Caakmedee

Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

  • Нийгэм
  • 2020/05/26
Болж өгвөл улс төржилтөөс хол байлгах ёстой салбар бол Эрүүл мэндийн салбар. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн сайн сайхан, бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнийг үл умартан ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг улс төрийн талцаж, намчирхсан байдлын золиос болгодог жишиг Монголд бий. Тэгвэл ээлжит нэгэн жишээ нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбоотой мэдээлэл болоод байна. ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан З.Балдандугар 2019 оны долоодугаар сараас эхлэн тус төвийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр ажлаа хүлээн авснаас хойш байгууллагын ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг улам сайжруулах чиглэлд анхаарч ажилласан байдаг. Улмаар энэ хүрээндээ гарын таван хуруунд хүрэхгүй хүмүүстэй хариуцлагын асуудал ярьжээ. Гэтэл сошиал орчин болоод зарим мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ дарга 30 гаруй хүнийг ажлаас нь халлаа гээд цуурлаа. Хариуцлагыг сайжруулах гээд зарчимын асуудал ярихаар манайхаас өөр газар бол ингэхгүй дээ. Гэтэл сошиалаар сэвэгдсэн энэ мэт мэдээллийг далимдуулан Баянголын Засаг дарга С.Одонтуяа тус эмнэлэг дээр очиж хуурай агсам тавьж, З.Балдандугар даргын өрөөний хаалга үүдийг савж, түүнийг элдвээр загнажээ. Хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага ярьсныхаа төлөө ингэж ажлын байран дээрээ элдэвлүүлнэ гэдэг яаж ч бодсон таагүй хэрэг л дээ.
Тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Оюунбилэг бодит нөхцөл байдлын талаар хэвлэлд ярихдаа "Сошиалаас гарсан мэдээллийг З.Балдандугар даргаас тодруулахад урьд нь өөрт чинь танилцуулсан таван хүний л асуудал байгаа. Нэмж халсан, тушаал гаргасан зүйл байхгүй” гэж хэлсэн хэмээжээ. Тэгэхээр хариуцлага тооцуулсан таван хүний асуудал нь эмнэлгийн үйлдвэрчний хороогоор орсон асуудал гэдэг нь тодорхой байгаа юм.
Нэг ёсондоо З.Балдандугар дарга сошиалаар сэвээд байгаа мэдээллүүдэд бичээд байгаа шиг 30 гаруй эмч, ажилтныг халаагүй гэдгийг Үйлдвэрчний хороо нь баталгаажуулж байна. Таван хүний асуудал гээд буй нь байгууллагын дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээний дагуу тодорхой зөрчил гаргасан ажилтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан явдал юм байна.
З.Балдандугар  дарга хэлэхдээ "Зарим ажилтны ажлын байр, албан тушаалыг бууруулсан үйлдлийг 30 ажилтан болгон нийгэмд таниулж, өдөр тутам сөрөг ухуулга хийхийг оролдох, үнэнг хэт харлуулах гэсэн оролдлого нь хэвийн ажлаа хийж байгаа бусад ажилчдад цухалдал үүсгэж, тэвчээрийг нь барж байна. Баянгол ЭМТ нь 396 эмч, ажиллагсадтай. 2019 оны 12 дугаар сард байгууллагын давсан орлогыг олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 286 эмч ажилчдад тэнцүү хувирлах, олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь ажилчдын нийгмийн асуудлаа шийдэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болсон гэж боддог. Өмнөх удирдлагын үед энэхүү давсан орлогыг цөөн тооны хэсэг бүлэг хүмүүс хуваан авч байсан байдаг. Гэтэл энэхүү тэгш хуваарилсан мөнгөн урамшууллыг ганц өөртөө олгосон мэтээр гуйвуулж, мэдээллийн хэрэгслээр цацсан явдалд ЭМТ-ийн эмч ажилчид харамсаж байна” гэсэн байгаа юм.
Хариуцлага алдсан хүмүүсийн мэдээллийг  хэвлэлүүдийн мэдээлэлд тулгуурлан  хүргэе.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч Н.Болдбаатар
Н.Болдбаатар нь БГД-ийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажилтан нэгэн аж. Тэрээр 2016 оноос орон даяар хэрэгжсэн  "Элэг бүтэн Монгол” аян үндэсний хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн муу үнэлгээ авч байжээ. Мөн нийслэлийн хэмжээнд  зарлагдсан "Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд дүүрэг тус бүрд хуваарилсан 8.225.000 төгрөгийг тодорхой бус зарцуулсан, тайлан тооцоог цаг тухайд нь өгөөгүй одоо хүртэл гэрээгээ дүгнүүлээгүй байгаа юм байна. Нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагаас эдгээр ажлын тайланг нэхэж, шаардсаар байгаа гэнэ. Энэ нь Баянгол дүүргийн нийгмийн эрүүл мэндийн ажлын үзүүлэлтийг муу дүн авахад нөлөөлж байгаа талаар ярьж байсан. Н.Болдбаатар нь 2013 онд АШУҮИС төгссөнөөс бусад нарийн мэргэжлийн үнэмлэх, эмчлэх эрхийн лиценз зэрэг эмнэлгийн холбогдох бичиг баримт үгүй гэнэ.
Мэс заслын тасгийн Эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Хуягбаатар
Ж.Хуягбаатар олон удаагийн үйлдлээр Мэс заслын тасагт хагалгаанд орсон үйлчлүүлэгчдээс 100 000 төгрөг авч байсан нь баримтаар тогтоогджээ. Тэрээр өмнөх удирдлагын зөвшөөрлөөр үйлчлүүлэгчдээс мөнгө хурааж байсан, хуримтлал үүсгэх, тасаг тохижуулах нэрийн дор хууль бусаар хураасан мөнгөө зарцуулсан, мөн халдвар хамгааллын дэглэм зөрчиж тусламж үйлчилгээний доголдол гаргасан, үүрэг даалгавар биелүүлэгүй зэрэг үндэслэлээр ажлаас халагдсан ч шүүхийн шийдвэрээр мэс заслын эмчийн ажлаа хийж байгаа гэнэ. Ж.Хуягбаатар мөнгө авч байсан, хуримтлал үүсгэж байсан, хураасан мөнгөө баримтгүй зарцуулсан тухайгаа прокурорын дүгнэлт үйлдэхэд "ҮНЭН” хэмээн хүлээн зөвшөөрсөн баримтууд байдаг юм байна.
Ахмадын эмнэлгийн  тусламж үйлчилгээ хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ж.Эрдэнэбат
З.Балдандугар даргыг ажил авах үед Ж.Эрдэнэбатын хариуцан ажиллаж байсан Ахмадын эмнэлэг нь ус алдсан, лифт нь гацсан, агааржуулалтын хоолой ажиллахгүй байгаа зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх наад захын аюулгүй байдал зөрчигдсөн объект байсанд, зөрчлийг арилгах талд үүрэг даалгавар өгчээ. Тэрээр үүрэг даалгавар биелүүлэхгүй, шалтаг тоочин бодит байдалтай эвлэрсэн үйлдэл гаргаж байсанд ажлын байрыг өөрчлөх, Амбулаторийн эмчээр ажиллуулах тушаал гаргасан байна. Мөн Ж.Эрдэнэбат нь эмнэлэгт өдөр тутам хэрэглэгддэг ЭХО аппаратыг хувийн зорилгоор хувьдаа ашигласан, шаардлага биелүүлэхгүй 33 хоног аппарат авч явсан ноцтой үйлдэл гаргасан тул ажлаас нь халжээ. Тэрээр одоо шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орж Ахмадын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргаар ажиллаж байгаа юм байна. Ж.Эрдэнэбат дээрх ноцтой үйлдлээ ухамсарласан байдал үгүй ажлаа хийж байгаа талаар ЭМТ-ийн дарга З.Балдандугар ярьсан байдаг. 
 
Эх сурвалж: Bolod.mn 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу