Бүртгэлгүй дугаарын бизнес цэцэглэж, хэн дуртай нь хэд л бол хэдэн бүртгэлгүй дугаар дуртай цагтаа худалдаж авах боломж бүрджээ.
Үүнийг нотлох томоохон жишээ бол өнгөрсөн аравдугаар сард болсон хятадуудын хэрэг. 800 гаруй хятад иргэн Монгол Улсын хилээр хээв нэг нэвтрээд зогсохгүй, манай үүрэн телефоны компаниудын дугаарыг ашиглаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран 818 хятад иргэнийг саатуулж, 783-ыг нь Монгол Улсын хилээр албадан гаргаад буй. Тэднийг саатуулах үеэр өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10000 гаруй утасны дугаар ашиглаж байсныг хураасан гэх мэдээлэл бий. Энэ дугааруудын 600 орчим нь “Юнител”, 2000 гаруй нь “Скайтел”, үлдсэн 8000 гаруй дугаар нь “Жимобайл” байсан. Эдгээр дугаарыг чухам ямар замаар хэрхэн олж авсан нь төдийлэн тодорхой бус ч хэд хэдэн компани тусалсан төдийгүй зарим үүрэн телефоны компани үнэгүй дугаараа өгсөн гэх мэдээлэл ч бий. Мөн ийн дугаараа үнэгүй тараах болсон шалтгаан нь зах зээл дээр хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, ашиг олох зорилготой нь холбоотой. Харин энэ хэрэг гарсны дараахан Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг мэдээлэл хийж, “Мэдээлэлд дурдагдаад байгаа шиг тийм олон сим карт хураагдаагүй. “Жимобайл”-аас 1500, “Скайтел”-аас 670 гаруй, “Юнител”-ээс 470 гаруй сим карт, нийтдээ 2600-аад сим карт авсан. 10 мянган утас гэж ярьсан болохоос 10 мянган сим карт гээгүй” хэмээн мэдэгдсэн.
Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга нь тоонд ач холбогдол өгөн, ийм мэдэгдэл хийж буй нь харамсалтай. Хэдэн дугаар ашиглаж байсан нь биш, бүртгэлгүй дугаарыг ашиглах боломж бүрджээ гэдэг нь өөрөө аюул. Цаашид хэн хүссэн нь манайд тагнуулын үйл ажиллагаа, залилан, гэмт хэрэг үйлдэх боломжтойг энэ бүхэн харуулж байгаа юм. Иймээс манай сурвалжлах баг “Нууц дуран” булангаараа бүртгэлгүй дугаарын хууль бус наймааны мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
“СКАЙТЕЛ” КОМПАНИЙН БҮРТГЭЛГҮЙ АЗЫН ДУГААР 8000 ТӨГРӨГ
Утастай холбоотой ямар нэгэн асуудал гарах, шинэ, хуучин утас, дугаар авах зэрэгт монголчуудын хамгийн их зорин очдог газар нь “Монтел”, “Теди” төв. “Монтел”-ийн гадна талд “Утас авна” хэмээн зогсох хүмүүсээс хар нэхий өмсөж, ханцуйндаа гараа углан, ноосон малгай тавьсан 40 гаруй насны эр дээр очин “Бүртгэлгүй дугаар авах гэсэн юм” гэтэл хамгийн зүүн захын байшингийн лангуун дээр суух бүсгүй рүү дагуулан очив. “Ахын дүү шинэ дугаар байгаа биз дээ” гэхэд бүсгүй “50 гаруй дугаар байна. Яг ямар дугаар хэрэгтэй вэ” гэлээ. Бүсгүйд 200-300 ширхэг дугаар авах хэрэгтэй байгаагаа хэлэхэд 9608..... дугаарын утас руу залган асуув. Харилцуурын цаанаас нааштай байгаа нь илт. Гэхдээ зөвхөн “Скайтел” компанийн дугаар л өгч чадна гэнэ. Бүсгүй “Та надад дугаараа хэдээр өгөх юм. Жаахан хямдруулчих л даа” гэж ярина. Утсаа таслаад “Скайтел”-ын азын дугаар байна. Дугаар бүрийн үнэ 8000 төгрөг” гэв. Мөн дугаар авч байгаа юм чинь утас ч гэсэн нэг газраас авбал зүгээр хэмээн тус бүр 100 мянган төгрөгийн, хямдхан утас санал болголоо. Өөрөөр хэлбэл, нэг дороос бүх үйлчилгээ авах боломжийг тэд бүрдүүлжээ. Тэд “Бүртгэлгүй дугаарыг хэн дуртай нь авчихдаг юм биш. Компанийн томоохон эрх бүхий албан тушаалтнуудтай ойрын харилцаатай байж л авна шүү дээ. Сүүлийн үед бүртгэлгүй утасны дугаар гүйлгээтэй байна. Хүн бүрт л яагаад ч юм бүртгэлгүй дугаар хэрэгтэй болчихсон” гэв.
“ХЭД Л БОЛ ХЭДИЙГ ОЛЖ ӨГЧ ЧАДНА”
Үүний дараа “Теди” төвийг зорилоо. Тус төвийн гадаа хар хэрээ аятай байнга эргэлдэх хүмүүс цөөнгүй. Тэд л хулгайн гар утасны зах зээлийн гол эзэд, захиалагчид төдийгүй хууль бус гэгдэх цөөнгүй үйлдэл тэдний гараар дамждаг гэгддэг. Бөөгнөрөлдөн зогсох хэдэн хүний захад нь очоод “Бүртгэлгүй дугаар байгаа юу” гэвэл “Яг хэд хэрэгтэй юм” гэлээ. “200-300 ширхэг” гэхэд “Юнител”-ээс бусдыг олж өгч чадна” гэв. Мөн дээл өмссөн өөр нэг залуу ярианд оролцон ямар шугамаар хэрэглэх гэж байгааг асуулаа. “Компанийн шугамаар ашиглана. Гадаад ажилтнууддаа авах гэж байгаа юм” гэвэл “Нэг компанид тийм олон гадаад хүн ажиллах боломжгүй” хэмээн эргэлзэнгүй байв. Харин хамт байсан залуу “Тэр хамаагүй, чимээгүй бай, чи. Ямар шугамаар ашиглах чинь бидэнд сонин биш. Хэд л бол хэдийг олж өгч чадна. Нэг дугаар ойролцоогоор 30-40 мянган төгрөг, хоёр сарын эрхтэй. Нэгж аваад, цэнэглээд явах боломжтой, энгийн дугаар шүү. Утасныхаа дугаарыг үлдээчих. Эргээд холбогдоё” гэх нь тэр.
“Чимээгүй, ямар чанга ярьдаг юм”
Тэндээс холдоод удаагүй байтал 50 гаруй насны эр зам тосон угтав. Бүртгэлгүй дугаар хайж байгаагаа хэлэхэд “Чшш, чимээгүй. Ямар чанга ярьдаг юм” хэмээн шивнэх төдий хэлж, “Мобиком”-ын үйлчилгээний танхим руу дагуулан оров. “Юнител”, “Мобиком”-ын дугаар авч өгч чадна. Дугаарынхаа тоог тодорхой болгоод хүрээд ир. Дараа нь ямар нэг асуудал гарвал надаас авснаа хэлж болохгүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ шүү” гээд утасны дугаараа өгөхөөс татгалзаж, “Авах үедээ хүрээд ирээрэй” гэв. Өөрийг нь яаж олохыг лавлахад “Өдөр болгон би байж байна. Ирэхэд л болно” гэсэн юм. Мөн фэйсбүүкийн “Дугаар зарна, авна” гэх нэртэй группүүдэд “Бүртгэлгүй дугаар авна” гэсэн зар орууж үзэхэд, хэд хэдэн хүн холбогдсон юм. Тэд дугаараа 10-30 мянган төгрөгөөр зарна гэцгээж байв.
БҮРТГЭЛГҮЙ ДУГААРЫН ЦААД ЭЗЭД НЬ “МОБИКОМ”, “ЮНИТЕЛ”, “СКАЙТАЛ”, “ЖИ МОБАЙЛ”-ЫНХАН
Бүртгэлгүй дугаарын бизнесийг дэлгэрүүлэгчид нь, хөхиүлэн дэмжигчид нь манай үүрэн телефоны “Мобиком”, “Юнител”, “Скайтал”, “Жи мобайл” компанийнхан өөрсдөө. Ашиг л олж байвал ямар ч бүртгэлгүйгээр хэдэн мянган дугаарыг өдөрт нь гаргаад өгч байна. Түүнчлэн өдгөө Монголын зах зээл дугаарын эрэлт, нийлүүлэлт нэгэнт зогссон тул тэд борлуулалтаа нэмэхийн тулд, ашиг олохын төлөөнөө бүртгэлгүй дугаарыг албаар гаргадаг гэнэ. Бүртгэлгүй дугаартай иргэд нэгж, дата авахын хэрээр тэдний нэгэнт зогссон зах зээл амь орох учраас үүрэн холбооны оператор компаниуд ч хууль бус энэ бизнесээ зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм.
Үүрэн телефоны аль нэг компанид танилтай хэнбугай ч бүртгэлгүй дугаарыг хэдэн мянгаар нь зардаг байна. Түүнчлэн хилээр хөөгдөн гарсан хятадуудтай холбоотойгоор бүртгэлгүй дугаарын бизнес далд хэлбэрт шилжсэнээс гадна үнэ нь ч нэмэгджээ. Харин үүнийг хариуцах ёстой, хяналт тавьдаг байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо энэ чиглэлд юу хийдэг вэ. 2016 онд л гэхэд бүртгэлгүй дугаартай иргэдийн тоо 650 мянга байжээ. Тухайн үед 2016 онд АСЕМ болохтой холбоотойгоор бүртгэлгүй дугаартай иргэдийн хэрэглээг түр хугацаанд хязгаарласнаас өөрөөр ямар арга хэмжээ авсан талаарх мэдээлэл алга. Гэхдээ тэд бүртгэлгүй дугаарыг үгүй болгохоо удаа дараа амлаж байв. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар л гэхэд бүртгэлгүй дугаартай хэрэглэгчдийн тоо 43 мянга гаруй байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж, зургадугаар сарын 1-н гэхэд энэ тоог тэглэхээ амлацгааж. Ингэж хэлснээс хагас жил гаруйн дараа л дээрх хятадуудын хэрэг илэрсэн нь бүртгэлгүй дугаарын тоог тэглэх бус нэмсэнийг харуулна.
Үүрэн телефоны компаниудтай бид уулзаж, бүртгэлгүй дугаар авч болох эсэхийг сорьж үзсэн юм. “Жимобайл” компанийн хувьд иргэн олон дугаар авах боломжгүй. Байгууллагынхаа гэрчилгээг авчраад, байгууллага хариуцсан ажилтантай уулзаж, дугаар авах өргөдлөө гаргабал хэдэн ч дугаар авч болно. Дараа төлбөрт дугаар арванхоёрдугаар сарыг дуустал барьцаа, суурь хураамжгүй гэсэн. Харин энгийн шинэ дугаарын үнэ 5000 төгрөг бөгөөд 30 хоног, 3000 нэгж, зургаан сар фэйсбүүк үнэгүй ашиглах эрх дагалдана. Олон дугаар авснаар үнэ хямдрахгүй гэсэн юм. Харин “Мобиком”-ын хувьд байгууллага олон тоогоор дугаар авах бол зөвхөн дараа төлбөрт дугаар авах боломжтой аж. Нэг хүн дээд тал нь хоёр дугаар ашиглах эрхтэй. Дараа төлбөрт бол хэдийг ч авч болно гэв. Тэгвэл “Скайтал” компанийн шинэ дугаар 2000 төгрөгийн үнэтэй байсан юм. Нэг хүн дээд тал нь таван дугаар эзэмших боломжтой гэнэ. Байгууллага хариуцсан ажилтантай уулзаж, гэрээ байгуулснаар олон тооны дугаар авах боломжтойг дуулгалаа. Үүрэн телефоны компаниуд өнгөн дээрээ ийм хариулт өгч байгаа ч үнэн хэрэгтэй хэд л бол хэдэн дугаар авах боломжийг тэд өөрсдөө бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ бизнес сүлжээ хэлбэрээр оршиж байна. Энгийн нэг хүн олон тооны дугаарыг бүртгэлгүй авч чадахгүй. Тиймээс тэдэнд нийлүүлдэг албан тушаалтан байж таарна. Гэхдээ тэр албан тушаалтан дур мэдэн дугаар авч чадахгүй учраас түүнд тусалдаг эрх мэдэлтэн байх нь гарцаагүй юм. Үүнийг ч уулзсан хүмүүс маань нотолж байлаа.
ГЭМТ ХЭРГЭЭ НУУХ ГЭЖ БҮРТГЭЛГҮЙ ДУГААР АШИГЛАДАГ
Иргэдийн бүртгэлгүй дугаар авдагийн хамгийн гол шалтгаан бол хууль хяналтын байгууллагаас зугатах. Учир нь сүүлийн жилүүдэд манай хүчний байгууллагууд сайн ажиллаж, хэрэгт холбоотой байж магадгүй ямар ч иргэний утасны дуудлагыг сонсох болсон гэнэ. Иймээс энэ бүхнээс нуугдах зорилготойгоор бүртгэлгүй дугаар авдаг байна. Бүртэлгүй дугаар авдаг иргэд нь ихэвчлэн хууль, хяналтын байгууллагын ажилчид, мэдээлэлд ойрхон хүмүүс, гэмт хэрэгтнүүд байдаг аж. Ийм хүмүүс ихэвчлэн хоёр, гурван дугаартай байдаг бөгөөд энгийн дугаараараа гэр бүл, найз нөхөдтэйгээ ярьдаг бол албан тушаал наймаалцах, авлига, хээл хахууль, гэмт хэргийн ямар нэгэн яриа өрнөсөн тохиолдолд бүртгэлгүй дугаар ашигладаг. Мөн ирэх жил УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ийм дугаар ашиглах иргэдийн тоо нэмэгдсэнийг албаны эх сурвалж хэллээ. Учир нь хэн нэгнийг харлуулах, нэр төрд нь халдах, ID хаягаа нуух зорилготой ашиглах бүртгэлгүй дугаарын эрэлт нэмэгджээ. Түүнчлэн залилангийн гэмт хэргийн гол “зэвсэг” нь бүртгэлгүй дугаар болсон байна. Үнэндээ бүртгэлгүй дугаартай болох тийм ч хэцүү биш, хуруу хөдөлгөхийн төдийд бүтэх ажил аж. Мөнгөтэй л бол хэнбугай ч хэдэн ч дугаар авч болох нь.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин