Caakmedee

ОХУ сайн түнш мөн үү

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2022/05/31

ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин Монголын талаар нэгэнтээ “Хүнд чигчий хуруу хэрэгтэйн адилаар Монгол Улс бидэнд хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. Чигчий хуруу хүний үйл ажиллагаанд төдий үүрэг гүйцэтгэдэггүй ч агт араа, мухар олгой хоёрыг эс тооцвол хүнд хэрэггүй эрхтэн гэж байдаггүй. Тэгэхээр Монгол Улс ОХУ-д хэрэггүй биш, гэхдээ бас онц чухал биш гэсэн санаа эндээс харагдана. Худалдаа, эдийн засгийн харилцаандаа ч яг энэ үзлээрээ хандаж иржээ. Бид энэ удаа ОХУ-Монголын эдийн засгийн харилцааны талаар нийтлэл бэлтгэлээ. Ингэхдээ хоёр улсын харилцан хамаарал, найрамдалт харилцааг үгүйсгэхийг хүсээгүй бөгөөд зөвхөн олон улсын жишигтэй харьцуулсан төдий гэдгийг тэмдэглэе.
ОХУ 10-аад жилийн өмнөөс өрнөдийн хоригт өртөөд байгаа билээ. Гэхдээ Украинд цэрэг оруулахаас өмнө, Крымыг нэгтгэсний дараа хүртэл өрнөдийн хориг эдийн засгийн бус салбаруудад ихэвчлэн чиглэж байсан бөгөөд гадаад худалдаа нь олон улсын жишиг, хэм хэмжээний дагуу явж байсныг хэлэх хэрэгтэй. Украинд цэрэг оруулсны дараа өрнөдийнхний тавьсан хориг илт чангарсан ч тэрхүү хоригуудыг нь сонсоод зарим хүн “ОХУ биднийгээ байнга хоригт байлгаж байсан юм биш үү” гэж дуу алдсан нь үнэний ортой. Шатахууны үнийг гэхэд саяхан болтол ОХУ-ын компаниуд тогтоодог байсан. Манайхан Засгийн газар хоорондын комиссын хурлаараа үнээ буулгаад өгөөч, биржийн үнээр явдаг болгоё гэж санал тавьдаг байсан нь хэдхэн жилийн өмнөөс л ажил хэрэг болсон.
ОХУ эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг оруулаад манай нийт импортын 40 хувийг дангаараа эзэлдэг ч харилцаа нь олон улсын хэм хэмжээний дагуу, нийтийн жишгээр явж байсан уу гэвэл үгүй. Ер нь ЗХУ задарсны дараа хоёр улсын харилцаа илт хөндийрсөн бөгөөд нэг, нэгэн рүүгээ шууд мөнгөн гуйвуулга хийх боломжгүй болох хүртлээ хөндийрсөн юм. 2000-аад оны гартал ОХУ-ын банк руу мөнгө шилжүүлэхийн тулд гуравдагч орны банк руу эхлээд хийдэг, ийм л байв. Харин 2009, 2010-аад оноос харилцаа эрс сэргэж, олон нааштай алхмууд хийгдэж байгааг энд хэлэх ёстой. Тодорхой нэр төрлөөр нь дурдъя.
Гаалийн татвар. ОХУ Монголын бараа бүтээгдэхүүнд маш өндөр гаалийн болон бусад төрлийн татвар ногдуулдаг. Ингэснээрээ манай экспортын боломжийг шууд утгаараа хаадаг гэж хэлж болно. Засгийн газар хоорондын комиссыг хуралдаанд Монголын талыг ахалдаг байсан Д.Тэрбишдагва ОХУ-ын Засгийн газартай шууд харьцдаг байсан хэрнээ “ОХУ-д хийх экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэсэн асуултад “ОХУ-тай хамтарсан Казахстан, Беларус зэрэг улсад гаалийн зөвлөл гэж байгууллага байдаг. Тус байгууллагатай хамтарч ажлын хэсэг байгуулж ажиллахаар төлөвлөж байна” гэж хариулж байв.
Эрчим хүч. Оргил ачааллын үедээ манай улс энд мөрдөгдөж байгаа тарифаас гурав дахин өндөр үнээр худалдаж авдаг. Ачаалал багатай үедээ илүүдэл цахилгаанаа үнэгүй ОХУ руу илгээдэг гэдэг.
Дамжин өнгөрөх тээврийн тариф. ОХУ-ын нутгаар дамжуулан дэлхийн аль нэг улсаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд хүндрэлүүд тулгардгийн нэг нь дамжин өнгөрөх тээврийн тариф юм. Тарифаа Монгол руу ойртох тусам өндөр байхаар тохируулсан байдаг. 
Аялал жуулчлал. Оросын тур-операторуудын холбоо хэмээх байгууллага оросуудын аялж жуулчилдаг улс орнуудын үнийн судалгааг хэд хоногийн өмнө гаргажээ. Судалгаанд, Оросын аялал жуулчлалын компаниуд Шри Ланка, АНЭ-ын аяллыг үйлчлүүлэгчдэдээ хамгийн хямд буюу долоо хоногийн 50-55 мянган рублиэр (1350 000 төгрөг) санал болгодог гэжээ. Тайландын Паттайя 64 000 рубль, (1 728 000 төгрөг) Пхукет арал (1 944 000), Самуи 93 000 рублиэс (2 511 000) эхэлж буй бол Бахрейн, хаа холын Занзибар руу аялах долоо хоногийн эрх 100 000 рубль буюу 2.7-2.8 сая төгрөгт багтаж байх юм. Судалгаанд Малайз (107 000 рубль), Непал (108 000 рубль), Энэтхэг (110 000 рубль), Иран (116 000 рубль)-ы аяллын “Харьцангуй үнэтэй” хэмээн тодотгосон байх бөгөөд Индонези (120 000 рубль) ӨАБНУ (153 000 рубль), Монгол (202 000 рубль), Оман (221 000 рубль) хамгийн үнэтэйд тооцогджээ. Монгол руу долоо хоног аялах гэсэн орос иргэдэд тур компаниуд нь хамгийн багадаа 5 445 000 төгрөг нэхдэг аж. Манай улс аялал жуулчлалын салбараа эдийн засгийн нэг тулгуур багана болгож хөгжүүлэхийг хичээж, улс орнуудад аль болох таатай нөхцөл олгохыг хичээж ирсэн. ОХУ бол манай хойд хөрш, аялал жуулчлалын салбарт хамгийн том түнш байж болно. Оросууд Турк рүү аялж, орлогынх нь чамгүй хэсгийг бүрдүүлдэг. Харин Монгол руу явах жинхэнэ жуулчдад үнийн хориг тавьчихдаг байдал эндээс харагдаж байна. 
Махны экспорт. Дэлхийн II дайны үед монголчууд ОХУ-д АНУ-аас худалдаж авч байсантай нь тэнцэхүйц их мах нийлүүлж байсан түүх бий. Тэгвэл энэ салбарын боломж өнөөдрийг хүртэл маш бага ашиглагдаж байна. Хойд хөрш манайхаас малын мах экспортлохдоо “Тухайн бүс нутагт сүүлийн таван жилд халдварт өвчин гараагүй байх” гэсэн болзол тавьдаг бөгөөд шалгуур хугацаа дуусахын өмнөх жил малын гоц халдварт өвчин гарсан тохиолдол давтагдсаар өнөөдрийг хүрсэн.
БНХАУ-ын нөлөө
Түүхийн урт хугацааны явцад монголчууд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байсан нь ч бий, ээдрээтэй байсан ч үе байгаа. Хоёр хөрш нийлж байгаад автономит эрхтэй хоцроож байсан түүхээс үүдэд хоёр хөрш хэт сүжрэх нь Монголд ашиггүй гэж үздэг хүмүүс олон бий.
Бид гуравдагч хөршийн бодлого гэж гүйхээс илүү хоёр хөрштэйгөө тэнцвэр барьж байж аюулгүй байдлаа сахина гэдэг бол хэнд ч тодорхой зүйл. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эхлээд хоёр хөршийн талаар (3.1.1.4), дараа нь гуравдагч улсуудын талаар (3.1.1.5) оруулсан байдаг. Харин хоёр хөрш маань манай аль нэг салбарыг 100 хувь атгасан тохиолдолд л тайван, эвтэй байдаг бөгөөд энэ байдал алдагдвал манай тусгаар тогтнол ч ганхдаг. Тодруулбал, ОХУ эрчим хүч, шатах тослох материалын тал дээр манайхыг бүрэн хянаж байгаа бол БНХАУ гадаад худалдаагаар бүрэн хяналтдаа байлгаж байна. БНХАУ эрчим хүч рүү орж, ОХУ гадаад худалдаа өргөжүүлээд эхэлбэл манайд байдал эвгүйтдэг гэсэн үг. Одоогоор хоёр улс энэ хэм хэмжээгээ яг барьж байгаа бөгөөд ОХУ манайтай худалдаа хийдэггүйн цаад шалтгаан энэ байж болно. Ер нь ОХУ, БНХАУ-ын хоорондын хэлхээ холбоо нарийн болсон байх бөгөөд “Чайна трэвэл” компанийн ОХУ дахь салбар Монгол руу харьцангуй хямд буюу гурван өдрийн эрхийг 56 121 рублиэр санал болгож байх юм. Гэтэл Оросын компаниудын үнэ түүнээс өндөр байх жишээтэй. Эндээс ОХУ, БНХАУ-ын харилцаа үлэмж зузаарчээ гэдэг нь харагдана.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу