Caakmedee

Хөгжлийн бэрхшээлтэй НИЙГЭМ

  • Нийгэм
  • 2019/07/26
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхын чухлыг ухуулан, үүнийг нийгэмд ойлгуулахад жирийн иргэнээс эхлээд төр, засгийн түвшинд анхаарах учиртайг энэ сарын 2, 3-нд Улаанбаатарт чуулсан олон улсын төлөөлөгчид таниулан сурталчилсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс хэмээх том арга хэмжээг Монгол Улс анх удаа, тэгээд бүр Ерөнхий сайдынхаа ивээл доор зохион байгуулсан нь “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй. Тэднийгээ анхаарч, хөгжүүлдэг” гэсэн мессежийг олон улсад түгээсэн том сурталчилгаа байлаа. Гэтэл үнэндээ бидний яриа, үйлдэл хоёр ямар их зөрүүтэй байдгийг илчилсэн харамсмаар нэгэн үйл явдал тэр хуралтай давхцан болж, бие, эрхтний хөгжлөөрөө бусдаас ялгаатай иргэддээ манай хууль хүчний, төрийн байгууллагынхан ямар “энэрэнгүй” ханддагаа үнэнээр нь дэлгэчихэв. Гэхдээ гадаадын төлөөлөгчид “хөшигний цаана” манай нийгэмд чухам юу болсныг, юу болдгийг гадарлаа ч үгүй буцсан биз.
Уй гашуутай байгаа хүний болон гэр бүлийнх нь талаар энд дурдаж байгаадаа юуны өмнө иргэн Б.Болороос хүлцэл өчье. Тэрбээр өөрт тохиолдсон явдлыг нийгмийн сүлжээгээр мэдээлээгүй бол энэ нийгэмд болсон нэгэн муу үйлдлийг хүмүүс мэдэхгүй өнгөрч, хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг дээрэлхэж болдог гэсэн бүдүүлэг, муйхар авир цагдаагийн ажилтны, бас мөнгөтэй заримынх нь сэтгэлд бугших байсан биз. Мөн үеийнхэндээ үлгэр болсон нэгэн сайхан гэр бүл хагацал үзсэнд харуусал илэрхийлэхийн оронд харин ч даапаалж “Хүн нас барж л байдаг, юун сүртэй юм бэ. Харин надад тийм явдал тохиолдохгүй” хэмээн тохуурхсан сэтгэлзүйч хэмээх “сэтэртэй” сэтгэлгүй нэг эмэгтэй ч бусдыг хүссэнээрээ доромжилж болдог хэмээн эндүүрсээр явах байсан биз. Ерөөс энэ яв дал монгол хүний чанар ямар байгааг дахин мэдрүүлэв. Бас монгол хүний амь юу ч биш болсныг дахиад л харуулав. Бид амьд байхдаа ч, нүд анисан хойноо ч хэр үнэгүйдсэнээ Б.Болороод тохиолдсон эмгэнэлт явдлаар илүү ойлголоо.
Монголд өдөр бүр шахам л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчиж, тэднийг үл ойшоож, доромжилж, гадуурхдаг. Гэсэн ч ний гэмд энэ талаар ярьж, чанга дуугараад байдаггүй. Тиймээс хэн ч анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Тийм л байх ёстой мэтээр явсаар. Нөхрийнхөө төлөө санаа зовсон Б.Боло роо бүсгүй яг л ийм зүйлтэй тулжээ. Уг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.1-т “Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно”, 6.2-т “Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ” гэж заасан байх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 700 иргэн байна. Тэдгээр хүн бүрт бид анхаарал, халамж тавьж, хүрч ажиллах ёстой. Энэ хүрээнд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэн, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд тэдэнд 15 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын болон халамжийн сангаас үзүүлж байна. Эдгээрт жилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.7 хувийг эзэлж байна. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднээс тодорхой шийдэл, шуурхай ажиллахыг хүсэн хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжийг судалж, суралцахын зэрэгцээ өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээгээ бусдад танилцуулах боломж олгож байгаа нь конгрессын ач холбогдол” гэж Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг нээхдээ хэлсэн.
Гэтэл үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд төр, засгаас, эсвэл хэн нэгнээс зүгээр л халамж, хайр хүртээд “нялцгайраад” суухыг хүсдэггүй юм билээ. Тэд “Биднийг ялгаатай гэж өрөвдөх бус, хэн нэгнээс дутахгүй ажиллах орчин нөхцөл бүрдүүлж өгөөч, бусдаас ялгаварлан гадуурхахгүй байхыг л хүсдэг” гэдэг. НҮБ 2008 онд баталж, манай улс 2009 онд нэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын үзэл баримтлал ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг халамжлахаасаа илүүтэй нийгэмд ямар нэгэн саад, бэрхшээлгүй амьдрахад нь таатай, хүртээмжтэй орчин бий болгоход чиглэдэг. Гэтэл төрийн мөрдэстэй цагдаа нь бие, эрхтний бэрхшээлтэй иргэдээ “хөөрхөн” шоглож, дорд үзэж сууна. Иргэн Б.Болороо үүнд л гомдолтой байгаа.
Тэрбээр цахим хуудсандаа “Би гомдоллох дургүй ч энэ удаа бичихээс өөр аргагүй байна. Цагдаагийн алба хаагчид хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг хүн гэж хардаггүй юм байна. Найм хоногийн өмнө мэдүүлэг өгөөд хүн эрэн сурвалжлуулах гэсэн ч одоо болтол эрж хайгаагүй. Өнгөрсөн баасан гарагт асуухад нэг дэх өдөр бүх газруудаар зар тараагаад, эрж хайх ажил эхлүүлнэ гэсэн. Сая очоод асуухад тун залхсан шинжтэй “Амжаагүй байна, мэдэж байгаа” гэлээ. Өөрийн биеэр очоод уулзахаар намайг тэнэг юм шиг санаж, хамт явж байгаа хүнтэй минь харилцаж байна. Энэ бол цэвэр ялгаварлан гадуурхалт. Хүний амь настай холбоотой асуудалд ингэж хайнга хандсанд нь дургүй хүрч байна. Гомдол саналаа хаана хэлдэг юм бэ” гэсэн байсан.
Хүнийг ингэж аргыг нь баруулж, олон нийтэд “ховлоход” хүргэдэг, аль эсвэл танил талаараа яриулахгүй бол хөдөлдөггүй цагдаа, цагдаагийн байгууллага байж болох уу. Эцэст нь ЦЕГ-ын дарга нь үүрэг чиглэл өгч байж хөдөлдөг “бөгс” хүндтэй цагдаагийн алба хаагчийг юу гэх вэ. Тэр нэгэн залуу үүргээ гүйцэтгэж байгаад ажлынхаа байранд нас баржээ. Хэрэв тэр өдөр Б.Болороо биш, хэл амтай, мөнгө бэлтэй хэн нэгэн очсон бол эрж хайх ажлыг шуурхай явуулах байсан нь лавтай. Магадгүй тэр үед залуугийн амь тасраагүй хэвтэж байсан ч юм бил үү.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үгийг үл тоож, ажилдаа хойрго хандсан Чингэлтэй дүүргийн цагдаагийнхны талаар мэдээлэх хараахан болоогүй, шалгалт хийж байгаа л гэнэ. Үнэхээр цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа, дутагдал гаргасан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох юм гэсэн. Магадгүй цалингийн тодорхой хувиар торгох, эсвэл албан тушаал бууруулах болов уу, үгүй бол хатуу сануулаад өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол толгойг нь илээд өнгөрөхтэй утга нэг биз ээ. Цагдаа бусдыг ялгаварлан үздэг бол ёс зүйн доройтлынх нь илрэл. Тийм хүнийг ард иргэд, нийгмийн манаач болсон цагдаагийн албанд байлгах нь зөв үү.
Нөгөөтээгүүр, ажилчин нь үүргээ гүйцэтгэж яваад цахилгаан шатны хонгил руу унаж нас барсан байхад юу ч болоогүй мэт ширэн нүүрлэж буй “Хишиг арвин индустриал” компанийн удирдлага эд хөрөнгөө нэхдэг шигээ хариуцлагаа ухамсарлаасай.
Япончууд хөгжлийн бэрхшээл гэдгийг хувь хүний бус, нийгмийн асуудал гэсэн өнцгөөс харж, бодлого боловсруулдаг юм гэсэн. Хувь хүний хөгжлийн бэрхшээл гэж байхгүй, нийгэм хөгжлийн бэрхшээлтэй байна уу, үгүй юү гэдэгт л анхаардаг аж. Олон улсад хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар гэсэн ойлголт ч бий. Тухайн хүний бие махбодын ялгаатай байдлыг хөгжлийн бэрхшээл гэж муйхарладаггүй гэсэн үг. Харин манайд бол биеийн бэрхшээлийг нь товойлгоод, бусдын тусламж, хараа хяналтгүй бол юу ч хийж чадахгүй дорой амьтан, “мануухай” мэтээр ойлгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ басамжилж, дорд үзэж, ялгаварлан гадуурхдаг. Үүний ганц жишээ нь, нөхрийнхөө сургийг гаргах гэсэн, айж түгшсэн Б.Болороо байлаа.

Ж. Эрдэнэцэцэг
Эх сурвалж: Өнөөдөр сонин

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу