Caakmedee

Бөхөө үзэгчгүй барилдуулан, дээд гурван насны морьдоо уралдуулж наадъя

  • Нийгэм
  • 2020/05/20
Наадам сар гаруйн дараа болно. Төр, түмний их баяр улсын наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Засгийн газар, УОК, ЭМЯ, нийслэлийн ЗДТГ болон Баяр наадам зохион байгуулах комиссынхон ярилцаж байгаа нь лавтай. Одоохондоо яг ингэж явуулъя, эсвэл өнжье гэсэн ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Манай сонины зүгээс шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээний цомхон, “цэвэрхэн” баяр байлгая, албан байгууллага бүр тэмдэглэж, чирэгдэл үүсгэж байдгаа больё гэхэд олон нийт ихэд дэмжсэн. Дараа нь шинэ коронавирусийн аюул тулгамдсантай холбоотойгоор гэр гэртээ шинэлье гэсэн санал, хувилбар дэвшүүлэхэд уншигчид уухайлах мэт хүлээн авч, сошиалд давлагаалуулж байлаа.
Өнөөдөр, хөнөөлт вирус ороод ирчихсэн, халдвартай хүний тоо 140-д хүрч, гадаадаас монголчуудаа татаж авсаар байх болно гэсэн ийм нөхцөл байдалд заавал наадна, бөхөө барилдуулна, морио ч уралдуулна гэж зүтгэх хүн олон байхгүй ч, дор бүрнээ сайхан наадахсан гэж санаашрах нь цөөнгүй болов уу. “Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ” гэж хэн нэгэн зүгээр ч нэг хэлээгүй байх. Дараа жилийн наадамд явахын тулд өнөөдрөөс биеэ бодож, эрүүл саруул байх аваас зорьсондоо хүрч, эрийн гурван наадам үзэж баярлан цэнгэхийн зэрэгцээ ирэх жилийн эрч хүч, энергиэ нөөцөлдөг гэдгийг товчоор ингэж хэлдэг болсон болов уу.
Нэг доор олуулаа цуглах нь эрсдэлтэй цаг үе, нөхцөлд баяр наадмаа бусад улс орнууд спортын тэмцээн, тухайлбал хөлбөмбөгийн тоглолтуудыг зохион байгуулах гэж буй аргачлалаас санаа, үлгэр авч, хөнгөн, аюул, эрсдэл багатай байхаар явуулбал ямар вэ. Санаа хэлж, санал дэвшүүлж байна.
Үндэсний бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэндээ үзэгчгүй явуулан, телевизүүдээр цацах. Үүний тулд нөхцөл байдалтай уялдуулан тодорхой журам гаргаж таарна. Барилдсаны дараа хотоос зайдуу газарт сайн дураараа 21 хоногийн хугацаанд өөрөө өөрийгөө тусгаарлах, барилдах бэлтгэлийг урьдынх шигээ гал галаараа байрладаггүй юм гэхэд, хувь хувьдаа хариуцлагатай хийх ухамсартай бөхчүүдийг наадмын барилдаанд оролцуулах. Тэднийг талбайд гаргахын өмнө усанд оруулж, халууныг нь хэмжих, үүнийг бөхчүүд өөрсдөө зөвшөөрөх. Түрүү бөхийн бай шагнал хэвээр байх нь дамжиггүй. Наадамчид барилдааныг зурагтаар үзэхдээ тасалбар худалдаж авч, магадгүй УОК юм уу, Засгийн газрын нөөц хөрөнгийг арвижуулахад нэмэрлэвэл онцсайн байх болно. Техник, технологийн боломжийг судалж, энэ чигт шийдвэл давуу тал.
Хурдан морины уралдааныг мөн цомхон байдлаар зохион байгуулбал ямар вэ. Хүй долоон худагтаа дээд гурван нас буюу азарга, их нас, соёолонгийн уралдааныг үзэгчгүй явуулж, бөхийн барилдааны нэгэн адил зурагтаар цацах. Ингэхийн тулд уяачдын асар, майхныг хооронд нь зайтай буулгаж, морьдыг замд гаргахын өмнө шүдлэхдээ бас л дэглэм, журамтай ажиллаж, гарааны зурхай хүртэл морь унаач хүүхдүүдийг сахилга баттай явуулахад хурдан морины комиссынхон сонор сэрэмжтэй ажиллах зэргийг журамд тусгах хэрэгтэй биз ээ. Хурдан морины уралдаан нэгэнт үзэгчгүй байх учир морь барианы газарт зохицуулах аргагүй хөл хөдөлгөөн үүсэхгүй. Давхиад ирсэн морьдыг угтаж авах, хөлсийг нь хусах зэрэг ажлыг хүлэг морьдын эзэд гардан хариуцахаас бус, гадны хүнд хусуур бариулахгүй байх хэрэгтэй. Онцгой нөхцөл байдалд болох наадам учраас азарга, их нас, соёолонгийн уралдах зайг бага зэрэг ойртуулан, гурван насны морьдын уралдааныг нэг өдөрт багтаан явуулбал дээр санагдана. Айргийн тавд ирсэн морьдын цолыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хэзээ дуудахыг бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийн тооноос хамаарч тогтоох нь дээр байх. Хэрвээ бөх цөөн байх бол барилдаан нэг өдөртөө багтаж өндөрлөнө хэмээн тооцоолоод, тэр үдэш нь морьдоо цоллох. Урьдын адил олон бөх зүлэг ногоон талбайд гарахаар байвал морины цолыг 12-ны үдэш дуудах биз дээ.
Сур харваа бол эмх цэгцтэй зохион байгуулах боломжтой төрөл. Тусгаарлалт, ариун цэвэр сахих, эрүүл мэндийн үзлэг хийлгэх зэрэг нь мэдээж бусдын адил тул журмын дагуу явуулна гэдэг нь ойлгомжтой.
Наадмын чухал бүрэлдэхүүн хэсэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог нээлтийн арга хэмжээ байдаг. Засгийн газраас томилсон найруулагч Монгол Улсынхаа түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын тухай мэдээллийг хоёр цагт багтаан урлагийн хэлээр авьяас, мэргэжлийн ур чадвар заан наадамчин олон, гадаадын жуулчдад “ярьж өгдөг”. Тухайн жилийн онцлогоос хамаарч сэдэв өөр, өөр байдаг.
Энэ жилийн наадмын нээлтийг өвөрмөцөөр явуулж болох юм. Хэд хэдэн найруулагч сонгож, тэдэнд наадмын нээлтийн ажиллагааг телевизүүдтэй хамтарч цахимаар зохион байгуулах даалгавар өгч, тус бүрт нь урамшуулал олговол бодит ажил болох биш үү. Засгийн газраас Цагаан сараар телевизүүдийн дунд монгол нэвтрүүлэг, өөрөөр хэлбэл, контентын уралдаан зарлахад сонирхолтой бүтээлүүд төрсөн шүү дээ. Түүн лүгээ адил энэ удаа найруулагчдад баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг өөр, өөрийнхөөрөө шийдэж, олонд хүргэх ажил хийх боломж олговол ямар бол. Найруулагчид зохиомждоо “дайчлах” DVD, CD, богино хэмжээний дуу, дүрстэй бичлэг уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагынханд хангалттай бий. Ингэж олон найруулагч зэрэг ажиллуулах нь хамтрах телевизийнхэнд ч сонирхолтой байж мэдэх юм. Харин нээлтийн арга хэмжээг телевизүүдээр 10-ны өдөр өөр, өөр цагт нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. Үзэгчдэд бүгдийг нь биш юм гэхэд олонхыг нь үзэж сайхан наадахын зэрэгцээ найруулагчдын ажилд үнэлэлт өгөх боломж олгох нь зүйтэй санагдана. Уламжлал ёсоор наадмын хөтөлбөрт заавал багтаадаг бас нэгэн арга хэмжээ бол 10-ны өдөр болдог Төрийн хүндэтгэлийн концерт юм. Үүнийг чухам хэрхэхээ БСШУСЯ хэдийн шийдсэн биз ээ.
Энэ жил улсын баяр наадмыг иймэрхүү байдлаар зохион байгуулж болох юм болов уу гэсэн санаа оргүй хоосноос төрөөгүй. Хүн төрөлхтөн хүссэн, хүсээгүй хэсэгтээ шинэ коронавирустэй орчлон, орчинд, ариутгал, хамгаалалт, сахилга, дэг журмыг чанд сахин амьдарч, ажиллах болох нь гэдгээ хүлээн зөвшөөрснөөр улс орнуудад хөл хориог аажим, дэс дараатай суллаж буйн зэрэгцээ спортын тэмцээнүүдийг ч сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж эхлэх нь. Тухайлбал, Германд хөлбөмбөгийн тэмцээн хэрхэн явуулах гэж байгаа талаар тайлбарлая. Тамирчид ногоон талбайд бодитоор тоглоно. Тэр үед цахимаар шууд холбогдон, яг л цэнгэлдэх хүрээлэнд буй мэт хашхирч, шүгэлдэж хайртай багаа дэмжих үзэгчид тасалбарын үнэ төлөх бөгөөд тэнд суудал худалдаж авсныг нь илтгэх зорилгоор тухайн дугаар бүхий сандалд өөрийнх нь гэрэл зургийг байршуулах ажлыг зохион байгуулагчид хийж эхэлжээ. Яг л Цонжин болдогт морь унасан баатруудыг бодит хүний төрхөөр урлаж байршуулсан шиг. Энэ зохион байгуулалт харин ч шинэлэг, сонирхолтой санагдаж байгаа талаар цэнгэлдэхэд суудал худалдаж авсан үзэгч хэлж байна билээ. Энэ мэтчилэн улс орнууд цаашид, ялангуяа ирэх намар гэж товлосон дотоодын спортын тэмцээнүүдээ цагт нь явуулахаар боллоо.
Эдгээр мэдээлэлд үндэслэн монголчууд энэ удаа дээр дурдсанчлан наадвал ямар вэ гэсэн санаа дэвшүүлж байгаа юм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийг сахилга, дэг журамтай явуулчихъя гэж байгаа юм чинь баяр наадмаа ч гэсэн алгасахгүй байх нь дараа жилийнхээ эрч хүч, энергийг авч байдаг хүмүүст хэрэгтэй байж мэднэ.
Ер нь өнөөдөр улс орнуудад байдал ямархуу байгаа талаар цухас дурдъя. Ресторан, зоогийн газар, банк, дэлгүүр зэрэгт хэрэглэгчид хоорондоо 1.5-2 метрийн зай баримталж үйлчлүүлэхийг хараахан хуульчлаагүй байна. Гэхдээ иргэд халдвараас сэргийлэх нь зайлшгүйн зэрэгцээ урьдын адил нийгмийн бүхий л харилцаанд оролцож, үйлчилж, үйлчлүүлж, товчхондоо байнга л харилцаж байхыг хүсэж буй бөгөөд зайлшгүй нөхцөл байдлын улмаас бие биеэсээ аль болох хол байх хэрэгтэй гэдгийг бүгд ойлгох болсон. Цаг үе нэгэнт ингэж шаардаж буй тул улс орон бүрт сэтгэхийн хэрээр арга хэмжээ авсаар байна. Америкт зоогийн газруудад үйлчлүүлэгч нараа нэг гэр бүлийнхэн л биш бол хол суухыг шаардаж буй бөгөөд хэн, хэнд нь амар гэсэн үүднээс завсрын ширээнүүд дээр яг л бодит хүн мэт хүүхэлдэйнүүд байршуулах нь элбэг. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өөд өөдөөсөө хараад хоол идээд сууж байгааг дүрслэн бүтээсэн резинэн хүн энд тэндгүй байх болов.
Япон улсад үйлчилгээнд роботуудыг ашиглах нь их байна. Оюутнууд их, дээд сургууль төгсөх шалгалтаа дэлгэцээр ярьж өгөхөд, дипломыг нь түүний өмнөөс робот танхимд гардаж авч байна. Эмнэлэг, банк гээд төрөл бүрийн байгууллагын угтах үйлчилгээг роботуудаар хийлгэж байна. БНХАУ-д сургуулийн сурагчдын хоорондын зайг тодорхой байлгах үүднээс урт, байнга хөндлөн байдалд байхаар оёсон чихэвчтэй малгай өмсүүлж байна. Малгайн чихэвчний үзүүрүүд хоорондоо шүргэлцэх ёсгүй.
Байдал цаашид ямар байх юм бэ. Улс орнуудын, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд өөр, өөрсдийн дүгнэлтийг хэлж, хүн төрөлхтний ойрын ирээдүйн талаар ярилцсаар байгаа юм.
“Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн, “The Economist” болохоор орчин үеийн хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчийн нэг хэмээн үзэж буй, АНУ-ын Колумбийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн төв байгууллагыг удирдан ажилладаг Жефри Сакс юу гэж үзэж байна вэ. Тэрээр “Сүүлийн жилүүдэд Зүүн Азид хэвшил болсон амны хаалт зүүх “соёл” түгээмэл болох нь ойлгомжтой болов. Дэлхийн аль ч улс оронд албан томилолт цөөрөх нь. Харилцаа холбооны салбарт шинэ, шинэ хувьсгалууд гарна. Холбоо гэхэд 5G-ээс доошгүй хүчин чадалтай болох бололтой. Үйлдвэр, аж ахуйн газрынхан роботоор ажлаа явуулахыг эрмэлзэж эхэллээ. Аливаа худалдаа, төлбөр тооцоо, тэр ч бүү хэл Засгийн газрын үйл ажиллагаанд ч хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн илүү хэрэглэдэг болно. Amazon болон цахим худалдаа, зуучлалын бусад компанийн үйл ажиллагааг харж байхад ийм дүгнэлт хийхээр байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нефть, байгалийн хий гэхээс илүүтэй салхи, нарны гэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний энерги ашиглахыг илүүд үзэх болно. Боловсролын тухайд, сургуулиудад уламжлалт болон цахим сургалт хослуулж явуулах болох нь. Ингэх нь сургалтын чанарыг доошлуулах сул талтай ч, сургалтад нэгэн зэрэг олон хүн хамруулахын хэрээр төлбөрийг багасгах давуу талтай” хэмээн үзэж байна.
Гадаадын нэртэй эрдэмтэн дэлхийн, хүн төрөлхтний амьдралд гарах өөрчлөлтийн талаар юу гэж хэлснийг дурддаг нь бидэнд ч гэсэн дэлхийд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан дотоодын амьдралаа зохицуулах, төлөвлөх шаардлага тулгарлаа гэдгийг хэлэх гэснийх.
Сонгууль ч бай, баяр наадам ч бай, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад халдваргүйтгэл, хамгааллын бүх л талын арга хэмжээг төрийн холбогдох байгууллага, орон нутгийн захиргаанаас дээд зэргээр авах нь зүйн хэрэг ч, иргэд эрүүл байх, эсэх нь хувь хүмүүсийн ухамсар, хариуцлагаас илүүтэй хамаарна. Сонгуульд санал өгөхдөө, баярлаж наадахдаа ч анхаарлаа сулруулж, халдварт вируст олзлуулахгүй байх, эсэх нь танаас, биднээс шууд шалтгаална. 

Р.Оюунжаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу