Caakmedee

Цар тахлын сургаар маск дамлаж, гар ариутгагчийнхаа стандартыг зөрчсөн "Монос"-д мэргэжлийн хяналт "жижигдлээ"

  • Нийгэм
  • 2020/04/15
Улсын онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат ноцтой мэдэгдэл хийв. Яг ч мэдэгдэл биш л дээ, мэдээлэл өгсөн гэвэл ононо. Тэрээр “Гар ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн” хэмээсэн юм.   
Харин "Монос" компаниас гар халдваргүйжүүлэгч гелийг 3-р зэргийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн болохыг албан ёсоор мэдэгдсэн. Одоо бид төрийн байгууллагынхаа мэдээлэлд итгэх үү, бизнесийн байгууллагын мэдэгдлийг зөв гэх үү. Ихэнхдээ нэр төрөө хамгаалагчид л буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, төрийн байгууллага, албан хаагчдыг буруутгадаг. Тэгээд ч нэг мэдэгдэл гаргаад л техникийн спирт ашиглаагүй болчихно гэж байхгүй. Бүхэл бүтэн МХЕГ-ыг буруу шинжиллээ гэж хэлэх гээд хэрэг үү.  
Энэ чинь ЖДҮ авчихаад "Би мэдээгүй байхад манай тэр авчихсан байна билээ" гэж мэлздэг гишүүдтэй ялгаа алга. Хэн л буруугаа шууд хүлээн зөвшөөрч байлаа. Үнэхээр тэд техникийн спирт хэрэглэсэн бол аюултай. https://www.103.mn/archives/409 эрүүл мэндийн цахим хуудаст "Метилийн спирт буюу метанолыг хар ярианд модны, техникийн спирт гэдэг. Дээхэнэ үед модыг хуурайгаар нэрэх аргаар гаргаж авдаг байсан болохоор модных гэдэг нэртэй болсон. Харин хэрэглэхдээ лак, будагч зэрэгт уусгагч, бензиний октаны тоо нэмэгч, уксусны хүчил, формалин гаргаж авах зэргээр ашигладаг болохоор техникийн спирт гэдэг болжээ. Юуны өмнө метилийн спиртийг хор гэдгийг хэлэх хэрэгтэй байх" хэмээн бичиж. "ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн" гэдэг үг мэдээлэлд байгааг бодоход, аюулын улаан дохио асаад байх шиг. 
Ерөөс "Монос" шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий дахинд дэгдэж эхлэхтэй зэрэгцээд амны хаалтын үнийг нэмсэн. Энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр "Монос"-т Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар ШӨХТГ-аас мэдэгдэж байлаа. Амны хаалтыг 3600, 5700 төгрөг зарж, нүд бүлтлэх шахаж байсан нь ч үнэн. Төрийн байгууллага ажлаа хийж, мэдэгдэл гаргаж, үнээ нэмж, ашиг олохын төлөө улайрахаа болихыг сануулахад бас л мэдэгдэл хийгээд,  хэвлэлээр тодуулга өгөөд л өнгөрсөн. Яг л нэг "алуурчин" сэтгэхүйтэй аятай. Ашиг л олж байвал ард түмний амьдрал ямар байх, эдийн засгийн нөхцөл байдал яаж хүндрэх нь тэдэнд хамаагүй бололтой. 
2019 оны есдүгээр сард НМХГ-аас эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийсэн талаараа мэдээлж байсан. Гэтэл зарим байгууллагууд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгах журмыг зөрчиж, таван жилээр сунгуулчихсан асуудлыг хөндөж байлаа. Тэр дунд "Монос" тууж л явсан. 
Одоо бас гар ариутгагчаа стандартын бус хийсэн асуудал босож ирлээ. Нэн түрүүнд хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал босож ирлээ. Гар ариутгагч нь үнэхээр эрүүл мэндэд нөлөөгүй юу гэж эргэлзэх хэрэглэгч олон байгаа байх. Түүнээс гадна, тэд бас л ашиг олох арга хэрэглэв үү. Хэддүгээр зэргийн ч бай этилийн спирт л ашиглаж хийх ёстой гар ариутгагчдаа метилийн спирт хольсон юм биш биз дээ. Үндсэндээ түүхийн эдийн зардлаа хэмнэж, ашиг олох гэж байсан ч байж болох талтай. 
Ямар ч байсан "Монос", "Нахиа Импекс" компаниуд техникийн спирттэй холбоотой асуудал гаргаж, МХЕГ-аас тэднийг стандартаа мөрдөхийг санууллаа. Мөрдүүлэх ч байх. Гэвч ердөө л стандарт мөрдүүлээд орхино гэдэг учир дутагдалтай. Аль болгон толгойг нь илэх юм бэ. Том артай болохоор уу, үндэсний томоохон үйлдвэрлэгч гээд өршөөгөөд байна уу. Ямар ч үед хууль, журам хэрэгжиж л байх учиртайсан. Төрийн байгууллагын нэг дарга гарч ирж мэдээлэл хийдэг, хувийн байгууллага нь нохой хуцсан чинээ тоодоггүй байдал үргэлжилсээр л байх юм уу. Тэд мэдэгдэл гаргаад л бүх зүйл шийдэгдчихдэг юм бол мэргэжлийн хяналт "жижигдэж" байна гэсэн үг. 
 
Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу