Caakmedee

Ээжийнхээ тэтгэврийг зээлж мансууруулах бодис оруулж ирж байжээ

  • Нийгэм
  • 2020/05/08
Өмнөд хөршөөс мансууруулах бодис худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар түүнийгээ 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутгагдсан Б.Билгүүн, Б.Мандахбаяр, М.Нямдорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Эрхзүйч, нягтлан бодогч, орчуулагч мэргэжилтэй 29-32 настай гурван залуу Бээжин явж барилгын материал оруулж ирэхээр өмнөд хөршийг зорьжээ. Гэтэл тэдний нэг М.Нямдорж нь Хятадад очсон хойноо “Барилгын материал авахаа болилоо. “Мөс” авмаар байна, олж өгч чадах уу” хэмээжээ. Улмаар тэд африк гаралтай нэг эртэй уулзан 33.8 гр мансууруулах бодис олж авсан гэнэ. Хэрэгт холбогдогчдын нэг нь “Урдаас мансууруулах бодис оруулж ирж зараад мөнгө олъё” гэж ярьдаг байсан бөгөөд ийнхүү хууль бусаар “бараагаа” оруулж ирэхдээ Эрээнээс тус тусдаа унаанд сууж Замын-Үүдэд ирсэн аж. Гэвч хууль сахиулах байгууллагынхны хараа хяналт сайжирсан учраас тэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан гэнэ. Цагдаагийнханд баригдсаныхаа дараа тэдний нэг нь мэдүүлэгтээ “ээжийнхээ тэтгэврийг зээлээд авчихлаа, “мөс”-нд яваад ирэх үү” гээд 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд галт тэргээр БНХАУ-ыг зорьсон” хэмээн ярьжээ.
Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд БНХАУ-ын нутгаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мансууруулах бодис худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь хоёр жил хорих ял оноосон байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нийгмийн хор аюул ихтэй, эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үздэг ч хуульд заасан хариуцлага нь тийм ч өндөр бус байдаг билээ. 

Г.Орчлон 
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу