Caakmedee

Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

  • Мэдээ мэдээлэл
  • 2023/03/14

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.
Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгалаа. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу