Caakmedee

“Ядарсан” банкнууд харилцагчийнхаа халааснаас 200 төгрөг сааж, “амь зогоож” байна

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2018/12/04

-Хөөрхий ядуу юм аа. Харилцагчид нь ч бас ядуу юм. Тэгээд ядуу банкнууд аргаа барахдаа ядуу харилцагчдынхаа данснаас хумсалж, гол зогоохоор шийджээ.-
Олон Улсын Валютын сан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газарт нэг үүрэг өгсөн. Энэ нь арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийх байв. Ийм үнэлгээ хийснээр манай банкнууд ямар хөрөнгө дээр үйл ажиллагаа нь явагддаг, хэр зэрэг хөрөнгөтэй вэ, голлох хөрөнгөө юунаас бүрдүүлж байна вэ зэрэг тодорхой мэдээллүүд ил болох юм. Буурал Европын он удаан жил болж буй аргачлалаар хориодхон настай залуухан банкны системийг шалгалаа гээд их л шүүмжлэл тухайн үед бичигдэж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл энэ шалгалт манай арилжааны банкнуудад таалагдаагүй юм. Тэд хөрөнгийн мэдээллээ ил болгохыг хүсээгүй болохоор тэр биз. Гэхдээ яах вэ, шалгалтаар эерэг гэсэн үнэлгээ авсан. Энэ арай ч дампуурчихааргүй юм байна гэсэн үнэлгээ юм гэдгийг өнөөх 800 гаруй жил барууны банкуудыг шалгасан системээр тайлбарлаж байгаа юм л даа.
Тэгвэл арилжааны банкнуудад тулгарсан асуудлыг шийдвэрлэж, үнэлгээ сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр тэдний төлөөлөл болсон улс төрчид, УИХ-ын гишүүд, эдийн засагчид толгойгоо гашилгаж, гашилгаж нэг шийдэлд хүрсэн юм. Энэ нь төв банкнаас Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барьсан “Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл” байв. Нууцын зэрэглэлтэй болохоор дотор нь яг юу гээд бичсэнийг иргэд бид олж унших боломжгүй л дээ.
Гэхдээ олон нийтэд тарсан зарим мэдээллээс харахад татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс арилжааны банкнуудын хөрөнгө хэмжээг нэмэгдүүлэхэд зориулж, 511 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах тухай дурджээ. Эндээс дээр бичсэн зүйлийг дахиад л бичмээр санагдав. Юу вэ гэхээр манай банкнууд хөөрхий, ядуу юм дөө, ядуу юм. Тэгээд хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэхгүй бол ОУВС-ийн шалгалтад бүдэрч, дампуурлаа зарлачхаж мэдэхээр байна шүү дээ.
Ингээд эхний ээлжинд ямартай ч төсвийн мөнгөнөөс арилжааны банкнууд хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх гаргалгааг оллоо. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд арилжааны банкнуудаа хамгаалахын тулд төсвийн мөнгөөр угжих ёстой гэж зарим эдийн засагчид ярилцлага өгчээ. Харин иргэдийн зүгээс банкнуудаа хангалттай л угждаг гэж бодож байна.
Зүгээр тухайн банканд данс эзэмшсэнийхээ төлөө сар бүр шимтгэл төлөх нь юу ч биш. Хаан банк, Голомт банк харилцагчдынхаа данснаас сар бүр 200 төгрөг суутгадаг болоод удаж байна. Нөгөө хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн аргаа барсан үйл ажиллагаануудынх нь нэг л дээ. Банк хооронд саяас дээш төгрөг шилжүүлэхээд бөөн юм болдог байсан одоо гялс шилждэг боллоо гээд л рекламдаад байна. Сайндаа ч биш л дээ. Шилжүүлгээс ахиухан хэдэн төгрөг саачих гээд л бас аргаа барж байгаа нь тэр.
Ядуу юм аа чааваас. Өөр улс оронд үйл ажиллагаа явуулдаг банкуудад хэлэхэд ч ичмээр шимтгэлүүдийг харилцагчаасаа авч, хөрөнгө зузаатгал хийдэг гээд боддоо. Зээл авсан харилцагчаас хүү авах мөртлөө зээл гармагц нэг хувийг нь шимтгэл гээд л татаад авчихдаг “өрөвдөлтэй” аргачлал манайд л үйлчилдэг.
Үүнийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “хэрэглэгчийг хохироож байна” гэж үзээд шүүхэд өгтөл шүүх нь ч бас “ядуу” болохоор халаасандаа захирагдаж, банкуудын талд шийдвэр гаргах нь юу ч биш. Ямар сайндаа л банкны захирал Шүүхийн ерөнхий зөвлөл рүү “шүүх дээр байгаа банктай холбоотой хэргүүдийг бидэнд ашигтайгаар шийдэж өгнө үү” гэсэн агуулгатай албан бичиг илгээж байх вэ дээ.
За тэгээд яриад, бичээд л байвал эцсийн гэм буруутан нь ядуу улс орны ядуу иргэд л болж хувирах гээд байна. Хөөрхий ч юм даа. Харилцагчийнхаа халааснаас сар бүр 200 төгрөг хумслахаа байх ёстой үйлдэл мэтээр тайлбарладаг ядарсан банктай улсад амьдрах…
http://undesten.mn/76733.html
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу