Caakmedee

Хүний эрхийн зүтгэлтнүүд Г.Уянга, Р.Булгамаа нарыг дэмжихгүй гэв

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2020/06/09


УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Г.Уянга, Р.Булгамаа нарыг хүний эрхийн зүтгэлтнүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлж, үзэл бодлоо хэлж эхэллээ.
Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэ “Би хүн муулж жиргэдэггүй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог байнга дэмждэг. Гэвч Хүний эрхийг устгаж дарангуй нийгмийг уриалдаг Г.Уянга, Р.Булгамаа нарыг дэмжихгүй.Хүүхдийн хүчирхийллийг шийдсэн олон дэвшилт арга байдгийг тэд мэддэггүй. Дарангуй нийгмийн зэвсэг цаазын ялыг сурталчилдаг улс” гэжээ.
Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан “Хэлсэн үг, хийсэн үйлдлээс нь харвал З.Энхболд, Г.Уянга, Р.Булгамаа мэтийн нэр дэвшигчид Үндсэн хуулийн үнэт зүйлд үнэнч биш. Парламентын ардчиллыг үгүйсгэдэг, цаазлаад өг зэргээр хүний эрхийн эсрэг попордог хуучин, шинэ нэр дэвшигчдийг сонгуулиар гаргаж болохгүй. Үндсэн хуулийн үзэл санааг илт үгүйсгэдэг улс төрчид эрх мэдэлд хүрвэл ардчилалд аюултай. Иргэний хувиар эдгээр улс төрчдийн эсрэг үгээ хэлнэ” хэмээн сошиал хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.
Манай улс 2012 онд цаазын ялыг халж, хүний амьд явах эрхийг дээдэлдэг дэлхийн 142 улсын нэг болсон. Гэвч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд цаазын ялыг дахин сэргээх тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан байдаг.  Нийгмийг талцуулсан энэ хуулийн төслийг  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа нар анх санаачлан зүтгүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж, цаазын ялыг байнга сурталчилж байв.
Тэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүнийг  цаазлах, эсхүл хөнгөлөх болон химийн тариа хийх ялын бодлогыг боловсруулах хэрэгтэй гэж ярьж, бичиж, энэ асуудлаар нийгмийг талцуулан, “попордог” гэхэд хилсдэхгүй.
Харин хүний эрхийн төлөө бодитой дуугардаг хуульчдын үзэж буйгаар, Г.Уянга, Р.Булгамаа нарын сэргээхийг хүсдэг ялын тогтолцоо нь онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулахад  нөлөөлдөггүй. Мөн хууль, шүүхийн явцад алдаа гаргаж, хүнийг хэлмэгдүүлэх  магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. АНУ-д гэхэд 1994-2000 оны хооронд 61 хүнийг цаазалсны дараа  нь гэм буруугүй гэдгийг тогтоож байжээ. Энэ мэт олон шалтгааны улмаас цаазын ял болон хүүхдийн хүчирхийлэгчийг хөнгөлөх, химийн тариа тарих зэрэг ялын бодлогыг олон улсын түвшинд хориглож ирсэн. Монгол улс ч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө цаазын ялыг хориглосон гэрээ конвенцид нэгдэн орсон улс билээ.
Г.Саруул
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу