Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд одоогийн ОБЕГ-ын дарга Т.Бадралыг томилохоор тогтсон. Энэ саналыг Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшөөрсөн тохиолдолд УИХ-аар хэлэлцэнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн арга хэмжээ авсан энэ үед Онцгой байдлын газар, алба хаагчид эрүүл мэндийн салбарынхантай гар нийлэн сайн ажиллаж байгааг хүн бүр мэднэ. Магадгүй зарим хүн “тэр үнэхээр сайн ажиллаж байгаа” гэсэн ойлголттой учраас ОБЕГ-ын Т.Бадралыг өмнөд хөршид суух Элчин сайд болгох нь гэдэгт ч дургүйцэх биз.
Гэхдээ Т.Бадрал Элчин сайдаар томилогдох хэмжээнд хүрсэн хүн мөн үү. Түүнтэй холбоотой авлигын хэрэг хэрхэн шийдсэн болоод өнөөдөр томилгооны асуудал яригдсан бэ гэдэг нь эрхгүй анхаарал татна. Учир нь ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нар холбогдсон хэрэг хаана очоод “гацчихав”.
Уг нь 2019 оны 12 дугаар сард дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийсэн. Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2019 оны 12 дугаар сарын 5-нд дээрх шүүхэд шилжүүлсэн байдаг.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруй шалгасан уг хэргийг тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хянаад хэргийн бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Энэ нь шүүх, прокурорын хооронд шидэлцэж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах арга байсан байх магадлалтай.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй уг хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод байсан. Уг нь прокурорт хэргийг шилжүүлсний дараа хошууч генерал Т.Бадралын өмгөөлөх багийнхан НПГ-ын хяналтын, орлогч, ерөнхий прокурорт, эцэстээ УЕПГ-т хүртэл гомдол гаргаж багагүй хугацааг авсан. Мөн яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учраас ажлаар орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийн хамтаар шүүхэд шилжүүлэх боломж хараахан бүрдэхгүй байсан билээ.
АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг. Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авчээ. Мөн ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэргээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэл нь нотлогдсон хэмээн мэдээлж байсан билээ.
Гэтэл өнөөдөр энэ хэргийн гол холбогдогч нь Элчин сайдаар томилогдохоор эхний “даваагаа” давчихлаа. Арай хэргээс мултлахын тулд түүнийг ийн “зугтаалгах” гэж байгаа юм биз дээ. Магадгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал нар тун дотны найз гэдэг нь энэ хэрэг хойшлох, Элчин сайдаар томлогдох зэрэг асуудалд түлхэц болж буй ч юм билүү. Тунгаах л хэрэг...
Мэдээж Т.Бадрал генералын хувьд мэргэжилдээ сайн, боловсрол ч өндөр чадварлаг хүн. Тэр Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа үндсэндээ төрийн албанд 32 жил зүтгэж буй хүн.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn