамж болгоосой"

ub.life
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу