Caakmedee

Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана

  • Нийтлэл
  • 2018/12/24
Монголд улс төр бужигнаад удаж байна. Үүнийг зарим нь улс төрийн бужигнаан гэж байгаа бол зарим нь төр, намын хямрал гэж томьёолоод байна. Энэ бүх хямрал юунаас эхтэйг бид бүгд мэднэ. ЖДҮ буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой луйвар ил болсноос энэ хямрал эхэлсэн. УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн зээл авч банк бус санхүүгийн байгууллага зэрэг хувийн компани, бизнес рүүгээ оруулж эргэлдүүлж байсан нь ард түмний бухимдал, уур, жигшил, зэвүүцлийг төрүүлсэн юм.
ЖДҮ-ийн асуудлаас үүдээд Засгийн газар огцрохдоо тулав. Огцрох гэж байгаа Засгийн газар хариу барьж 60 тэрбумын асуудлыг сөхөж нөгөө талынхаа шахаанд оруулах гэж үзэж байна. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг тавьж эхэлсэн. Харин М.Энхболдын талынхан “Хууль зүйн ямар ч үндэслэлгүй, баталгаагүй тулгалт байна” гэдэг хариуг өөдөөс нь өгөөд байгаа. Хэрвээ үнэхээр хуулийн үндэслэлгүй бол огцруулах арга байхгүй л дээ. Ингээд л талцаж маргаад сар шахуу болж байна. УИХ-ын чуулган хуралдаж чадахаа байгаад сар болох нь. Монгол Улс Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болсон. Ерөнхийлөгч өөрийгөө шүдгүй арслан гэсэн бол УИХ, Засгийн газар ч өөрсдийгөө шүдгүй арслантай зүйрлэцгээсэн. Харахад байгаа мөртлөө ямар ч шийдвэр гаргаж чадахаа байж, гурван биенээ чагталчихаад байж байна. Өөрсдийнх нь хэлдгээр Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болчихлоо л доо, бид.
Улс төрийн энэ хямралыг манай сонин бүр эхнээс нь л “Та нар хоорондоо зохицооч ээ” гэж зогсоо зайгүй уриалж байгаа. Тэгэхгүй бол та нар нам, УИХ, Засгийн газраа байхгүй болгож аягүйтвэл Ерөнхийлөгч ч огцрохдоо тулах нь байна шүү. Энэ бүгдийн үр дүнд дараагийн гарч ирэх улстөрчид, улстөрийн хүчинд хэн ч итгэхээ болино. Тийм учраас та нарыг зохиц, зөвшилцлийн ширээний ард суу гээд байгаа юм л даа. Эрхбиш тулхтай нам, хүмүүс байгаа учраас ингэж уриалж байгаа ухаантай. Угтаа булаацалдаж байгаа юмаа хэрэлдэхгүй хувааж аваач ээ л гэж байгаа юм.
Тэмцэлдэгч талууд одоо Цэцэд хандаад эхэлж байна. Энэ бол бас нэг гарц мөн. ЖДҮ-тэй нэр нь холбогдсон талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн эрх мэдлийг наймаалсан хэрэгт холбогдож, шалгуулах нөхцөлийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Төрийн албыг наймаалсан гэх 60 тэрбумын хэрэг нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн гэж үзсэн юм, тэд. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг дэмжиж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “Бид УИХ-ын даргатай хамтарч ажиллахгүй” хэмээгээд М.Энхболд даргыг өрөөнөөс нь чирч гаргахад бэлэн байна гэцгээсэн. Тэгтэл ЖДҮ-ийнхнийхээ эсрэг 60 тэрбумынхан хөдөлж мөн Цэцэд хандаж байгаагаа зарласан. “Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг олон хоног хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Хэрвээ Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэвэл Засгийн газар тарна” гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд үзэж Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Юутай ч ингээд хоёр талын хэрүүл, талцал Үндсэн хуулийн Цэц гэдэг нэг газарт төвлөрчихлөө, Цэц дээр асуудал бөөгнөж эхэлж байна гэж болно. Томоор харвал асуудлын зангилаа Цэц рүү явж эхэллээ.
Цэц шийдвэрээ гаргах ёстой. Тэр шийдвэр нь цэцэн байх ёстой. Аль нэг тал руу гуйж дайвахгүй, хуульд цагаан дээр хараар юу гэж бичсэн байдаг вэ, түүнийг дагаж шийдвэрээ гаргах ёстой. Нэг үгээр Цэцийнхэн үүн дээр улс төрийн хатан зориг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж Монголын улс төр дэх хямрал арилна. Шударга, үнэн, үндэслэлтэй шийдвэр гаргахад аль ч тал хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Тэгэхгүй улстөржсөн, хэт нэг тал руу илэрхий гуйвж дайвсан шийдвэр гаргавал хэн ч тоохгүй. Хэрэвзээ тэгвэл Монголын улс төр дэх шүдгүй амьтны тоог нэгээр нэмэхээс цаашгүй юм болно шүү. Шийдвэр гаргадаг, тэрийг нь биелүүлдэг байх ёстой. Тэгтэл та бүхэн “Миний шийдвэлийг (шийдвэрийг) тоохгүй байна” гэж шүдгүй арслан улаан буйлаараа шүлсээ үсчүүлэн орилох шиг хичнээн хашгичаад тусыг эс олно.
Аливаа улс төрийн институцийг яавал хүчтэй байна гэж үздэг юм бэ гэхээр шийдвэр гаргаад тэрийгээ биелүүлдэг, биелдэг байвал л түүнийг хүчтэй институци гэдэг. Одоо Цэц шийдвэрээ гаргахыг харж байя. Монголын улс төрийн хямралыг арилгахын тул Үндсэн хуулийн Цэц хурдан ажиллах хэрэгтэй байна. Хуучин шигээ хэрэг үүсэхгүй, үүсгэхгүй гээд цатгалан паацганаж байдгаа болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол улс төрийн хямралыг дагаж эдийн засаг бүхий л түвшиндээ гацаж, цаашлаад ард түмний амьдрал уруу дээрээ улам уруудах нь. Бие биенээ гацаасан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын чагтыг тайлж, төрийг хямралаас гаргах эцсийн найдвар нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байна. Тэгэхээр Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу