Caakmedee

Малайз дахь монголчууд гэмт хэргийн золиос болсоор байхад, Монголын төр хөсөр хаясан хэвээр

  • Нийгэм
  • 2020/05/22
Малайз улсыг зорих Монгол иргэдийн тоо 10 дахин өссөн
Хөл хорионоос өмнө болсон явдал. Учиргүй чангаар хашхичих эмэгтэй хүний хоолой өөрийн эрхгүй анхаарал татав. Байрны урдах тоглоомын талбайд 5-6 насны хоёр жаал хоорондоо тоглож байгаад муудалцсан бололтой. Цэнхэр өмд, нимгэн футболкатай, хошуугаа унжуулан зогсох тэр жаалыг хүүгээ гартаа хөтөлсөн нэгэн эмэгтэй эг маггүй загнаж байлаа. Өнөөх эмэгтэй хэсэг зуур загнасны эцэст “Хүний хүүхэд дээрэлхээд үзээрэй, чи” гэж хэлээд ширэв татан одов. Ээж, аав нь эзгүй байгаа ч юм уу, эсвэл тэдэнд хэлэхийг хүсээгүй ч юм уу ямар ч байсан өөрөөсөө хүч илүү нэгэнд загнуулж, нусаа татан зогсох тэр жаалыг хачин их өрөвдсөн минь санаанд үлдэж. Өмөөрөх хүнтэй байх ч сайхан шүү. Гэхдээ яг энэ жаал шиг өмгөөлж, хамгаалуулах хэн нэгэнгүйгээр харийн нутагт дуртай нэгэнд дээрэлхүүлэн, ядарч зүдэрч яваа монголчуудаа бодохоос элэг эмтэрч, зүрх зүсэгдэх шиг болно. 
Өгүүлэх нь
Монгол Улс хоёр хөршөөсөө эхлээд, хол ойрын 190 гаруй оронтой дипломат харилцаа тогтоож, 54 оронд манай иргэд визгүй зорчиж байна. Амьдрал дээр элэгсэг, найрсаг, аятай, тухтай айл хөрш, танил нэгэн байхад эвгүй, зэвүүн, халгаатай нь ч байх. Манайтай харилцаатай энэ олон улс орнуудын гаргадаг ааш аяг, хандлага ч үүнтэй агаар нэгэн адил байдаг аж. Миний анзаарснаар манай улсын иргэдэд хамгийн халгаатай, эрсдэлтэй орныг Малайз гэж хэлж болно. Яагаад гэж үү. Учир нь энэ улсад очсон Монголын хэчнээн охид, бүсгүйчүүд цаг бусаар амиа алдаж, хүний санаанд багтамгүй харгис хэрцгий гэмт хэргийн золиос болов доо! Би энд баримт дурдъя. Тухайлбал, одоогоос хоёр сар гаруйн өмнө Малайз улсын Петалинг Жаяа хотын PJ Luxe Boutique гэх зочид буудалд хоёр монгол бүсгүйг Малайз улсын цагдаагийн офицер Хазрул Хизхам Газали гэгч этгээд 22 цагийн турш эрхэндээ байлгаж, есөн удаа хүчирхийлж, доромжилсон аймшигт хэрэг тус улсын хэвлэлүүдийг донсолгож байв. Гэтэл тун удалгүй тус улсын Субан Жаяа хотын цагдаа нар зочид буудалд биеэ үнэлж байсан гадаадын таван эмэгтэйг баривчилсны дотор Монгол Улсын маань иргэд байсан нь тогтоогдсон. Энэ мэт жишээ нэг биш нэжгээдээр яригдана. Азийн бар гэх ганган нэртэй, гай дагуулсан энэ оронд Монгол Улсын иргэд хохирсоор л... Өнөө ч шийдэгдээгүй 14 жилийн өмнө амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг, өөрийгөө дүүжилж хороосон гэх нэрийдлээр хэрэг нь хаагдсан М.Энхтуяагийн хэрэг гээд дурдаад байвал тоо томшгүй олон гэмт хэргийн золиос нь монголчууд болсоор буй. Манай улсын иргэд Малайз руу 1994 оноос хойш визгүй зорчих эрхтэй болсон бөгөөд энэ цагаас хойш тус улсыг зорих иргэдийн тоо тасралтгүй өссөөр байна. Эхний жилүүдэд тус улсын босгыг жилд 100 орчим монгол иргэн давж байсан бол сүүлийн арван жилийн дотор энэ тоо эрчимтэй өсөж 2019 оны байдлаар Малайз руу 1082 иргэн ирж очсон гэх тоо баримт миний өмнө байна. Гэтэл өдий хүртэл тус улсад манайх дипломат албаа нээсэнгүй. Хамгийн харамсалтай нь, үүнтэй холбоотойгоор Малайзын гэмт бүлэглэлүүд хандах газар, хайхрах эзэнгүй монгол иргэдийг гэмт хэргийнхээ золиос болгон далимдуулаад сурчихжээ. Доор өгүүлэх баримтууд энэ бүхнийг нотлох болно. 
Баримт 1: Малайзад Монгол бүсгүй ор сурагггүй болж, консулын үүд сахисан ар гэрийнхэн нь цөхөрч байна
Малайз бол хар тамхины сүлжээний “Алтан гурвалжин” гэж нэрлэгдэх Тайланд, Лаос, Мьянмар улсын огтлолцолд оршдог улс бөгөөд хар тамхины эсрэг маш хатуу хуультай орон. Тус улсад хүн амины хэрэг, аллага, мансууруулах бодисын наймаа, мөнгө угаах, залилан мэхлэх, хар зах дээр худалдаа хийх гэх мэт гэмт хэргүүд байнга гардагийн дээр бэлгийн мөлжлөг, хүний наймаа, хууль бус биеэ үнэлэлт маш их газар авсан. Тэр ч бүү хэл, Малайзыг хүний наймааны золиос бологсдын дамжин өнгөрөх, бэлгийн мөлжлөгт ашиглах гол цэг гэж үздэг. 2019 оны байдлаар зөвхөн Селангор хотод бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48 хувь нь хүчирхийллийн гэмт хэрэг байгаа нь дээрх жишээг төвөггүй батална.Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын иргэн, 26 настай М.Энхтуяа гэх бүсгүй Малайз улсын нэгэн хүнсний захаас дүүжлэгдсэн байдалтай олдож, “Монголын бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй амиа алдлаа” гэх мэдээлэл Малайзыг донсолгож байв. Тэр хөөрхийлөлтэй бүсгүй амиа алдах өдөр хүртлээ аврал эрж, эх орноосоо тусламж хүссэн байсан. Тэрбээр хамгийн сүүлд Монгол дахь ар гэр рүүгээ утасдаад “Ах аа, намайг авраач. Эд нар намайг алах гээд байна... туслаач” гэж хэлсэн байдаг. Энэ бол түүний сүүлийн үгс. Хүний эрхэнд шаналж, хүйтэн сэтгэлтэй харийн “чөтгөрүүд”-ийн дунд тэр монгол бүсгүй хэчнээн их зовж, шаналсан бол. Ээж, ах руугаа холбоо барьж, тусламж гуйж байхдаа эх орон нь өөрийг нь аварна гэдэгт итгэсээр байсан нь гарцаагүй. Гэвч амаараа гартал мөнгө чихүүлсэн манай улстөрчид, алтан аргамжийн дүртэй Гадаад харилцааны яам тэргүүтнүүд хөдөлж цөхсөөр эрүүл саруул хил давсан бүсгүй эх орондоо үнс болоод буцаж ирсэн юм. Малайзын хууль хяналтын байгууллага ч эл хэргийг амиа хорлолт гэж үзсэнээр энэ хэрэг усанд хаясан чулуу шиг замхарсан билээ. Бүсгүйг сар гаруйн хугацаанд сураггүй болсны дараа ар гэр нь Монголын цагдаагийн байгууллагад хандсан ч, манай хуулийн байгууллагынхан хуруугаа ч хөдөлгөөгүй гэдэг. Харамсалтай гэхэд ч багадах. Монголын нэг иргэн харь улсад алга болчихоод байхад Гадаад харилцааны түшмэд, хуулийнхан ийм хүйтэн хөндий хандах гэж. Даанч дээ. Хүйтэн хөлдүү түшмэд ээ, сайд аа!!! За, яах вэ өнгөрсөн хэрэг гээд түүнийг мартъя. Тэгвэл үүнтэй тун адил хэрэг 26 настай бас нэгэн монгол бүсгүйд одоо тохиолдоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б гэх тэр эмэгтэй өнгөрсөн онд Малайз улс руу хэлний бэлтгэлд явсан байна. Гэтэл тэрбээр энэ оны гурван сараас эхлэн ар гэрээсээ холбоо тасарсан бөгөөд гэрийнхэн нь өнөөг хүртэл сургийг нь гаргаж чадахгүй, цөхөрч байгаа аж. Түүний ээж Г “Охин маань найзтайгаа хамт хэлний бэлтгэлд явсан. Эхлээд аялалд явлаа гэж хэлж байсан. Сураггүй алга болсноос нь хойш Гадаад харилцааны яам, цагдаагийн байгууллага гээд бүх л газарт хандлаа. ГХЯ-ныханд үнэхээр урам хугарч байна. Асуудал шийдэгдэхгүй хоёр сар боллоо. Асуух бүрт бид холбогдсон, хариу хүлээж байна гэдэг. Охиныг маань шоронд байна гэж нэг гадаад иргэн холбогдсон. Суллахад мөнгө шаардлагатай гэж хэлсэн ч, нэг удаа ч харуулж, яриулаагүй. Мөн ГХЯ-ны Консулын газраас дөрөв хоногийн өмнө уулзаад “Охиныг чинь амьд мэнд олсон” гэж бидэнд худлаа мэдээлэл өгсөн. Имэйлээр ирсэн мэдээллээ танилцуулахдаа тэд агуулгыг нь бүрэн ойлгоогүй байсан. Биднийг байнга асууж, сураад байгаа болохоор гал намжаах гэж ингэсэн юм болов уу гэж бодож байна. Консулын газрын зөвлөх мэдээлэл танилцуулахдаа ганц гадаад хүний нэр зөв уншиж чадахгүй сууж байна. Өргөмжит консулаар дамжуулж харилцах маш хүнд. Малайз хэл юм уу, англи хэлээр л ярих боломжтой. Энэ мэтчилэн хүндрэлтэй зүйлс маш их байна. Монголын талаас ч Тайланд дахь Элчинтэйгээ мэдээлэл солилцох тал дээр маш удаан. Ажил хийж байгаа хүмүүс нь хүний зовлон ойлгодоггүй, амьдрал мэдэхгүй жаахан хүүхдүүд байх юм. Охинд маань ямар нэг зүйл болох вий гэж санаа зовж байна” хэмээн нулимсаа урсган ярьж сууна.
Гадаад харилцааны яамны ажлыг ганц өвгөн нугалж байна
Манай улс Малайзтай дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл Элчин сайдын яам байгуулж чадсангүй. Иргэд нь энэ оронд олноороо амиа алдаж байхад ч дүлий дүмбэ оргиж ирсэн нь бодохоос дургүй хүрмээр. Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын иргэн М.Энхтуяа амиа алдаж, монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдсоны дараа л Гадаад харилцааны яам Малайз улсад Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг авч хэлэлцэж байв. Гэвч өнөөг хүртэл дипломат төлөөлөгчийн газраа нээх нь битгий хэл, эрх мэдэлтнүүд иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаяж, дипломат албаны шугамаар ганц нүүр захиа ч илгээж үзээгүйг юу гэж тайлбарлавал зохилтой вэ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайдад хандан Ш.Алтантуяагийн хэргийн талаар захидал илгээсэн нь Малайз дахь монголчуудыг өмөөрөх эх оронтой гэдгийг харуулсан явдал болсон. Өдгөө тус улсад Монгол Улсын Өргөмжит консулаар Рейнолдс Августин гэх монгол эхнэртэй, уул уурхайн орд газар эзэмшдэг, малайз эр ажилладаг талаар 14 жилийн өмнө малайзуудын гарт охиноо хэрцгийгээр алдсан С.Шаарийбуу гуай ярьж байв.
Тэрээр “Малайчууд монголчуудыг үхэр мэт үздэг. Өргөмжит консул гэж нэг нөхөр Монголын далбаатай машин унаад, салхи татуулаад л явдаг. Хүлээн авалт хэсэхээс өөр надад тусалж, гийгүүлсэн зүйл байгаагүй. Тэнд байдаг монголчууд замаа алдаж байна. Монголчуудыг зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэгт хутгаж, хэргээ тохно, охид, хүүхнүүд ч биеэ үнэлнэ. Хүний наймаанд ч өртдөг. Надад өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүс хандаж байсан. Бүгд л Малайз руу явсан үр хүүхэд нь сураггүй болж, амиа алдсан, хэрэгт холбогдсон иргэд байлаа. Тэд ГХЯ-руу ханддаг ч ажил нь маш удаан, явж өгдөггүй талаар хэлж байна. Автобусаар дөрөвхөн цаг яваад очиж болох Сингапурт манай улсын Элчин сайдын яам бий. Гэтэл заавал далайн цаана байгаа Тайландад Малайз дахь монгол иргэдийн асуудлыг хариуцдаг нь маш хэцүү. Сингапурт хариуцуулах гэхээр малайчууд “Арал улс хот улсад захирагдахгүй” гээд зөвшөөрдөггүй юм гэсэн. Консулын газартай болох, Малайзтай эрх зүйн гэрээ байгуулах талаар олон жил өргөдөл бичсэн ч нэмэр болоогүй. Малайзад хохирсон иргэдийн ар гэрийнхэн аргаа бараад л надад ханддаг байх. Өчигдөр гэхэд л хоёр хүүхэдтэй тэнд гацаж, буудлын мөнгөөр барьцаалагдсан бүсгүйн ар гэрийнхэн ирж уулзлаа.
Миний ГХЯ-нд өгсөн хүсэлтийн хариу ирэхгүй хоёр сар болж байна. Ажлаа ч мэдэхгүй нэг нөхөр бүтэн сар гацаасан. Арай гэж сайд руугаа өгтөл гарын үсэг зурахгүй байна” хэмээн бачимдан өгүүлсэн юм. Манай улс 30 оронд Элчин сайдын яам, 11 оронд Консулын газар байгуулжээ. Тэдгээр орны дунд монголчуудын төдийлэн амьдардаггүй Вьетнам, Болгар зэрэг орон ч багтах бөгөөд Болгар улс руу 2019 оны байдлаар ердөө 94 иргэн зорчсон байна. Харин Вьетнам руу 2055 иргэн зорчсон бөгөөд тэдний талаас илүү нь аялал жуулчлалын зорилгоор тус орныг зорьдог аж. Түүнчлэн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол Улсын Элчин сайдын яам нээхээр болсон. Гэтэл эдгээр оронд монголчууд барагтай бол зорчдоггүй, оршин суудаггүй нь статистик үзүүлэлтээс илхэн харагдана. Аргаа барж, цөхөрч яваа иргэдийн ажлаа мэддэггүй яамыг шүүмжилсэн үг үнэн гэдгийг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр гэх хөлдүү түшмэл тодорхой болголоо. Түүнээс Элчин сайдын яам нээх журмын талаар тодруулах гэсэн боловч “Сайд л мэднэ. Би энэ асуудлыг мэддэггүй юм.” гээд ойлгоход бэрх тэнэг хариулт хэлж суух юм. Сайд нь бүх асуудлаа мэддэг юм бол, тэр нөхөр энэ яаманд юу хийдэг байж таарах вэ? Хийх ажилгүй хэдэн Элчинг хэрэгцээгүй газар руу илгээж байхаар манай улсын 800 гаруй иргэн байнга ажиллаж, амьдардаг, Малайз улсад Элчин сайдын яамаа нээж, өмгөөлөх хүнгүй хаягдсан, өрөвдөлтэй иргэдээ анхаарч үзмээр байна. Ажлаа мэддэггүй, гадаад хэлний боловсролгүй хэдэн нөхөд ГХЯ-ыг самарч, хүний нутагт зовж, цөхөрч байгаа монголчууддаа тус биш ус болж байгаад ч хариуцлага тооцох цаг ирсэн баймаар.
Малайзад Монголын ЭСЯ байдаггүйгээс манай улсын иргэд гэмт хэргийн золиос болдог
Малайз улсад амьдардаг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэйгээс авсан тодруулгыг хүргэж байна.
-Малайз дахь монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ? 
-Малайз улсад нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зургадугаар сарын 9-нийг хүртэл хөл хорио тогтоосон. 20:00-08:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд цагдаагийн газраас торгох, хорих арга хэмжээ авч байгаа. Би энд суурин амьдардаг учир ямар нэгэн бэрхшээл алга. Харин түр хугацаагаар ирсэн иргэдэд хүнд байгаа. Энд хамгаалах байранд манай улсын 10 гаруй иргэн амьдарч байна. Энэ мэдээллийг ч бас нууцлах ёстой. Ингэж хамаагүй ярьж болох эсэхийг мэдэхгүй юм. Монгол эмэгтэйчүүдийг шорон шиг, хүний эрхийг зөрчсөн нөхцөлд байлгаж байгаа талаар хуулийн байгууллагын төлөөлөл нь мэдэгдсэн. Тайланд дахь манай ЭСЯ-нд Монгол руу буцахаар 100 гаруй иргэн хүсэлтээ өгсөн гэсэн. Өөр олон иргэн байгаа байх. 
-Элчин сайдын яам, Консулын газар байхгүйн улмаас ямар хүндрэл үүсдэг вэ?
-Энд байгаа монголчуудын асуудлыг Тайланд дахь ЭСЯ хариуцдаг. Өргөмжит консул гээд нэг хүн бий. Гэхдээ эрх хэмжээ нь хязгаарлагдмал учраас энд байгаа Монголын иргэдэд хангалттай тусалж чаддаггүй. Нөгөөтэйгүүр, хүний хүн гэдэг хүний хүн л байдаг шүү дээ. Сүүлд хохирсон хоёр монгол эмэгтэйг хамгаалалтад авах, хууль эрх зүйн туслалцаа авах тал дээр тусалсан юм билээ. 
-Монголчууд Малайз руу явах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Малайзад гэмт хэргийн нөхцөл байдал ямар байдаг вэ?
-Энд 400 гаруй монгол охин биеэ үнэлдэг байж болзошгүй. Ер нь Малайз ажил хийж, амьдралаа залгуулаад байх орон биш. Ажил хийж, амьдралаа дээшлүүлнэ гэдэг үлгэрт монгол охид маш их итгэдэг. Битгий хууртаарай. Энэ улсад биеэ үнэлэх хуулиар хориотой боловч хууль бус биеэ үнэлэлт газар авсан. Хөдөөгийн хүн ам нь маш ядуу амьдардаг тарчиг улс. Суралцах, ажиллах боломж цөөн хүрээний хүмүүст л олддог. Түүнээс биш хар ажил хийх боломж байхгүй. Ядаж энд Элчин сайдын яам, Консулын газар ч байхгүй учраас хандах газаргүй, гэнэн итгэмтгийг нь далимдуулж хар тамхины хэрэгт гүтгэх, барьцаалж биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд маш их гардаг. 

Т.Намуунболор 
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу