Caakmedee

Улаанбаатартай ижил зовлонтой Лос-Анжелес

  • Нийтлэл
  • 2018/12/19
Хойд америкчууд утаа хэмээх аймшигт гамшигтай арай хожуу басхүү өөрсдийн зохиосон аргаар тэмцэж эхэлжээ. Тэд агаарын бохирдлын шалтгааныг тогтоох судалгааны байгуулага байгуулж, судалгаа ёсоор хүн төрөлхтний бүтээсэн гамшигтайгаа дайтжээ. Юуны өмнө үйлдвэрүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийг ил задгай хогоо шатаахыг хориглож, хотын хогийг устгах асуудалд анхаарал тавьсан байна. Мөн агаарын бохирдолд нэмэр болж буй шинэхэн дайсан болох автомашинуудын утаанд хяналт тогтоожээ. 
Шаталт бага, утаа тортог ихтэй дизель түлшний хэрэглээг багасгаж, том оврын тээврийн хэрэгслүүдэд шинэчлэлт хийв. 
Тэмцэл үүгээр зогссонгүй. Автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, этилгүй шатахуунаар ажилладаг машин зах зээлд нийлүүлэн, цаашид цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Мэдээж их тэмцэл тодорхой нөлөө үзүүлсэн ч төлөвлөж байсан шиг амжилтад хүрсэнгүй. 1956 онд 1000 хүн, 1962 онд 750 хүний аминд хүрсэн утаат манан дахиад л дэгдсэн хэдий ч 1960-аад оноос эрчимтэй хэрэгжүүлсэн “Утаагүй бүс” төслийн ачаар дахин үхлийн уршигтай манан Европын хотуудад үүссэнгүй. Харин Америкт байдал улам л хурцадсаар. Нью-Йорк хотыг 1953 онд бүрхэн авсан манан 260 хүнийг амийг авч одсон бол 1966 онд агаарын бохирдлыг улмаас 168 оршин суугч нас баржээ. Нью-Йорк хотноо 1963, 1966 онд удаа дараалан болсон утаан бөмбөгдөлтийн улмаас хүмүүс хэдэн зуугаараа амь үрэгдэв. Экологийн асуудал дэлхий дахины сэтгэлийг түгшээх болж, үйлдвэржүүлэлтэд биш байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болсноор гамшигт манангийн асуудал хөгжингүй орнуудад дахин айлчилсангүй. 
Харин одоо агаар орчны бохирдол Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод байна. Гэхдээ Хойд Америк ч утаа, агаарын бохирдлын асуудлаас бүрэн ангижирч чадаагүй. Ялангуяа Калифорни муж, Мексикийг энэ асуудал зовоосон хэвээр байгаа билээ. Утаагаараа алдартай Лос-Анжелес хотод жил бүр 9600 хүн агаарын бохирдлоос болоод хорвоог орхиж буй тухай тус хотын агаарын чанарын албаныхан мэдээлжээ. Сонирхолтой нь Улаанбаатар шиг утааны асуудалд нь газарзүйн байршил, агаарын солилцоо муутай нь нөлөөлдөг учир автомашины түлшийг шинэчилж, ил задгай хог шатаахыг хорьсон төдийхнөөр агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй гэдгийг америкчуудын тавин жилийн “дайн” тодорхой ойлгуулсан юм. Нөгөөтэйгүүр хүн амын нягтшил агаарын бохирдолд шууд нөлөөлдгийг агаарын бохирдолтой тэмцэгч эрдэмтэд сануулах болсон. 
Тиймдээ ч хөгжингүй орнууд, ялангуяа хэдэн саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтаршилаас эхлээд хотжилтыг зөв төлөвлөхөд баримтлах стандарт байх ёстой гэдгийг сануулах болсон. 
Хагас зуун жилийн турш утаатай нөхөрлөж буй Лос-Анжелес хотын хувьд ч өндөр уулсаар хүрээлэгдсэн гэх шалтгаанаас гадна жил бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж буй хүн амын тоо нь агаарын бохирдолд ихээр нөлөөж байгаа гэнэ. Зуун жилийн өмнө британичуудыг ч энэ асуудал зовоож байж.

А.Анар-Эрдэнэ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу