Caakmedee

СҮҮЛЧИЙН ЗҮСЭЛТ

  • Нийтлэл
  • 2019/01/10

Хэд хоногийн өмнө орсон цасны түрүүч уулсын оройоор цайвалзан байлаа. Намрын хул шаргал навчсаа гээж амжаагүй модод улам чиг бие биесээ налан хүйтэн гээч амаа ангайгаад ирж буйг мэдэрсэн царайтай сүглийнэ. Хүн амьтны хөлөөр гарсан нарийн жим дагаад судас шөрмөс шиг ус жирэлзэн урсах нь чухам ямар улирлын дотор амьдарч байгаадаа эргэлзэх бодлыг эрхгүй төрүүлэх ажээ. Саяхан л урь унаж, хатуу хөтүүгээ алдсан бүхэн зөөлрөн нялхарч байсан биш билүү. Ай, хөөрхий энэ цаг хугацаа гэж бодоход хоёр бараан шувуу оройд нь суусан байшингийнхаа төмөр дээврийг ясан хошуугаараа тогшиж тогшиж байснаа баруун зүгийг барин хойно урдаа орсоор нисэн одно. 
Энэ бүгдийг харж мэдэрч байгаадаа тэр итгэсэнгүй. Үхчихээр л бүх зүйл харанхуйлдаг гэж боддог байсан нь худлаа байжээ. Харин ч бүр сав саруул, тов тод хардаг болохыг дөнгөж таниад гайхсандаа нүдээ улам ч томоор дүрлийлгэн байв. Түүнийг амьд ахуй, цэл залуу явахад ийм л том дүрлэгэр нүдтэй хүүхнүүд сайхны манлайд тооцогдог байжээ. Ядаж байхад дуу бүхэнд давхраатай алаг нүдний тухай дурсана. Гэтэл түүнд тийм сайхан дуунд гардаг нүд заяасангүй. Зузаан зовхитой бүлцэн нүднээсээ их л ичнэ. Өдөр бүхэн толины өмнө эргэлдэж яавал, ямар аргаар гоёхон сормуус дэрвийлгэсэн, эргэлдсэн алаг нүдтэй болохыг мөрөөдөн чамгүй цагийг өнгөрөөсөн билээ. Өнгө жавхаа бүрдэх хорин насандаа анхны мэс заслаа хийлгэв. Нүдэндээ давхраа оёулж, сормуус суулгажээ. Сайхан хөөрхөн болсондоо сэтгэл хангалуун ёстой л хаврын наранд дуу орсон шувуухай шиг жиргэж явлаа. Гэвч амьдралын ачаа хүний зөвхөн нуруун дээр дардаггүй ажээ. Дахиад л зовхи нь унжиж, нэгэн насны хүсэл нь толины өмнө өөдөөс нь балран унаж эхэлжээ. Энэ удаа харин тэгтлээ удаан бодсонгүй, зүсүүлээд татуулаад оёулаад дүрлийгээд ирэв. Том хүү нь арван нас хүрч байлаа. Тэр л үед ханилснаасаа өөр эрийн нөмөр үзээгүй түүний ариун хэвлийд бага хүү нь бүтэн бүрэлдэж байжээ. Амьдрал чухамдаа яг л дуу шиг эгшиглэж, өдөр хоногууд уулын уруу алдсан хигээстэй дугуй шиг өнхрөн, сайн хань, өсөн торниж байгаа хүүхдүүдийнхээ цовоо цолгиун дуунд аз жаргал гэгчийг ёстой амталж, аанай заримдаа тунирхан тургилж ч явжээ. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралд санаа зовох зүйл бусдыг бодвол бага, хөвгүүд нь ч азаар буруу зөрүү өссөнгүй. Харин нас цаг хоёрын хүч хавсарсан эрхшээл л түүнийг дахин хоёр удаа нүднийхээ зовхийг татуулах, арьсыг нь тануулах зовлонд унагажээ. 
“Ээж, ээж” гэх дуунаар тэр нүдээ нээв. Бага хүү нь түүнийг биш аягатай цайнд далбилзах өөрийнхөө царайг хараад эвшээн зогсоно. “Муу хоёр хүүгээ их зовоож байна даа” гэх шаналалтай бодол толгойд нь орж ирэхэд, идэр тэнхлүүн насандаа тэднийг орхиод мөнх бусын тэртээд одсон эр нөхөртөө гомдох сэтгэл өчүүхэн төрөв. Өрөөний цонхоор ташуулдан тусах нарны гэрлийг хараад “үхсэний хойноос гомдоллож байдаг, би ч түүндээ энэ насандаа эрхэлж, гомдож дуусахгүй хүн юм” гэсэн арай уужим, ухаалаг бодол залган авлаа. Хэдийнээ нас дөч хүрч, шанаанаасаа зэгэл буурал суусан хүүгээ тэр удаан ширтэв. Тэгээд ялимгүй өндийх гэж биеэ хүчилсэн ч чадсангүй. Тамир тэнхээ бүрэн барагдана гэдэг нь л тэр ажээ. Хүү ч эхийнхээ толгойг өндийлгөөд аягатай цайнаас халбагдан уулгаад “ мөн чиг урт сайхан намар болж байна даа. Тээр жил аавыг үгүй болоход өдийд мөн ч хүйтэн байсан шүү” гэлээ. Үнэхээр хачин жигтэй хүйтэн намар байсныг нэхэн санав. Модод шаргалтаж амжилгүй, голдоо ортол тэс хөлдсөн байж билээ. Тогшоод үзвэл түн дүн гэх хөлдүү дуу гарахаар байсан биз. “Хэзээ хавар болж, цаг наашилна даа” гэхээс илүү” чамгүйгээр бид хэд чинь яажшуухан амь зууна даа” гэсэн айдас түгшүүр түүнийг хэлэх үггүй хэдэн өдөр асгартал уйлахад хүргэж байлаа. Хүн гэдэг хэзээнээсээ зуурын жаргал, зовлонтой амьтан. Удалгүй хацар дээрх нулимс нь хатаж, харин ч их уйлвал нүдний давхраа арилах нь гэдэг түгшүүр түүнийг бүхэлд нь бүрхэн аваад үхлээс ч илүү аймшигтай зүйлтэй учрах вий гэсэн зовнилд унаж байжээ. “Хайр” эсвэл “хайртай” гэдэг үг түүний амнаас хэдэн зуун сая удаа гарсан боловч тэр л хоёр үгийн үнэн утгыг ололгүй насыг барсан нь түүний буруу биш, ер нь хэний ч буруу биш, энэ амьдралд хэн ч буруугүй, буруутай ч түүнийг үхэл гэдэг зүйл арилган цагаатгаж орхидог бололтой. 
Үдийн нар цонхоор гэрэлтэхээ болиход тэр өнөөдрөөс нэг их хэтрэхгүй гэдгээ ойлгов. Арайхийн хоёр хүүгээ дуудаж дэргэдээ суулгаад элдвийг яримаар байсан ч хоолой амыг нь төмөр хавчаараар үдсэн мэт болоод дуу ч гарсангүй. Хий дэмий л мөрөө нийлүүлээд биесээ налан хүйтнээс эмээнгүй байгаа модод шиг зэрэгцэн суугаа хүүхдүүдээ ширтэн байв. Том хүүгээ “ээж бүлээн цай уух уу?” гэхэд толгойгоо үл мэдэг сэгсрэв. 
Цаг болжээ, ирэх ёстой зүйл ирдгээрээ ирж, учрах ёстой зүйлтэйгээ учрав. Бүх зүйл өмнө нь уншиж, сонсож байсан шиг нь биш байлаа. Сүнс нь хөөрөн жингүйдэж, эргэн тойрон хоосрон, эцэс төгсгөлгүй мэт гүн цүнхээлд ч унасангүй. Гараас нь татаж чангаагаад хэн нэгэн харанхуй хонгилоор ч дагуулж явсангүй. Хамгийн гол нь үхэж үзээгүй байсан хүмүүсийн бичсэн ярьсан уран сэтгэмжинд итгэж явснаа л ойлгожээ. Үхнэ гэдэг зүгээр л цаашаагаа урьдынх шигээ амьдрахын нэр байлаа. Бүгдийг үзэж харж, амталж, мэдэрч догдолж, гуниглаж, тунирхаж, үзэн ядахын нэр ажээ. 
* * *
Харин үхчихээд тэр яаж ч оролдоод нүдээ аньж чадсангүй. Хачин юм даа, зүгээр аниад байдаг нүд яахаараа болдоггүй билээ. Энэ насны гэрэл хаагдаж, өөр нас, амьдралын гэрлийг харах хэрэгтэй байдаг. Гэтэл юу болох нь тэр вэ? Том хүү нь нулимсаа арчаад энэ удаагийн цаг хугацаанаас татсан сүүлчийн амьсгалаа хураах үед дух нь дээр зөөлөн үнсээд хараатайгаа хөшиж орхисон нүдийг нь хаах гэж гарынхаа алгаар хэд хэд дараад чадсангүй. Аргаа бараад дүүгээ харав. 
-Нүд нь хаагдахгүй байна. Яасан эвгүй юм бэ? гэхэд дөч хүрсэн гэхэд дэндүү гэнэн хүүхдээрээ дүү нь “ээж арай үхээгүй юм биш биз дээ” хэмээн амандаа бувтнав. Удалгүй том хүүгийнх нь эхнэр орж ирээд эмэгтэй хүний эвлэг зөөлөн гараар нүдийг хаах гэж оролдоод бүтсэнгүй. Хөөрхий сэтгэл зөөлөн, айдас ихтэй бүсгүй хүний зангаараа олон муу зүйл сэтгэлдээ ургуулан бодсноосоо болоод төдхөн гараад явчихав. Хоёр биенээ хараад жинхэнээсээ хүйтэн гээчид залгиулсан модод шиг горзойн зогсох хоёр хүү нь гэнэт ухаан орсон мэт гар утаснуудаа аваад ийш тийш нь залгаж эхэллээ. Бодвол лам хар, найз нөхөд, амраг садан руугаа ярьж байгаа биз. 
Цэвдэг сэтгэл шиг эмнэлэгийн амьгүй болсон ч амьдарсаар байгаа хүмүүсийн бие цогцосыг түр хадгалдаг зоорь. Амнаасаа архи сэнгэнүүлсэн, том улаан хамартай бүдүүн эр орж ирээд түүний дээрээс тонгойн зэрвэс харснаа” аан, зовхиныхоо арьсыг олон татуулахаар ингэдэг юм” хэмээн их мэдлэгтний дүрээр цааш эргэж, хатгалгааны хутга мэс авчрав. Бага хүү нь хэдий дөч хүрсэн ч хүүхдийнх шиг айдас дүүрэн нүд гаргаж” эмчээ та яах гэж байна” гэж асуув. Эмч гэх бүдүүн улаан эр зузаан уруултай амаа ангайгаад “чи чинь эхийгээ хараатай нь хайрцаглах гээ юу? Хүн чинь үхээд нүдээ аньдаг биз дээ. Нүд анилаа гэдэг ямар учиртайг мэдэх үү? Үхэхийг хэлж байгаа юм” гээд дарвайтал инээв. Том хүүгийнх нь залж авч ирсан залуухан лам” манай ёсонд...” гээд цааш нь юу ярихаа мэдэхгүй, алга хавсран залбирч, тангад ном амандаа уншив. 
Тэр бүгдийг харж мэдэрч байгаадаа итгэхгүй л байсаар байлаа. Хоёр бараан шувуу зүүнтээгээс нисэн ирээд цонхонд тулж ургасан модон дээр суугаад яасан хошуугаа билүүдэн хурцлах мэт мөчрийг нь хэд хэд шувтрав. Уулын оройд өвөлжихөөр тогтсон цасны өнгийг дарж бараан сүүдэр унажээ. Хаанаасаа ийм сүүдэр ургаад, удалгүй замхран арилдаг болохыг тэр одоо л ойлгож, амьдрах гэдэг нэгэн цагийн гэрэл сүүдэр төдий зүйл болохыг танив. 
Том хүү нь данхар толгойгоо өргөөд”эмчээ одоо тэгээд яах уу” гэж арга барагдангуй хэлэв. Эмч хүн үхэхийг хумсаа авахын дайтай санах сэтгэлээр “хаахын тулд зүснэ дээ” гэж товчхон хэлээд хурц үзүүртэй мэсээр зовхиных нь арьсыг орь дуу алдтал зүслээ. Бурхан тэнгэр минь өвдөх гэдэг гэдэг чинь ийм адгийн аймшигтай зүйл байдаг билүү. “Үхэх гэдэгт ердөө нүдээ аних нь чухал “ гэж тэр сүүлийн удаа, энэ насандаа эцсийн удаа удаа бодож амжив. Удалгүй саруулсаад уулсын оройд суусан цасны өнгө тодоор цайвалзан харагдлаа. 

ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2018 он.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу