Caakmedee

Хотоос гарсан иргэд “амь тэмцэж” байна

  • Нийгэм
  • 2020/03/02
Төр, засгаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоож, улмаар холбогдох байгууллагын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод тавих хяналтаа эрчимжүүлсэн. Учир нь, урд хөршид Цагаан сарыг өргөн тэмдэглэж, энэ үеэр халдварын голомт Ухань хотоос гарсан иргэд коронавирус тархаасан гэж шинжээчид дүгнэсэн. Манай улс уг алдааг давтахгүйн тулд дээрх арга хэмжээг авсан билээ. Эл шийдвэрийг иргэд биелүүлж буй, эсэхийг сурвалжиллаа. Тодруулбал, өчигдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо болон зарим зах, Гандантэгчэнлин хийдээр орлоо. Хамгийн эхэнд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд очив. Тус товчоонд мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас гадна эмч нар 24 цагаар ажиллаж буй. Дээрх таван байгууллагын төлөөлөл “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч барьц алдаж байхад манайхны зарим нь дэндүү хайнга, сэтгэлгүй, хувиа бодсон зан гаргасанд харамсаж байна” хэмээсэн. Улаанбаатар луу орох гэсэн 4-5 машин тэнд дугаарлажээ. Цагдаагийн алба хаагч машин бүрт очиж, жолооч нарын бичиг баримтыг шалгасан бол эмч нар зорчигчдын халууныг хэмжиж, мэргэжлийн хяналт, онцгойгийнхон ачаа тээшийг нь нягтална.
Зарим зорчигч байдгаараа гоодож, дээл гоёлоо өмсчихсөн хэрнээ өвчин зовлон тоочиж “Хот руу орохгүй бол болохгүй нь” хэмээх аж. Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 23-нд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тухай дээр мэдээлсэн. Тэгвэл дээрх товчоогоор 22-нд 14 000-15 000 иргэн, 5000 машин нийслэлээс гарсан байна. Иргэд шинийн 3-наас хойш нийслэл рүү орох гэж худал, үнэн хэлж, багагүй асуудал үүсгэжээ. Уг нь шинийн 3-нд зорчих хөдөлгөөнийг нээх байсан. Гэвч Улсын онцгой комисс шуурхай хуралдаанаараа эл хориог маргааш болтол сунгасан билээ. Гэтэл өнгөрсөн сарын 27-нд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд олон зуун машинтай, хэдэн мянган иргэн дугаарлаж, бүгд “Хот руу орно, ажилтай” хэмээн ачаалал үүсгэжээ. Тухайн өдөр дээрх товчоонд цугларсан тээврийн хэрэгсэл, иргэдийн 60 хувийг нь хот руу нэвтрүүлсэн аж. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд 687 тээврийн хэрэгсэл, 2436 иргэн хот руу орсон бол 142 автомашин, 514 зорчигч гарчээ. 
Цугласан бүх иргэн “Хөдөлгөөний хязгаарлалт сунгасныг мэдээгүй” хэмээн дайрч, бухимдацгааж байж. Гэвч шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй алба хаагчид хүлээцтэй хандаж, уурласан иргэдэд УОК-ын дээрх шийдвэрийг нэгбүрчлэн танилцуулсан байна. Нөгөөтээгүүр цахим орчинд шинэ төрлийн “Covid-19” халдвараас урьчилан сэргийлэх тухай мэдээллийг шуурхай дамжуулж байхад иргэд “Энэ талаар мэдээлэл аваагүй” хэмээн дайрсан нь хачирхалтай хэмээж байсан юм. Улмаар амаржих хугацаа нь дөхсөн жирэмсэн эмэгтэй, гүйлгэж, суулгасан нярай хүүхдэд эмчийн үзлэг хийж, хот руу оруулжээ. Мөн 103 дугаарт хандаж, долоон иргэнийг яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Алба хаагчид мянга тайлбарлаад ч иргэд үг авахгүй, шалган нэвтрүүлэх товчооны орчим өнжсөн тохиолдол цөөнгүй гарч. Өнгөрсөн сарын 28-нд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу 448 тээврийн хэрэгсэл, 984 зорчигч нэвтэрч, 177 автомашин, 583 зорчигч гарчээ. Дараагийн өдөр нь 96 автомашин, 275 иргэн хотоос гарч, 269 тээврийн хэрэгсэл, 967 зорчигч хот руу орсон байна.
Шалган нэвтрүүлэх товчоогоор гурван тохиолдолд иргэдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, ар гэрийн гачигдалтай, хүнд өвчтэй, нийслэл, орон нутгийн Онцгой комиссынхны бичигтэй иргэдийг нэвтрүүлсэн. Хот руу нэвтэрч буй иргэдийн олонх нь Онцгой комиссын бичигтэй. Орон нутгийн Онцгой комиссын шалган, нэвтрүүлэх товчоогоор орж, гарахыг зөвшөөрсөн бичиг нь сүүлийн хоёр хоногт навсайтал овоорсон гэдгийг албаныхан хэлж байв. Мөн “Нэгэнт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бол Онцгой комиссынхон иргэдэд бичиг олгохдоо эрсдэлгүй байдлаа бодолцож, танил тал харалгүй, шударга хандаасай” гэх алба хаагч ч таарсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эргүүл хяналтын ажилтан Б.Тамир “Нэгдүгээр сарын 1-нээс энд ажиллаж байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар мал, амьтнаас гаралтайг анхааруулсаар байтал иргэд шалган нэвтрүүлэх товчоогоор тарваганы мах, загас оруулахыг завдсаар байна. Энэ оны нэгдүгээр сард гэхэд тарваганы мах машиндаа нуусан зөрчил маш олон бүртгэгдсэн. Үүнээс гадна “Улаан ном”-д орсон зэрлэг гахай нэг, тул загас хоёр, Алтайн хойлог шувуу дөрвийг агнаж, хот руу оруулах гэж байсныг илрүүлсэн. Өнгөрсөн сард өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хяналт шалгалтаа чангатгасан тул энэ төрлийн зөрчил багаслаа” хэмээсэн.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооныхон буюу Эмээлтэд оршин суугчид дээрх товчоогоор орж, гарахдаа бичиг баримтаа биедээ авч явалгүй, хүндрэл учруулж буй гэнэ. Хотоос гарагсад нийслэлийн Онцгой комиссоос, харин орж байгаа нь орон нутгийн Онцгой комиссоос бичиг авч, хот тойрсон шалган нэвтрүүлэх найман товчоогоор дайран өнгөрч буй. Ер нь аль ч товчоодод дээрхтэй адил үйл явдал өрнөж буйг алба хаагчид хэлсэн. Товчхондоо, битүүний өмнөх өдөр хотоос гарсан хэдэн мянган иргэн эргэн орохоор “амь тэмцэж” байгаа гэнэ. Тэднээс ямар нэг бичиг баримтгүй шалтгаанаар өдөрт 20-30 иргэнийг л буцааж байгаа бол 1000 гаруй нь Онцгой комиссынхны бичгээр хотоос орж, гарсаар байна.
Жилийн жилд Цагаан сарын дараа Гандантэгчэнлин хийдэд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иргэд шинийн 8-наас өмнө амжиж, заслаа хийлгэхээр буян номын газрыг зорьдог. Тэгвэл энэ жил Гандантэгчэнлин хийд урд, баруун, зүүн үүдээ барьж, харин хаалга тус бүр дээрээ “Засал номыг my.gandan.mn хаягаар авч байна” хэмээсэн зар наажээ.
“Бөмбөгөр” худалдааны төвд бусад өдрийг бодвол хөл хөдөлгөөн багатай байлаа. Иргэд амны хаалт хэрэглэсэн нь алаг цоог харагдсан. Худалдаачид “Худалдааны төвийн удирдлага түрээсийн төлбөрийг бууруулаагүй. Хүнсний бүтээгдэхүүнийг эс тооцвол ашиг орлого тааруухан байна. Дээр нь бараа татах боломж хязгаарлагдсан нь тул биднийг алдагдалд оруулах нь” хэмээн дор бүрнээ гомдол тээсэн үг унагаж байлаа.
 
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу