Caakmedee

Ё.Баатарбилэг: Олон зуун тэрбум төгрөг нуун дарагдуулсан асуудалд дуугараагүй субьектууд гэнэт өрвөлзөж байгаад харамсаж байна

  • Нийгэм
  • 2020/03/06
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг улсын шалгалт цуцалсан болон зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Бүх сурагчдаас улсын шалгалт авахыг цуцалж байгаа учраас бүх боловсролын газрууд руугаа  бичиг хүргүүлсэн. ЕБС-ын суралцагчдын анги дэвших болон улсын шалгалтын дүнг нэгдмэл агуулгаар тооцож шалгалтын үнэлгээний дүн гаргах чиглэл хүргүүлсэн. Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг яамнаас хүргүүлсэн.
Улсын шалгалтыг ямар зохицуулалтаар тооцож дүнг нь гаргах юм бэ гэдэг асуултууд багш нараас их ирж байна. Жилийн эцсийн дүн явцын дүнгээрээ явчихна. Хүүхдүүд жилийн эцсийн шалгалт аваад хичээлүүд рүүгээ анхаарал хандуулаад бусад хичээл хоцрогдох эрсдэлтэй байгаа учраас 4,5-р сард бүх хичээлийг жигд давтуулах хэрэгтэй гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан.
Зээлийн снгийн асуудлын хувьд 1993 оноос хойш Сургалтын төрийн сан анх байгуулагдаж байсан. Зорилго нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өнчин өрөөсөн, сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй, 12-р ангиа амжилттай төгсөөд их дээд сургуульд орсон хүүхдүүдийг төрөөс төлбөрийг нь зээлээр олгож сургаж төгсгөдөг болоод 27 жил болж байна.
Энэ хугацаанд 2004, 2008 онд хоёр удаа зээлийн санд байгаа журмаараа зээлээ аваад сураад төгссөн 26 мянган хүүхдүүдийн дипломыг буцааж олгох асуудал шийдэгдсэн. Зээл авахдаа оюутнууд гэрээ байгуулдаг. Төгсөөд таван жил эх орондоо ажилласан байна, мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэсэн хэд хэдэн шаардлага байдаг. Энэ гэрээгээ биелүүлээгүй бол зээлийг эргэн төлүүлэх асуудал яригддаг.
Өчигдөр өргөн барьсан энэ журам бол 2012 онд батлагдсан Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсантай холбоотой журмаа шинэчилж батлах ёстой байсан. 2008-2016 оны хооронд суралцаад төгсөөд ажиллаад зээлийнхээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн дотоодын олон мянган оюутны диплом манай Боловсролын зэлийн санд хадгалагдаад байж байна.
Төгсөгчид дипломоо нотариатаар батлуулаад ажил олгогчдоо өгчихөөд яваад байгаа. Тиймээс төрөөс оюутнуудын дипломыг эргүүлж өгөх ёстой юм.
Зарим нэг хүмүүс хэт улс төржүүлж, улс төрийн зорилгоор буруугаар мушгин гуйвуулж, иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Сүүлийн хэдэн жил жилд арав гаруй мянган  оюутан сургалтын зээлийн сангаас төлбөрөө шийдүүлээд явж байна. Энэ жил мөн 10 мянган оюутны асуудал яригдаж байгаа. 2008-2016 онд гэрээний үүргээ билүүлээгүй оюутнуудаар буцааж төлүүлнэ. Мөн аваар осолд орсон, хөгжлийн бэрхшээлтэй болчихсон оюутнуудад зээлийн тодорхой хувийг нь чөлөөлнө. Мөн нас барсан бол зээлийг нь бүр хүчингүй болгодог. Төрөөс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Тиймээс үүнийг цогцоор нь оруулж журмаа батлах гэж байгаа юм. Үүнийг улс төржүүлж болохгүй. Ялангуяа улс төрчид нийгэмд буруу ойлголт өгч байна.
Талхны үнэ мэддэггүй хүн Боловсролын зээлийн сан гэж байдгийг одоо сонсож байна гэж жиргэдэг нь аргагүй шүү дээ. Талхны үнээ мэдэхгүй байж талхныхаа үнийг судлаад явж байх ёстой байхгүй юу. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэчнээн тэрбум төгрөгийг улсаас зүгээр авчихаж байна. Өр цайруулж, тэглэж улсын нууцад авсан өчнөөн их наяд төгрөгийн дэргэд энэ асуудал бол Монголын иргэдийнхээ сурч боловсрох эрхийг дээдэлж, дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх том бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн асуудал гэдгийг хариуцлагатай хэлье.
Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу байгаа. Тогтоол батлагдах ёстой. Батлагдсаны дараа хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлөөд явна. Мөн зээлийн эргэн төлөлтөөр бүрдүүлж, боломж муужтай сурлага сайтай хүүхдүүдэд зээл олгох боломж олгоод явдаг нь сангийн процесс.
Төрөөс олон зуун тэрбум, их наяд төгрөг авчихаад зайлсан, бултсан, нуун дарагдуулж  хуулиар халхавчилсан асуудал гарч байхад дуугараагүй нийгмийн олон субьект гэнэт өрвөлзөж босч ирж байгаад харамсаж байна. Нэр бүхий нөхдүүдтэй холбоотой асуудлыг тодорхой түвшинд гаргаж тавина.
Сая тэтгэврийн зээл тэглэхэд зээлгүй ахмадууд бид яах вэ гэж уйлж байсан шиг юм болж байна. Өөрөө боломжтой байгаад сургалтын төлбөрөө төлөөд сурсан залуус бид яах юм бэ гэж ярьж байна. Ийм байж болохгүй. Заавал бүх хүн төрөөс дэмжлэг авч суралцах боломж байхгүй шүү дээ. Харин  ч МАН эрх барьсанаас хойш Оюутны хөгжлийн зээл гэж гаргаад барьцаагүй, хүүгүй зээл өгдөг болчихсон. Хамгийн гол  шалгуур нь сургалтын голч оноо байх ёстой. Хариуцлагагүй сурч байгаа бол зээл олгогдохгүй ийм л журамтай.
2004,2008 онуудад 26 мянган иргэнийн 11,4 тэрбум төгрөийн зээл чөлөөлсөн байна. 2008 оноос хойш 14000 иргэний 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүссэн гэсэн үг.” Гэв. Дараа нь сэтгүүлчийн асуултад хариулаа.  
-Боловсролын зээлийн сангаас улс төрчдийн хүүхэд зээл авч сурчихаад зээлээ төлөөгүй асуудал зөндөө байгаа. Үүнд л иргэд дургүйцээд байгаа юм биш үү?
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад Боловсролын зээлийн сангаас зээлээр суралцдаг хөтөлбөр 1990 оны сүүлээс яваад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 1800 орчим залуус зээлийн санд хамрагдаж өндөр хөгжилтэй орнуудад тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн. Бүгд гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой, тэгж байж гэрээний үүрэг биелэгдсэн гэж тооцно гэж гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 160-170 орчим зээлээ төлөөгүй, сураггүй болсон хүний асуудал яригддаг. Боловсролын зээлийн сан яамнаас чиглэл өгсний дагуу батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явуулж байгаа. Хэд нь төлж, хэдэн төгрөг бөөгнөрч байгааг Боловсролын зээлийн сангаас тодруулаарай. Үлдсэн хүмүүс нь зээлээ төлөөд, гэрээгээ дүгнүүлчихсэн хүмүүс гэж хэлж болно. Бидэнд мөнгөний боломж байвал гадаадад хүүхэд залуучуудаа суралцуулах шаардлагатай байна шүү дээ. Хэл ус сайтай, дэлхийн топ сургуулиудад суралцах боломжтой чадвартай хүүхдүүдээ төрөөс дэмжээд, өшөө олноор нь явуулах ёстой гэж боддог.

Б.Бурмаа

Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу